2018 оны аравдугаар сарын 7-ны байдлаар малчдын түвшинд 895.9 мянган тонн өвс, 353.1 тонн сүрэл, 21.5 мянган тонн ногоон тэжээл, 1.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 30.9 мянган тонн гар тэжээл, 1.8 мянган тонн дарш, 29.3 мянган тонн давс, хужир бэлтгээд байна. Энэ нь хадлан, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай буюу өмнөх долоо хоногоос 11.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Аймгаар авч үзвэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн хадлан, тэжээл бэлтгэл 80-аас дээш хувийн биелэлттэй байна. Засгийн газрын 218 дугаар тогтоолын дагуу одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс 7.8 мянган тонн, тэжээл 2.1 мянган тонныг бэлтгээд байгаа юм.
ХХААХҮ-ийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах, үнэлгээ, дүгнэлт өгөх, сахилга хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт ХХААХҮЯ-наас томилогдсон дөрвөн ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Өнгөрсөн өдрүүдийн цаг агаарын хүйтрэл, цас, шороон шуурганы үед мал аж ахуйн салбарт хохирол гараагүй байна.