Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон. Үүнтэй холбоотойгоор банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг төрөөс тогтоох нь санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх, эдийн засагт ямар үр дагавар авчрах гэсэн асуулт хариулт нэхсээр байна. Энэ талаар эдийн засагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа.
-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэх гэж байгаа. Энэ хууль батлагдвал санхүүгийн зах зээлд ямар үр дүн авчирна гэж үзэж байна?
-Монголд зээлийн хүү өндөр, бууруулах шаардлагатай, төрийн оролцоо хэрэгтэй гэдэгтэй бүгд санал нэг гэж бодож байна. Энэ зорилгоор хуулийн төслийг санаачилсан гэж болов уу. Хуулийн төсөлд тусгагдсан зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоох гэдэг нь шинэ арга хэрэгсэл биш. Энэ аргыг дэлхийн 76 орон хэрэглэж байна. Өнгөрсөн онд гэхэд л Нигер улс орон сууцны зээлэндээ, Камбож улс бичил санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүгийн түвшинд дээд хязгаар тогтоосон. Тэгэхээр энэ бол олон улсад хэрэглэдэг л арга. Тухайн улс орны онцлогоос хамаараад олон хэлбэрээр хэрэгжүүлдэг. Жишээ нь, тухайлсан зээл эсхүл нийт зээлд, нийт санхүүгийн байгууллага эсхүл нэг төрлийн санхүүгийн байгууллагад гэх мэтээр хүүгийн хязгаар тогтоож болдог. Гэхдээ улс орнууд энэ арга хэмжээг хэрэгжүүлээд ямар үр дүнд хүрсэн, манайх хэрэгжүүлбэл зорилгодоо хүрэх үү гэдэг л хамгийн чухал, бидний анхаарах асуудал мөн.
-Таныхаар ямар үр дүн харагдаж байна?
-Энэ хуулийн төслийн хувьд хуулийн гол зохицуулалт, судлаачийн дүгнэлтийг нь үзсэн. Нэг их сайн үр дагавар харагдахгүй байгаа. Дэлхийн банкны 2018 оны дөрөвдүгээр сарын судалгааны үр дүнгээс харахад, энэ бодлого нь улсын орнуудын эдийн засагт эерэг гэхээсээ илүү сөрөг үр нөлөөллийг авчирсан байна. Тухайлбал, дээд хязгаарыг тогтоосноор зээлийн хүү буурч байгаа мэт харагдаж байгаа ч хүүгийн бус зардал нэмэгдэж, зээлийн бодит зардал өссөн байна. Жижиг, эрсдэл өндөртэй зээлдэгчдийн зээлийн батлагдсан хувь багасч, зээлийн нийлүүлэлт хумигдсан байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн байгууллагууд эрсдэл багатай буюу илүүтэй барьцаа хөрөнгө сайтай, найдвартай, том зээлдэгчид зээл олгохыг илүүд үзэж, зээлийн хүртээмж буурсан гэсэн үг.
-Яагаад хүртээмж буурна гэж?
-Зээлийн хүүний дээд хязгаарыг тогтооно гэдэг зээлийн олдоц багасана гэсэн үг. Дээд хязгаарыг нь 18 хувь байна гэж тогтоосон гэж бодвол банкууд түүнээс дээш хүүтэй зээл олгохгүй. Тэгэхээр арилжааны банкууд энэ хүүгийн түвшинд тохирсон эрсдэл багатай тогтвортой орлоготой бизнест буюу хамгийн том сайн зээлдэгч нартаа л зээл олгоно. Өөрөөр хэлбэл газар тариалан гэх мэт савлагаатай эрсдэлтэй бизнесийн салбарт олгох зээл хумигдаж эхэлнэ. Энэ нь санхүүгийн зах зээлд гажуудал бий болгож, улмаар нийт эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлнэ. Өнөөдөр манай орны эдийн засаг эмзэг, савлагаатай байгаа үед төр зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь эерэг гэхээс илүүтэй сөрөг үр дагаврыг дагуулах эрсдэлтэй. Судалгааны үр дүнгээс харахад зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоож байгаа арга хэрэгсэл нь үр дүн муутай байна гэж дүгнэсэн байдаг. Тэгэхээр энэ арга бол үр дагавартай нь тэмцэж буй хэрэг юм.
-Зээлийн хүү буурахгүй гэсэн үг үү. Иргэд зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоосноор хүү буурна гэсэн ойлголттой байгаа?
-Зээлийн хүү бууруулах шаардлага байгаа гэдгийг би дээр хэлсэн. Гэхдээ үр дагавартай нь биш, шалтгаантай нь тэмцэх хэрэгтэй. Эдийн засаг эмзэг, гадаад нөхцөл байдлаас хэт хамааралтай, төрөлжөөгүй, төсвийн бодлого нь мөчлөг дагасан оновчгүй, инфляци тогтворгүй хэвээр байна. Зээлийн хүүд сөргөөр нөлөөлж байгаа эдгээр хүчин зүйлийг сайжруулах хэрэгтэй. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах стратегийг тодорхойлж, гурван чиглэлийг санал болгосон байгаа. Үүнийг товчхон дурдвал нэгд зээлийн хүү буурах макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн харилцан уялдаатай бодлого хэрэгжүүлэх, хоёрт, банкууд үйл ажиллагааныхаа зардлыг бууруулж, үр ашгаа нэмэгдүүлэх, засаглалаа сайжруулах хэрэгтэй. Гуравт, мөнгөний бодлогын хүүний шилжих нөлөөг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Үүнээс хамгийн чухал нь төсвийн сахилга батыг хангаж, макро бодлогын уяалдааг сайжруулж, эдийн засгийг төрөлжүүлж, дотоод хуримтлалыг нэмэгдүүлж байж зээлийн хүү буурна. Ингэж шалтгаантай нь тэмцэх хэрэгтэй.
-Зээлийн хүүг хэн тогтоодог юм бэ. Банкууд уу?
-Зээлийн хүү эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр мөнгөний зах зээл дээр тогтдог. Банкууд өндөр зээлийн хүүний эсрэг байдаг. Өндөр хүү банкинд эрсдэл авчирна. Аль болох бага хүүтэй байхыг тэд боддог. Энгийнээр хэлбэл, хэт их өндөр хүүтэй зээл олговол хэрэглэгч төлж чадахгүйд хүрч, банкны эрсдэл нэмэгддэг. Гэтэл манайд зээлийн хүү буурах нөхцөл бүрдэхгүй байна. Банкуудын санхүүгийн зуучлалын үр ашиг сайжирч байгаа ч эдийн засгийн нөхцөл нь эмзэг, төрөлжөөгүй, засаглал сул байгаа болохоор эх үүсвэрийн зардал, зээлийн хүү өндөр байгаад байна. Би зээлийн хүү өндөр, бууруулахад төрийн оролцоо хэрэгтэй гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ төрөөс буруу зохицуулалт хийчихвэл санхүүгийн зах зээлээ гажуудуулж, урт хугацаанд эдийн засгийн хүндрэлд хүргэнэ. Иймд бид үр дагавартай нь биш шалтгаантай нь тэмцэж, энэ зах зээлийг бүрэн эмчилж эрүүл болгосноор санхүүгийн зөв тогтолцоо бүрдэж, иргэд, аж ахуйн нэгжүүд бага хүүтэй, бизнесийг дэмжсэн зээлийг авах боломж бүрдэнэ.