ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бурханд Б.Галсансүх нэг, Т.Галсан долоон зөвлөгөө өглөө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-07

Хойд сараа мэддэг шинийн 29-ний өдөр буюу нэгдүгээр сарын 4-ний баасан гарагт Говьсүмбэр аймгийн Чойр хотноо “Уран үгсийн чуулган” болж, Монголын яруу найргийн таван үеийн төлөөлөл үгийн урнаар үзэгч, сонсогчдын сонорыг мялаалаа. Анх 1929 онд Монголын зохиолчдын эвлэл байгуулагдаж, тэр жилийнхээ сүүлчээр ууган гишүүдийнхээ бүтээлээр “Уран үгсийн чуулган” хэмээх цоморлигийг хэвлүүлсэн аж. Тэрхүү цоморлигт Д.Нацагдорж, , С.Буяннэмэх, Д.Чимид, Д.Пэрэнлэй, Ч.Дашням зэрэг зохиолч, яруу найрагчдын бүтээл багтаж байсан аж. Тэгвэл анх 1968 онд “Уран үгсийн чуулган” уншигч, зохиолчдын уулзалтыг Өмнөговь аймагт зохион байгуулж байжээ. Дараа жил нь Баянхонгорт хийж байсан юм байна. Харин 2014 онд Төв, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь аймагт “Уран үгсийн чуулган”-ыг зохион байгуулсан нь нэлээд өргөн дэлгэр болсон юм. Тэгвэл энэ жил УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилсан “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Уран үгсийн чуулган”-ыг Говьсүмбэр аймагт зохион байгуулж, Баянтал, Шивээговь, Сүмбэр суманд болсон нь энэ. 

“Уран үгсийн чуулган”-ыг нээж Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлэв. Тэрбээр “Боржигин түмний минь эх нутаг шинэ оноо оюуны их үйлсээр эхэлж байгаад талархалтай байна. Говьсүмбэр бол залуу аймаг. Энд амьдарч байгаа иргэдийн 70 орчим хувь нь залуучууд, хүүхдүүд байна. Байгуулагдсан он нь ч залуу аймаг. Тийм ч учраас залуучуудынхаа оюуны хөгжлийн төлөө “Боловсрол, соёл урлагийн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажилладаг. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ч энэ хөтөлбөрийг дэмжиж, санаачилгатай хамтран ажил­лаж, “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийг амжилт­тай хэрэг­жүүлж байгаа. Хөтөл­бөрийн хүрээнд Монголын уран зохиолын ноён оргил болсон их бичгийн хүмүүсийг Говьсүмбэр аймаг урин залаад байгаа билээ.  “Уран үгсийн чуулган” Монголд анх удаа сумын төвд болж байна. Уригдаж ирсэн зочиддоо халуун талархал илэрхийлье. Говьсүмбэрчүүд минь оюуны их авшиг хүртэх болтугай” хэмээв. Түүний дараа УИХ-ын гишүүн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг үг хэлсэн юм. Тэрбээр Өнөөдөр та бүхэндээ “Уран үгсийн чуулган”-ыг өргөн барихаар Монголын утга зохиолын таван үеийн төлөөллийг хөтлөн залж ирлээ.  Сайн сайхнаа хуваалцах гэж говьд анх удаагаа энэхүү уулзалтыг хийж байгаа нь энэ.  “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийг санаачилж, энэ нутгаас эхлэхгүй бол болохгүй юм шиг санагдсан. Ингээд өнгөрсөн жилээс эхэлж хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Говьсүмбэр аймаг элсэлтийн шалгалтаар 21 аймгаас 20 дугаар байрт ордог байсан. Магадгүй энэ хөтөлбөрийн үр дүн гарсан байж болох. Өнгөрсөн хаврын элсэлтийн шалгалтаар манай аймаг долдугаар байрт орсон. Би Монголын зохиолчдын эвлэлийг долоон жил тэргүүлсэн. Энэ хугацаанд “Уран үгсийн чуулган” байнга зохион байгуулахыг зорьж ирсэн. Энэ жил Говьсүмбэр аймагтаа зохион байгуулах тохиол бүрдлээ” хэмээн хэллээ.  

