Өдөржин ажиллачихаад орой гэртээ хариад хүмүүс мэдээ үзэж, мэдээлэл авдаг. Ихэнх хүмүүст цаг үргэлж сайт ухаж, элдэв мэдээлэл унших зав байдаггүй биз. Мэдээ үзэж, мэдээлэл авахын хажуугаар реклам сонирхоно. Ямар хамтлаг, дуучин тоглолтоо хийх гэж байна. Хаана, аль дэлгүүрт шинэ бараа ирсэн, аль нь хямдрал зарласан байгааг сонирхоно. Шинэ саван, 00-ын цаас, ариун цэврийн хэрэглэл оруулж ирж үү гэдгийг сонирхож, сурталчилгаа үзэх гэхээр дундуур нь хэрэгтэй, хэрэггүй кино гаргачих юм, телевизүүд.
Шарсан тахианы сурталчилгаа гараад, амт нь аманд мэдрэгдэж байхад гэнэт кино гаргадгаа болино уу, баярлалаа. Солонгос, Монгол, Америк, олон ангитай гээд зүсэн зүйлийн киног сурталчилгааны дундуур гаргах юм. Ингэж үзэгчдээр тоглож болохгүй. Сурталчилгаа өгсөн байгууллагууд тэднийг шүүхэд өгөөсэй гэж санагдах болов. Рекламыг нь гаргана гэж төлбөр авдаг л байж таарна. Начир дээрээ сурталчилгааг нь аятайхан гаргаж өгдөггүй. Дандаа дундуур нь Солонгос олон ангитай кино “чихнэ”. Яг рекламны оргил цагаар явахгүй кинонуудыг албаар үзүүлж, үзэгчдийг, сурталчилгаагаа өгсөн байгууллагыг ч давхар хохироож байна.
Сурталчилгаа үзэх гэхээр дуу нь дуулдахгүй, сул. Телевизийнхээ дууг чангалаад үзэж байтал гэнэт кино гаргана. Нэг Солонгос эмэгтэйн дуу гэрт хадаад, зарим үед хүүхэд хүртэл хар дарж зүүдэлдэг боллоо. Ийм хүнд нөхцөлд зурагт үзэж байгаа иргэд эрхээ хамгаалахын төлөө аль нэг байгууллагад хандах цаг болжээ. Сурталчилгаа цацуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтайгаа хамтарсан ч болох байлгүй. Ард түмэн бид өөрт хэрэгтэй сурталчилгаа, мэдээллээ л үзмээр байна. Кино үзэх нь театр луу очдог юм байгаа биз.