Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтжээ.
Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голд 5-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Хэнтийн нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 10-25 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.
Одоогоор мөсний даац хүн, мал, автомашин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.