ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол хүн бэлдэх гэж улсаас нь анхаардаг байна

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-11-01

Энэ сарын 22-26-ны өдрүүдэд ӨМӨЗО-ноор зочилж, боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ сарын 21-нд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн вагонд сууж Эрээн хотыг зорив. 
 

Энэ сарын 22-ны өдөр: Эрээн хотын нэгдүгээр дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Энэхүү сургууль нь 2006 онд байгуулагдаж байсан бөгөөд үүнээс хойш Монгол Улс болон ОХУ-ын боловсролын байгууллагатай хамтран ажиллаж эхэлжээ. Тухайн сургууль нь хичээлийн байр 15, дотуур байр дөрөв, хоолны байр хоёр, соёл урлагийн байр, шинжлэх ухаан танин мэдэхүйн мэргэжлийн байр, туршилтын байр, албаны байр тус бүр нэг байдаг аж. Мөн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ногоон зүлэг бүхий биеийн тамирын талбай, гүйлтийн резинэн зам бүхий орчин үеийн сургуулийн хотхонтой. Манайд тэтгэлгээр сурч байгаа монгол сурагчид их байдаг хэмээгээд тэдэнтэй уулзуулав. Тэдгээр хүүхдүүд хэрхэн хичээл хийдэг болон өдрийг яаж өнгөрүүлдэг талаар ярихдаа “Бид өглөө эрт сэрнэ. Тэгээд хичээлдээ орно. Өдөр хоолны цагийн дараа хагас цаг орчим дотуур байрандаа унтаж амраад дахин хичээлдээ ордог. Түүний дараа тусгайлсан дугуйлан хичээлүүд ордог бөгөөд орой 19:00 цагийн үед амардаг” хэмээн ярьсан юм. Хичээлээс өөр хийх юм тэдэнд байдаггүй аж. Тиймээс хичээнгүй сурдаг нь илт харагдаж байв. Үдээс хойш Эрээн хотын Монгол-Хятад эмнэлгээр орлоо. Энэхүү эмнэлэг нь 2011 оны аравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2015 онд улсын хоёрдугаар зэрэглэлийн эмнэлэг болсон аж.

Монгол Улсын өвчтөн тухайн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн тохиолдолд эмчид үзүүлэх дугаар авах, оношлуулах, эм авах, эмнэлэгт хэвтэх зэрэгт дугааргүй үйлчилдэг аж. Мөн шинжилгээ хийлгэхэд 20 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Энэхүү эмнэлэг нь Монгол болон Хятад эм эмнэлгээр голлож, уламжлалт эмчилгээний зүү төөнүүр, рашаан засал, массаж, бариа засал зэрэг туслах эмчилгээг хийдэг хэмээн танилцуулж байсан юм. Бид 16:00 цагт онгоцны буудлыг зорьж, 18:05 цагт онгоцонд сууж Хөх хотыг зорилоо.  

Энэ сарын 23-ны өдөр: 09:00 цагт Хөх хотын монгол үндэстний цэцэрлэг болон Өвөр монголын их сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэхүү цэцэрлэг нь орчин ахуйг чимэглэхдээ үндэстний онцлог шинжтэй байхад ихээхэн анхаарчээ. Цэцэрлэгийн хаалга нь морины эмээлийн хэлбэртэй, цэцэрлэгийн доторхи зүлгэн дээр монгол гэр барьжээ. Хөх хотын монгол үндэстний цэцэрлэг нь 2013 онд байгуулагдаж байсан бөгөөд 2016 онд ашиглалтад орж байжээ. Энэхүү цэцэрлэг нь хятад хэлтэй монгол хүүхдүүдэд монгол хэл заадаг аж. Зарим нь монгол хэлээр маш сайн ярьдаг,  зарим нь ойлгодоггүй гэнэ. Ойлгодог хэрнээ ярьж чаддаггүй хүүхдүүд ч байдаг гэв. Энэхүү цэцэрлэгт 3-6 насны 1000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг бөгөөд нэг анги нь 35 хүүхэдтэй. Эцэг, эхчүүд нь хоолны мөнгө гэж 18 юань төлдөг. Бусад бүх зардлыг Засгийн газраас гаргадаг байна. Мөн нэг хүүхдэд оногдох зай талбай нь манайхтай харьцуулахад найм дахин их байдаг ажээ. Үүнээс гадна, нэг хүүхдэд ноогдох багшийн тоо 3-4 байсан юм. Монгол хүн бэлдэх гэж улсаас нь ихэд анхаарч, монгол хэлтэй өндөр зэрэглэлийн өндөр цалин хангамжтай багш авдаг хэмээн ярьж байлаа. Тэд бөгцөг нясалж, зүйр цэцэн үг цээжилдэг. Эдгээр хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг бүрэн утгаар нь олгож байгаа санагдлаа. Үдээс хойш 14:30 цагт “Хятад Монголын боловсрол соёлын ажилтан нарын уулзалт ярилцлага” болсон юм. Энэ үеэр боловсролын болон соёлын танхим ӨМӨЗО-ы  боловсрол соёлын салбарын хөгжлийн ерөнхий байдал, ном хэвлэлийн групп болон ном хэвлэлийн байдал, ялангуяа монгол ном хэвлэлийг танилцууллаа. Мөн Өвөрмонголын барилгын ажил мэргэжлийн дээд сургууль болон цахим мэдээллийн ажил мэргэжлийн техникийн дээд сургууль ажил мэргэжлийн боловсролын нөхцөл байдлыг танилцуулж дууссаны дараа санал бодлоо солилцов. 