Таван үеийн найрагчид “Боржигин” чуулгын хоймор залрав 

Албаны хүмүүс үг хэлж дууссаны дараа хөтлөгч “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоо, дуучин Ш.Баянмөнх нар “Уран үгсийн чуулган”-д оролцохоор ирсэн зохиолч, яруу найрагчдыг танилцуулсан юм. Энэ удаагийн “Уран үгсийн чуулган”-д Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмид, Ардын уран зохиолч Т.Галсан,  Соёлын гавьяат Ш.Гүрбазар, Х.Чилаажав, Ай.Төмөр-Очир, Г.Аюурзана тэргүүтэй гавьяатууд оролцсон. Мөн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэг, Б.Галсансүх, Жа.Баяржаргал, Н.Гантулга, Ц.Эрдэнэбаатар, яруу найрагч П.Нямлхагва, М.Буянзаяа, М.Билигсайхан, Н.Минжинсайхан, О.Цэнд-Аюуш, зохиолч Б.Сарантуяа, М.Эрдэнэбат нар оролцов. Зохиолчдыг тайзнаа урих агшнаа яруу найрагч Б.Ичин­хорлоо багахан “чим­хэж”, үзэгчдэд инээд нэмж байлаа.

Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Чилаажавыг тайзнаа урихад “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул. Энэ залуу олон жил айлын буурин дээр хэвтсэн аарцны чулуун шиг мөлийсөн эр хүн байгаа юм. Төрөхдөө л дарга байсан гэмээр энэ залуу та бидний дуулах дуртай олон сайхан дууны шүлгийг бичиж, өдгөө ч гэсэн сэтгэлийн цэнгэл, аялгуу эгшгийн гайхамшгийг мэдрүүлж байгаа. Хөл нь майга болохоос сэтгэл нь шулуун хүн юм шүү” хэмээн түншиж, үзэгчдийг хөгжөөв. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэгийг тайзнаа урихад “Улс төр ийм байхад, улс орон тийм баян байхад, ЖДҮ авч баяжаагүй, жирийн нэгэн найрагчийг тайзнаа хүндтэйгээр урин залъя” хэмээн тоншсон. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Баяржаргалыг урихад “Төв айм­гийн уугуул, эрүү нь гэвэл ээрэм талын сар шиг, эхнэр хүүхэддээ хайртайг нь бодохоор энхрий уяхан зүрхтэй. Хад газрын цэцгийг ч зулгааж хайрладаг, халх Монголын цуут найрагч, найргийн жонон ван бөлгөө” гэж өргөв. Зохиолч, яруу найрагч Б.Сарантуяаг урихад “Сорхогтуни”, “Сайн хан Бат” гээд, том том романы ард, солиотой юм шиг өдөржин сууж гарчихаад, өдрийн турш бичсэн өнөөх романаа, үдэш нь шатааж орхидог тийм тэнэг хүүхэн” гэж ёворсон.  Найрагч­дыг өргөж, мөргөж, хөөр­гөж, ёворсон яруу найрагч Б.Ичин­хорлоо ч гэсэн “Уран үгсийн чуулган”-д  шүлгээ уншиж, уншигчидтайгаа уулзсан юм.    

Балжирын Догмидын сонгуулийн уулзалт 

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид “Уран үгсийн чуулган”-ы салхийг хагалж, хошин шог биш болсон явдал ярьж өгсөн юм. Тэрбээр “Энэ олон яруу найрагч байхад би урдуур нь орж шүлэг уншмааргүй байна. Шүлэг уншвал надад хэдэн юм бий. Гэхдээ залуучууддаа шүлэг унших боломж олгоё гэж бодож байна” хэмээгээд, Ардын их хурлын депутатад нэр дэвшээд,  иргэдтэй уулзаж байснаа ярьсан юм. 1990 онд юм гэнэ. Нэг өдөр “Үнэн” сонины ажлаа хийгээд сууж байтал Л.Түдэв гуай дуудаж, сонгуулийн сурталчилгааны ажил дууслаа, явж иргэдтэй уулз гэжээ. Гэтэл Б.Догмид гуай “Гарахгүй юм чинь яваад яах юм бэ” гэж. Харин Л.Түдэв гуай “Олон түмэн чамайг хүндэтгэж нэр дэвшүүлж байхад ядаж очиж уулзалт ч болов хий. Эндээс нэг хүний шадар туслахаар аваад яв. Хэнийг авч явах уу” гэсэн байна. Тэгээд зохиолч Жагдалын Лхагвааг авч явахаар болж. Гэтэл Л.Түдэв гуай томилолт дээр гарын үсэг зурахдаа “Ж.Лхагваа та хоёрыг явуулчихаад би юу бодож суух юм. Та хоёр депутат болно ч гэж байхгүй байх аа, зүгээр.

