Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амын хөгжлийг дэмжиж, нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд баталгаатай, хүртээмжтэй хүргэх” гэж тусгагдсаны зорилтын дагуу зорилтот бүлэгт чиглэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас Дорноговь аймгийн оюутан, сурагчдад тэтгэлэг, тэтгэмжийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ өнөөдөр боллоо.
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2016 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дорноговь салбарын 10 оюутанд нийт 7.5 сая, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой сурагчид долоон сая, 2017 онд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 50 сурагчид 15.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Тэгвэл энэ онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дорноговь салбарын 18 оюутанд тус бүр нэг сая төгрөг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын 60 хүүхдэд тус бүр 300 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг гардууллаа.