Энэ сарын 24-ны өдөр: Чингис хааны онгон болон Ордос хотын номын сан, Ордос хотын Хияа багшийн шинэ дүүргийн бүтээн байгуулалттай танилцлаа. Ордос хот нь хоёр сая гаруй хүн амтай гэхэд үнэхээр том хот аж. Их хааны онгон гэж нэрийдсэн цогцолбор газар ирэв. Уг цогцолбор руу нэвтрэх эрхийн тасалбар 120 юань байдаг аж. Мөнгөн аралтай ширэн бүсээр монгол дээлээ бүсэлсэн, гуч гаруй насны бүсгүй бидэнд хөтөч хийхээр ирсэн бөгөөд түүхийн нарийн тайлбар сэлтийг хүүрнэж эхлэв. Тэрбээр “Энэхүү газрыг яагаад Чингис хааны онгон хэмээн нэрлэсэн бэ гэхээр Чингис хаан явж байгаад алтан ташуураа унагасан газар нь энэ юм. Тухайн үед ташуурыг нь авах гэтэл ямар нэгэн учиртай хэмээгээд намайг нас барсны дараа энэ газар оршуулж болно гэсэн байдаг. Тэгээд цааш Тангуд улсыг дайлахаар явсан бөгөөд 1227 онд Тангудыг дайлж байх зуур гэнэтийн өвчнөөр нас барсан байдаг. Нас барсных нь дараа Чингис хааны чанадрыг тээсэн тэрэг Ордосоор дайрч өнгөрөхөд тэрэгнийх нь дугуй шаварт ороод гарч ирээгүй байна. Энэ үед Чингис хааны хэлсэн үгийг бодож, онгон шүтээнийг энд байгуулж одоо болтол тахил өргөсөөр 800 жил болсон байна” гэсэн юм. Энэ мэтчилэн бидэнд олон зүйлийг тайлбарлаж өглөө. Хамгийн сонирхолтой нь их эзэн Чингис хааны сүүлийн амьсгааг цагаан тэмээний ноосонд шингээн онголсон учир энэ газарт Эзэн богд хааны сүнс амирласан хэмээн ярих нь үлгэр мэт сонсогдох аж. Үүний дараа бид Ордос хотын номын сантай танилцлаа. Энэхүү номын сан нь 1956 онд анх байгуулагдаж байжээ. Номын сангийн гадна талыг Нууц товчоо, Алтан товчоо, Эрднийн товчоог дүрслэн босгожээ. Гаднаас нь харахад номын дүрс хэлбэрийг агуулсан Ордос хотын төв номын сангаар энэ онд хоёр сая гаруй хүн үйлчлүүлсэн байна. Энэхүү номын сан нь үйлчлүүлэгчиддээ үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд цахим хэлбэрт бүрэн шилжжээ. Тухайлбал, өөрийн сонирхож буй номоо сонгоод гар утсаараа QR кодыг уншуулахад тухайн ном нь утсан дээр файлаар гарч ирж байв. 

Энэ сарын 25-ны өдөр: ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн амжилтын үзэсгэлэн, Монгол үндэстний хувцас гоёлын соёлын үзэсгэлэн болон уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг сонирхсон юм. Дараа нь Хөх хотын үндэсний урлагийн тоглолт үзсэнээр бидний томилолт өндөрлөв.