Дорноговийн эрүүлжүүлэхэд орчихов. Сонины нэр хүнд хөөдөлгүй аятайхан яваад ирээрэй” хэмээжээ. Ингээд Ж.Лхагвааг дагуулж явахаар болоод орж уулзаж, хамт явахаа хэлж, мөрийн хөтөлбөр боловсруулах хэрэг­тэй байгаагаа хэлсэн байна. Гэтэл Ж.Лхагваа гуай “Гарахгүй юм чинь хөтөлбөрөөр яах юм. Хэдэн шил архи аваад маргааш галт тэрэгний буудал дээр очоорой” гэжээ. Ингээд л маргааш нь Дорноговь руу явж дээ.  Явсаар Сайншандад очоод, Сонгуулийн хороонд бүртгүүлэх гэтэл уулзалтын төлөвлөгөө гарсан, та хоёртой уулзах хүн байхгүй. Шил шилээ дарсан 29 хүн уулзалт хийх гэж байна, театрт цаг байхгүй, айлаар явж л уулз гэж. Тэгээд байж байтал нэг өдөр радиогоор “Улаанбаатараас ирсэн Ж.Лхагваа, Б.Догмид  нарын иргэдтэй уулзах уулзалт 16:00 цагаас төв театр болно” гэж зарлажээ. Тэгэхээр Ж.Лхагваа гуай дээр гүйж очоод “Цаана чинь төв театрт уулзалт болох гэж байна гэтэл цаадах нь согтуу “Чи бид хоёр уулзчихаа биз дээ” гэсэн байна. “Юу яриад байгаа юм, уулзаагүй шүү дээ” гэтэл, “Уулзсан санагдаад байна. Чи ерөөсөө Цэцэгмааг дуудаад аль” хэмээлээ. Цэцэгмаа гэдэг нь Ж.Лхагваа гуайн эхнэр юмсанж. Согтуу хүн өөрийгөө хотод байгаа гэж бодсон хэрэг. Тэгэхээр Б.Догмид гуай уурлаад театр руу яваад очтол дүүрэн хүн ирчихсэн сууж байжээ.  Тэгээд үзэгчдэд хандаж “Миний шадар туслах Ж.Лхагваа сонины ажлаар хөдөө яваад ирээгүй байна. Та нар намайг ямар танихгүй биш. Асуулт асуугаад, би хариулаад явчихъя. Та нартай уулзчихаад мөрийн хөтөлбөрөө хийе гэж бодсон юм” гээд ярьж байтал Ж.Лхагваа гуай “Би энд амьд сэрүүн байна шүү” гэж хашгирсан аж.

Хартал цугларсан хүмүүсийн араар хана түшчихсэн, согтуу ирж байж гэнэ.  Тэгээд тайзан дээр гарч ирээд “Та нар бид хоёроос асуух юм байвал асуу. Ардаа ажилтай яарч яваа улс, бид хоёр” гэтэл хүмүүс жиг жуг гээд явчихаж. Бүр нэг улаан дээлтэй ахмад коммунист өвгөн босоод “Та нар төрийн сонгуулийн кампанит ажлаар түмний урд ирчихээд согтуу хөлчүү солиорч байдаг, яасан задарсан улс вэ” гэж загнатал өөдөөс нь “Чи яасан завтай өвгөн бэ. Чи чавганцаа дийлэхгүй байж Монголын хоёр том зохиолчтой хэрэлдэнэ гэж байхгүй шүү” гээд л явчихаж. Залгуулаад “Та нар Б.Догмидыг зохиол бичээд байхаар сүрхий эрдэмтэй гэж бодож байна уу. Төр барих нь байтугай гэр барьж чадахгүй хүн шүү” гэсэн байгаа юм. Гэтэл нэг хүн босоод “Ж.Лхагваа гуай та ямар хөтөч хийж яваа юу. Би Б.Догмид гуайгаас нэг юм асуумаар байна. Сүүлийн үед тэмээ хоргодоод, бууз, хуушуур болоод дууслаа. Та депутатад нэр дэвшиж байгаа хүн тэмээний талаар юу бодож байна” гэж асуув. Б.Догмид гуай хариулах санаатай бостол Ж.Лхагваа зохиолч “Энэ асуултад би хариулна. За хэдэн тэмээ хоргодсон юм.  Тэр тэмээгээр хэн бууз, хуушуур хийсэн юм. Та нар хийгээ биз дээ. Бид хоёр тэр хуушуураас чинь ганцыг ч авч идээгүй. Тэгж ярьвал тэмээний мах ч иддэг хүмүүс биш. Битгий доромжлоод байгаарай. Та нар Б.Догмидыг зохиол бичихээр ухаантай гэж бодоод байна уу. Зохиолыг галзуу, солиотой хүн бичдэг юм. Сайн зохиолч галзуурч, муу зохиолч согтож үхдэг юм. Би энд Б.Догмидыг сонгуулах гэж дагаж ирсэн хүн биш. Сонгуулахгүй байх гэж ирсэн. Тэгж ярьвал Б.Догмидыг хот руу шилжсэнээс хойш Хүнсний комбанитын архины борлуултын төлөвлөгөө тасар­сан шүү.  Яахаараа ийм хүнийг дэвшүүлж байдаг юм. Та нар согтуу байна уу, солиотой юм уу” гэж хэлээд уулзалтыг дуусгажээ. Ингээд л сонгуулийн уулзалтыг самарч, Б.Догмид гуай депутатаар сонгогдож чадаагүй гэдэг. 

