ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ жил санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлдөг вэ

O.Admin
2018-12-26

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд “Зул сарын баяр”-ыг манай дэлхий дээр нийт хоёр тэрбум орчим хүн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Католик, протестант болон үнэн алдартны шашин шүтдэг Европ, Америк тивийн улс орнуудад   энэ өдөр Бурхан мэндэлсэн гэж үздэг ажээ. Зул сарын баяр нь Англиар  Merry Christmas буюу   Есүс Христийн мэндэлсэн өдөр юм. Тиймээс хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, хоорондоо бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэж, төрөл садан нийлж нижгэр тэмдэглэнэ. Удалгүй хэд хоноод шинэ он эхлэдэг. Дэлхийн бүх улс оронд шинэ жилийн баярыг өргөн тэмдэглэдэг.

Ийнхүү шинэ оны босгон дээр хоёр том баяр давхцах үеэр гадаад валютын болон хөрөнгийн зах зээл дээр арилжаа түр зуур амсхийдэг. Санхүүгийн зуучлагчид, брокерүүд бүтэн жилийн арилжааныхаа үр дүн, ашиг орлогоо тооцож, тайлангаа гаргаад зогсохгүй хэдэн хоног амрах нь бий. Үүний үр дүнд зах зээл дээр арилжаа, хэлцлийн  хэмжээ буурч, индекс түр зуур савлах, улмаар зах зээлд тогтворгүй байдал үүсэх дохио өгнө. Жишээ нь,

2016 оны эцэс, 2017 оны эхээр ам.долларын ханшийн график:

Өнгөрсөн 2015, 2016, 2017 онуудын хувьд шинэ жилийн эхэнд ам.долларын ханш унаж,  бүтэн жилийн турш түүнийгээ залруулахад чиглэсэн үйл ажиллагаа явагдсаныг дээрх графикаас харж болохоор байна. Ханшийн уналт шинэ жилийн баяртай давхцаж байна. Хэрэв шинэ жилийн эхэнд хөрөнгө оруулагч томоохон хэмжээний хэлцэл хийх  шийдвэр гаргавал санхүүгийн зуучлагчид, бусад хөрөнгө оруулагчдын хувьд чухал ач холбогдолтой дохио болдог. Энэ нь хэдэн сарын турш үргэлжлэх хандлагыг таамаглах боломжийг тэдэнд олгож байгаа хэрэг. Өөр нэг жишээ бол,

2015 оны шинэ жилийн баярын дараа нефтийн үнийн өсөх хандлага:

Графикаас харвал, хэрвээ шинэ жилийн эхэнд буюу огцом өсөлтийн өмнө амжиж хэлцэл хийж чадвал, жилийн турш өсөх магадлалтай нефтийн хувьд оновчтой шийдвэр болж чадахаар харагдаж байна.

Санхүүгийн зах зээл дээр арилжааны идэвх буурах дохиог хүлээж байгаад хэлцэл хийх хөрөнгө оруулагчид бас байдаг. Тэдэнд чухал шийдвэр гаргахад Зул сарын баяр болон шинэ жилийн баяр дамнасан өдрүүдэд хэлбэлзэх үнийн хэлбэлзэл чухал дохио болно. Тиймээс шинэ жилээр зарим санхүүгийн зуучлагчид, брокерууд амрахыг чухалчилдаггүй. Тэд шинэ жилээр гарах өөрчлөлт, түүнд тулгуурласан хандлагыг судалж томоохон хөрөнгө оруулагчдын шинэ жилийн дараа гаргах шийдвэрийг таамаглаж бусдаасаа өрсөж урьдчилан хэлцэл хийж иржээ.

Энд ам.доллар болон нефтийн үнэ шинэ оны босгон дээр хэрхэн хэлбэлздэг жишээг санаандгүй дурдсан юм биш. Манай улс нийт импортын төлбөрийн 66 хувийг ам.доллараар, 12 хувийг юаниар, 8 хувийг иенээр, 7.5 хувийг еврогоор, 6 хувийг рублиэр хийж байна. Ам.долларын ханш сүүлийн саруудад огцом савлав. Монгол банк дотоодын гадаад валютын зах зээлийн хамгийн чухал зохицуулагч бөгөөд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хариуцдагийн хувьд гадаад валютын зах зээл дээрх өөрчлөлтийг судалж, үнэ ханшийн уналтаас сэргийлэх стратегиудsu цаг алдалгүй хэрэгжүүлж байх ёстой юм. Тухайлбал, манай орны экспортлогч аж ахуй нэгжүүд нь үнийн бууралт буюу алт зэсийн үнийн бууралтаас сэргийлэх дараах санхүүгийн үүсмэл хэрэгслүүд /форвард (богино хеджи),пут опшин/ ашиглан эрсдлээ багасгах боломж байгаа юм.

Шатахууны хувьд ч ялгаагүй. Бид 100 хувь гаднаас хараат. 2018 он гарсаар шатахууны жижиглэнгийн үнэ таван удаа нэмэгдэж олны бухимдлыг төрүүлж байгаа. Үнэ ханшийн өсөлтөөс сэргийлэхийн тулд манай орны хувьд импортлогч аж ахуй нэгжүүд форвард (урт хеджи), колл опшин худалдан авалт... зэрэг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг оновчтой цаг хугацаанд нь хийж чадвал бизнест нь ч өгөөжтэй байгаад зогсохгүй манай гадаад валютын ханш, улс орны эдийн засагт тун нэмэртэй.

Миний татсан жишээ бол шинэ жилээр заавал тийм өөрчлөлт болдог гэсэн баталгаа огт биш. Харин Монголбанк, арилжааны банкнууд, шатахууны импортлогч компаниуд шинэ жилийн баярын үеэр тухайн жил дэлхийн зах зээл дээр гарсан өөрчлөлт, ирэх жилийн хандлагыг өнгөрсөн 10 жилийн түүхтэй нь харьцуулж судалсны үндсэн дээр тодорхой магадлал дэвшүүлж, түүндээ тулгуурлан санхүүгийн хэрэгслүүдийг ашиглаж чадвал маш их боломж бий гэдгийг сануулж байгаа явдал юм шүү дээ.

Эдийн засгийн ухааны доктор /PhD/-  Раднаасэдийн .Даваадорж