Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын ХОХБТ-ийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Энххишигтэй ярилцлаа.
-Говьсүмбэр аймагт сүүлийн жилүүдэд ямар томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Говьсүмбэр аймаг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2017-2018 онд иргэдээс санал авч, тухайн саналаа эрэмбэлэн, гурван тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийж ажилласан. Манай аймаг тэргүүлэх чиглэлээ мал аж ахуй, уул уурхай, тээвэр ложистик гэж тодорхойлсон. 2017 онд улсын төсвөөс 2.5 тэрбум, аймгийн Орон нутгийн хөгжил сангаар нэг тэрбум 914 сая, сумдын Орон нутгийн хөгжил сангаар 543 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Мөн авто замын сангаас 99, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 216.2 сая буюу нийт таван тэрбум 273 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн байна. 2017 онд каракул хонины үржлийн аж ахуй байгуулах ажлыг эхлүүлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран Казахстан улсаас 268 каракул хонь аймагтаа авчирсан.
Батлан хамгаалахын салбарын албан хаагчдын малгай, хувцас хэрэглэлд хэрэглэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилготой каракул хонийг үржүүлж байна. Мөн аймгийн төвийн халаалтын зуухны өргөтгөлийн ажлыг хийсэн. Гуравдугаар багийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 мВт-ын хүчин чадалтай уурын зуухыг барьсан. Түүнээс гадна, Шивээговь сумын уурын зуухыг 0.9 мВт-аар өргөтгөх ажлыг сумын орон нутгийн хөгжил сангийн 48 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Мөн нэгдүгээр багийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилтын ажилд 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ мөнгийг орон нутгийн хөгжил сангаас гаргаж, шийдвэрлэсэн. Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс дөрвөн замын уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг өргөтгөх ажлыг 27 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Явган болон авто замын засвар, шинэчлэлийн ажил хийсэн юм. Дээрээс нь гудамж, талбайн гэрэлтүүлэг, байрнуудын гаднах талбайд телекамер суурилуулах ажилд 220 сая төгрөг зарцуулсан.
Зам талбайг гэрэлтүүлж, камер суурилуулснаар гэмт хэргийн гаралт өмнөх оноос 50-60 хувиар буурсан. Аймаг, сумдын төвийг хаягжуулах ажлыг 77 сая төгрөгөөр хийлээ. Цаашлаад, гуравдугаар багийн “Найрамдал” хотхоны гадна пасадын ажлыг ч хийсэн. Тодруулбал, 2, 8, 11, 15 дугаар байрны гадна пасадыг хийхэд 184.6 сая төгрөг зарцуулсан. 2017 онд 3.2 га талбайд 5710 мод, бутыг шинээр ургуулсан аж ахуй нэгж, байгууллагад есөн сая төгрөгийн урамшуулал өгсөн байна. Нэгдсэн эмнэлгийн их засварын ажлыг мөн 2017 онд эхлүүлсэн. Орон нутгийн хөгжил сангаас 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой уялдаж хэрэгжсэн гол ажил энэ. Тавдугаар сургуулийн дотуур байрны засварын ажлыг Японы “Өвсний үндэс” төслийн 168.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Хил залгаа аймгууд болон сумдын малчин айлын хүүхдүүд дотуур байранд тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн хоёрдугаар цэцэрлэгийн гадна, дотно монтажийн засварын ажлыг хийсэн. Энэ ажилд зориулж 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
-2018 онд Говьсүмбэр аймагт хийсэн гол гол бүтээн байгуулалтыг дурьдвал?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд гурван тэрбум төгрөг батлуулсан. Аймгийн Орон нутгийн хөгжил сангаар 834 сая, сумдын Орон нутгийн хөгжил сангаар 459 төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Авто замын санд төвлөрлөсөн орлогоос 89.7, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 217.5 сая төгрөгийг зарцуулж ажиллалаа. Томоохон бүтээн байгуулалт гэвэл, аймгийн төвийн гол магестрал шугмын өргөтгөлийн ажлыг хийсэн. Энэ ажлыг улсын төсвийн 343 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Мөн Сүмбэр сумын нэгдүгээр багийн айл өрхүүдийн бохирын шугамыг төв цэвэрлэх байгууламжид холбох ажлыг эхлүүлээд, улсын төсвийн хөрөнгө оруулалтын 313 сая төгрөгөөр хийлээ. Дотоод хяналтын комисс энэ ажлыг хүлээгээд авчихсан байгаа.
Одоо улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна. 2018 онд эхэлсэн томоохон ажлын нэг нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл. Энэ ажилд зориулж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 500 сая төгрөг баталсан. Энэ жил эмнэлгийн шавийг тавьсан. 2019 онд ашиглалтад орох байх. Түүнээс гадна, аймгийн татварын хэлтсийн барилгын ажил байна. Улсын төсвийн 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Татварын хэлтэс аймгийн Засаг даргын тамгын газрын нэгдүгээр давхарт ажиллаж байсан бол тусдаа байртай боллоо. Ингэснээр иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдсэн. Мөн аймгийн цагдаагийн хэлтсийн барилгыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг улсын төсвийн 86 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Аймгийн цагдаагийн хэлтсийг төвийн шугамд холбохоос гадна барилгынх нь пасад завсарын ажлыг ч эхлүүлсэн. Хоёрдугаар багийн иргэдийн хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж муу байсан.
Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургадугаар цэцэрлэгийн барилгын ажлыг хийсэн. 756 сая төгрөгөөр 140 хүүхдийн цэцэрлэг барьж, энэ онд ашиглалтад оруулж, хоёрдугаар багийн иргэдийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой боллоо. Энэ цэцэрлэгийн хажууд гудамж, талбайн тохижилтын ажлыг хийсэн. Ингэснээр зургадугаар цэцэрлэгийн хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд хүмүүжих боломжтой боллоо. Энэ бол аймгийн Засаг даргын дэд хөтөлбөрүүдтэй уялдаж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг. Мөн 8, 15 дугаар байрны пасад засварын ажил дутуу байсныг энэ жил хийлээ. Энэ ажилд 160 сая төгрөг зарцуулсан. “Найрамдал” орчныг зүлэгжүүлэх ажилд байгаль хамгалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 86 сая төгрөг зарцуулж ажиллалаа. Аймгийн гол горхи, булаг шандны эхийг хамгаалах ажлын хүрээнд “Цоорхой” рашааны тохижилт, хашаажуулалтын ажлыг хийсэн. Энэ ажилд зориулж 57.5 сая төгрөг зарцуулсан байна.
-2019 онд хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл өгөөч. Шинээр хийх, энэ онд дуусаагүй ажлуудаа үргэлжлүүлэх төлөвлөгөө гарсан байх?
-2019 онд хоёрдугаар сургуулийн шинэ барилгыг барихаар төлөвлөж байна. Улсын төсөвт хөрөнгийг нь суулгаж өгсөн. Сүмбэр сумын гуравдугаар багийн V цэцэрлэгийн өргөтгөлийг хийнэ. Хоёрдугаар баг руу бохир усны шугам татах ажлыг хийхээр төлөвлөж байгаа. 2019 онд Засгийн газраас аймаг бүрт найман тэрбум хуваарилж өгөх юм билээ. Хэрвээ төсөв энэ чигээрээ батлагдвал шүү дээ. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт орж ирвэл сургууль, цэцэрлэгийн барилга барих, цэвэр, бохир усны шугам тавих гэх мэт томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.