ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Алтайсайхан: Дэлхийд зургаан секунд тутамд нэг хүн чихрийн шижин өвчнөөр нас бардаг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-15

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулж уг өвчний талаар АШУҮИС-ийн профессор, Хүний их эмч Х.Алтайсайханаас тордууллаа. 

-Манай улсад чихрийн шижний өвчлөл хэр байна вэ?
-Хүн ам цөөхөн учраас тэргүүлэх зэргийн өндөрт хүрээгүй. Гэхдээ тархалтын хувьд дэлхийд дээгүүрт ороод байгаа. Ер нь бол таваас дээш хувийн тархалттай бол өндөр гэж үздэг. Манай улс долоон хувийн тархалттай байна. Хамгийн гол нь өвчилсөн хүмүүсээ эрт илрүүлж, бүртгэлд хамруулж чадахгүй байгаа учраас хүндэрсэн хойно нь буюу бөөрний дутагдалд орсон, нүд нь сохорсон, хөлөө тайруулчихсан үедээ маш их өндөр зардал гарч байгаа. Чихрийн шижин өвчин бол дэлхий дахинд аюулын харанга дэлдээд байгаа өвчний нэг. Дэлхийд зургаан секунд тутамд нэг хүн энэ өвчнөөр нас барж, 30 секунд тутамд нэг хүн хөлөө тайруулж байна гэсэн судалгаа саяхан гарсан байна билээ. Манай улсын хувьд жилд 2400 хүн шинээр оношлогдож, түүний 10 хувь буюу 240 гаруй хүн нас барж байна. 

-Энэ өвчнөөр өвчилсөн бол ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Чихрийн шижин шинж тэмдэггүй удаан хугацаанд байдаг өвчин. Гэхдээ ам цангах, их шээх, ядрах, хачиг болон идээт үрэвслүүд гарах, шарх удаан эдгэх, турах, хараа муудах  зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдэг илэрч байвал яаралтай чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээг хийлгэж, лабораторийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. 

-Өвчний шалтгаан нь юу байна вэ?
-Чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйл гэж байдаг. Үүнд удмын шалтгаан нь жирэмсэн эхийн цусан дахь сахар ихсэх юм бол хүүхэд нь чихрийн шижинтэй төрөх магадлал өндөр байдаг. Мөн таргалалт, цусны даралт ихсэх өвчтэй төрдөг. Үүнээс гадна буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, стресс зэрэг амьдралын буруу хэвшилтэй шууд холбоотой. 

-Эмчилгээ нь үнэгүй байдаг гэж сонссон. Улсаас эмчилгээний зардлыг гар­гадаг уу?
-Чихрийн шижингийн гол эмчилгээ буюу инсулиныг улсаас үнэгүй олгодог. Жилд ойролцоогоор 2-3 тэрбум төгрөгийг зөвхөн инсулины эмчилгээнд зарцуулдаг. Чихрийн шижингийн гол эмчилгээ нойр булчирхайгаас гарч байдаг инсулин гэх даавар байдаг. Үүнийгээ л гаргаж чадахаа болих юм уу хангалттай хэмжээнд гаргаж чадахгүй болохыг л чихрийн шижин гэж нэрлээд байгаа юм. Тиймээс энэ дааврыг өдөр бүр тарьж байх ёстой. Инсулины эмчилгээнд хам­рагдах шаардлагатай гэсэн үг. Энэ эмчилгээ үнэтэй байдаг учраас ядуу, буурай орнуудад зөвхөн инсулин гэх тарианы үнэ, өөрийгөө хянах сахарын оношлуурын үнэ нийлээд өрхийн орлогын 56 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь иргэдийг ядууралд хүргэх бас нэгэн шалтгаан болоод байгаа юм. Тиймээс төр, засаг иргэдийнхээ бүртгэл хяналтын байдлыг сайжруулж, зөв төлөвлөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй авахад нь дэмжлэг болгох нь чухал байна. Нөгөө талаас гэр бүлийнхний дэмжлэг маш чухал. 

-Эмчилгээ хэр авдаг өвчин бэ. Бүрэн эдгэх боломжтой юу?
-Чихрийн шижин бол архаг өвчин. Ханиад хүрээд эдгэж байгаа мэт зүгээр болно гэж байхгүй.  Зөв хянаад, сахараа хэвийн байлгаж, цаг хугацаанд нь эмчилгээгээ хийлгээд явбал,  хүндрэхгүй байж болно. Түүнээс биш бүр мөсөн эдгэрнэ гэсэн ойлголт байхгүй. 

-Чихрийн шижингийн хүндэрсэн хэлбэрийг дотооддоо эмчлэх боломж­той юу?
-Эмчилнэ. Эмчилгээнд шаардлагатай бүх технологи, хүн хүчний бүрэн боломжтой байгаа.