E-Mongolia систем хэрэглээнд нэвтрээд хэдийнэ дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тогтмол шинэчлэлт, сайжруулалтыг хийж ашиглахад улам л хялбар болсоор байна. Иргэд E-Mongolia -г өдөр тутмын хэрэглээндээ тогтмол ашиглаж үйлчилгээ авахаас гадна цаг агаар, замын ачаалал, агаарын чанар, үерийн түвшин гэх мэт мэдээллүүдийг авдаг болсон.
Иргэдийн дунд E-Mongolia системээс хувийн мэдээллээ алдах, миний мэдээллийг зарчихлаа, миний мэдээлэл алдаатай орууллаа гэх мэт буруу ташаа мэдээллүүд маш их байдаг.
Гэвч яг үнэндээ энэхүү систем бидний хувийн мэдээллийг хадгалдаггүй, хариуцдаггүй мэдээлэл хариуцагч байгууллагуудаас татаж авч харуулдаг дамжуулагч систем юм. Өөрөөр хэлбэл мэдээлэл хариуцагч байгууллага буюу төрийн байгууллага, хуулийн этгээдүүдэд хадгалагдах бидний хувийн мэдээллүүдийг танилт нэвтрэлтийн дан системээр иргэнийг таньж баталгаажуулсны дараа, төрийн мэдээлэл солилцооны системийн тусламжтай иргэний хүсэлтийн дагуу мэдээллийг дамжуулж буй хэрэг юм.
Энэхүү мэдээллүүдийг аль нэг төрийн байгууллагыг зорьж очилгүйгээр, өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээг гэрээсээ эсвэл ажил дээрээсээ ямар ч цаг үед мөнгө, цаг хугацааг хэмнэж хүнд сурталгүй авах боломжийг E-Mongolia систем олгож байна.
E-Mongolia төрийн 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломжийг бий болгож 4 жилийн хугацаанд 1,9 сая хэрэглэгчдэд 65 сая удаагийн үйлчилгээг амжилттай үзүүлж, 1,3 их наяд төгрөгийн хэмнэлтийг хийжээ.