ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Мянгад” адуу, “Галшарын улаан” ямааг бие даасан омгоор баталгаажуулжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-01

Малын үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, баталгаажуулах ажлын хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд үржүүлж буй хурд-махны чиглэлийн "Мянгад" адуу, Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй ноолуурын чиглэлийн “Галшарын улаан” ямааны судалгаа, шинжилгээний ажлын дүнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн өчигрийн хурлаар хэлэлцүүлэн, бие даасан омгоор баталгаажуулав. 

Үүний үр дүнд Монгол Улсад үржүүлж буй бие дааж баталгаажсан үүлдэр, омгийн мал 49 болж, малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлэх, малын чанар, бүтээмжийг сайжруулан, түүнээс эдийн засгийн илүү их үр шим, ашиг хүртэх, олон улсад сурталчлах нөхцөл бүрдэж байна.

Ховд аймгийн Мянгад адуу нь Монгол орны баруун, их нууруудын ай сав, байгаль, цаг уурын эрс, тэс уур амьсгалтай бүс нутагт дасан зохицсон, хурдны чиглэлээр голлон үржүүлж буй адуу юм. Уг адууны цөм сүргийг Ховд аймгийн Мянгад, Буянт, Дөргөн, Эрдэнэбүрэн гэсэн сумдад үржүүлж байна.

Хэнтий аймгийн Галшарын улаан ямаа нь тал хээр, хуурай хээрийн бүсийн Галшар, Баянхутаг, Баянмөнх, Дархан гэсэн сумдад голлон, аймгийн нийт суманд жигд тархсан бөгөөд ноолуурын чиглэлээр сонгон үржүүлж буй ямаа юм байна.