Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Цагдаагийн Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр Баянгол дүүрэгт угаартаж амиа алдсан нэг гэр бүлийн таван хүний асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Баянгол дүүргийн XXII хороо, Зүүннарангийн... дугаар хаягт хүмүүс угаартсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудахад огт сэрэхгүй байна гэж анх дуудлага өгсөн хүн мэдэгдсэн. Улмаар, дүрс бичлэгийг аргаар хөндлөнгийн гэрчийг оролцуулан хэргийн газрын үзлэгийг явуулсан. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр амь хохирогчдын төрсөн хүү, ах нь мэдээлэл өглөө. Угаартсан байж болзошгүй орчин нөхцлийн агаарын шинжилгээ, хүнснээс дээж авах тодорхой ажиллагаанууд явуулсан.
Амь хохирогчийн дүү болох О-г мөрдөн шалгах ажиллагааны хариуцагчаар тогтоож, шалгах ажиллагаа явагдаж байна. Өнөөдөр мэдээлэл хийсэн хүүгээс цагдаагийн байгууллага дуудаж мэдүүлэг авсан тохиолдол байхгүй. Мэргэжлийн шинжээчдийн албан ёсны дүгнэлтээр нас барсан шалтгаан тогтоогдоно. Урьдчилсан байдлаар угаартсан байж болзошгүй гэдэг дүгнэлт гарсан. Аливаа гэмт хэрэг зөрчил тодорхой хэмжээний нууцлалтай байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг өөрөө хэргийг шийдвэрлэхэд маш чухал. Гэмт хэрэг үйлдсэн этгээд хэрвээ байвал нотлох баримтаа устгах зэрэг асуудал байдаг учраас хариуцагч, хохирогчоор тогтоогдсон иргэн О-д мөрдөн байцаалтын нууцыг задлахгүй байхыг сануулсан. Хэвлэлд мэдээлэл өгч болохгүй гэх мэт асуудал огт байгаагүй. Хууль дүрмийг сануулсан төдий зүйл. Өнөөдөр мэдээлэл өгсөн нь ч хууль зөрчөөгүй. Хэргийн оролцогч, хууль ёсны төлөөлөгч байсан тохиолдолд мөрдөн байцаалтын нууц задруулж болохгүй гэдгийг сануулдаг" хэмээлээ.