Булган аймгийн Гурван булаг сумын хэсгийн төлөөлөгч хийж байгаад харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, талийгаач цагдаагийн ахмад Э.Мөнхтулгын бага нэг сар 15хоногтой хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Хүү өнгөрөгч пүрэв гарагт ЭНЭШҮТ төвд хэвтэж эмчлүүлж байгаа . Хүүгийн шарлалт нь хүндэрч, элгэндээ нөлөөлсөн, цөс ялгарахгүй цагаанаар бааж байгаа. 30-40 байх ёстой үзүүлэлт нь 700-800 болж өссөн, одоогоор хэд хоног эмчилгээ хийлгээд дээрдэхгүй бол хагалгаа хийх шаардлагатай аж.
Ээж нь шокийн байдлаасаа гүйцэт гарахгүй байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн группын гишүүд сайн дураараа нэгдэж, өөрсдийн хэмжээнд хандив цуглуулсан байна. Эхний ээлжинд 500 сянган төгрөг цуглуулж, памперс, салфетка, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн авч өгөн, өдөр бүр хуваарь гарган хоол цай дөхүүлж эргэж тойрч сэтгэл санааны дэм өгч байгаа ажээ.
Талийгаач Э.Мөнхтулга цагдаагийн академи төгсөөд, хөдөө томилогдож ажиллаж байхдаа гэр бүл зохиож, хөдөөгөөр нүүж амьдарч байсан учир өөрсдийн гэсэн тогтсон орох оронгүй байсан юм байна. Ханиа дагаж аймаг сумаар нүүж амьдарч, тэр ч байтугай хөдөө багт хүүхдээ төрүүлж байсан мундаг тэсвэр , хатуужилтай, 0-5 насны гурва өнчин хүүхдээ тэврээд үлдсэн, амьдралын төлөө гэсэн залуухан ээжид халуун гараа сунган орох оронтой болоход нь туслахыг цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн группын гишүүд хүсч байгаа аж. Тэр дундаа ЦЕГ, Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх бүхий хүмүүсийг тусламжийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байгаа юм байна.