Гэрээсээ гараад төөрсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүг эсэн мэнд олжээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Бага мухарт гэх газарт малчин Н-ийн 12 настай хүү өчигдөр орой орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байсан аж.
Хүү алга болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 23:20 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь дөрвөн аврагч, орон нутгийн хоёр иргэн нийт зургаан хүн хоёр авто машинтайгаар хүүг хайж шөнийн 02:00 цагт эсэн мэнд олжээ.