ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Капитал, Чингис хаан банкнаас 207 тэрбумыг гаргуулж, НД-ын санд төвлөрүүлнэ

O.Admin
3 цагийн өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурлаа өнөөдөр /2025.02.06/ хийлээ. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сайдаар томилогдоод нийгмийн даатгалын санг алдагдалд оруулсан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргасан аж. 

Улмаар, Капитал банк ХХК-аас 104.2 тэрбум, Чингис хаан банк ХХК-аас 103.57 тэрбум төгрөг нийт 207.77 тэрбум төгрөгийн өр төлбөрийг гаргуулан нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх шүүхийн шийдвэр гарсан гэв.

Өнөөдрийн байдлаар нийт өрийн 22.7 хувь буюу 47.22 тэрбум төгрөгийг мөнгө болон хөрөнгөөр барагдуулсан байна. 

Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ "Цаашдаа хууль, хяналтын байгууллага болон нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн арга зүйн болон хууль, эрхзүйн зөвлөгөөнд үндэслэн, авлага барагдуулах ажлыг эрчимжүүлнэ.

Мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж, мөнгөн хадгаламжийг хүүг тооцох асуудлыг хэлэлцлээ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал нь хамгийн их шимтгэл авдаг ч эргээд даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалдаггүй.

Цаашдаа хөдөлмөрийн эрүүл мэндийг чухалчилж, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулж, даатгалын тогтолцоог сайжруулна. Мөн хөдөлмөрийн осол гардаггүй газарт шимтгэлийн хөнгөлөлт үзүүлдэг болно.

УИХ-ын хаврын чуулганд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа тул хуулийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо зэрэг аж ахуйн нэгж, иргэдийн саналыг тусгана" гэлээ.