Б.Галсансүх бурханд нэг, Т.Галсан долоон зөвлөгөө өглөө 

Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Догмид үзэгчдийг хөгжөөсний дараа яруу найрагч Н.Минжинсайхан, “Болор цом”-ын эзэн Н.Гантулга, СГЗ Ай.Төмөр-Очир, яруу найрагч М.Буянзаяа, Б.Сарантуяа нар ээлж дараалан шүлгээ уншсан. Мөн зохиолч М.Эрдэнэбат “Хөлгүй цэнхэр нуур” дууныхаа шүлгийг уншсан бол “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана, яруу найрагч П.Нямлхагва нар залгуулан шүлгээ уншиж, үзэгчдийг “дайлсан” юм. Түүний дараа яруу найрагч М.Билигсайхан гарч ирж “Гэгээн Монгол” шүлгээ уншсан бол үзэгчид дахиулж, “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлгээ” захилгаар уншлаа. Мэдээж Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гарч ирж “Монголоороо гоёдог”, “Хөх Лосол” тэргүүтэй гурван ч шүлэг уншиж, үзэгчдийг байлдан дагуулсан. Залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш “Эх орны тухай бодол” шүлгээрээ ямархуу яруу найрагч вэ гэдгээ говьсүмбэрчүүдэд мэдрүүлэв. Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Чилаажав “Агуу шүү агуу энэ орчлон агуу” хэмээх шүлгээ дуудсан.  “ Модернист фронтын удирдагч Б.Галсансүх “Бурханд хэлэх зөвлөгөө”-гөө дуудаж, нэг зөвлөгөө өгсөн бол “Уран үгсийн чуулган”-ыг хааж, “Өгсүүр замын дуу”-гаа уншсан юм. Мөн  “Б.Галсансүх л ганцхан бурханд зөвлөгөө өгдөг юм уу. Т.Галсан яагаад өгч болдоггүй юм. Тэгж ярьвал фост панк шүлэг” хэмээн хошигноод бурханд өгсөн долоон зөвлөгөөгөө уншсан юм.  Түүнээс зарим зөвлөгөөг хүргэе. 

Дөрөв дэх зөвлөгөө

Чи эрхтэн бүхэн гавьяатай байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Гарын, хөлийн хорин хумсанд
Гавьяа гэж юу байна аа
Тэрбум живаа нян гамин
Тэр хумсан дор бүгэж байна
Саваагүй бэртэгчингүүд хумсаа
Сарынхаа цалингаар будуулж байна
Өдрөөс өдөрт бидний амин зуулга
Үгүйрлээ гэж үгэлцгээж байна
Мангуу зарим нь хумс засварын үйлчилгээг
Манин хүү, пэдгэр хүүр гэж далчигнаж байна
Эх хэлээ бузарлахыг 
Эрдэм гэж андуурч байна
Цул улаанаар будсан хөлийн хумс
Цусан дуслууд шиг харагдаж байна
Нүгэл гэж сэжиглээд зугтах эрийн 
Нүүрийн урт хумсаараа хүүхнүүд пянздаж байна 
Бурхан чи буруугаа ойлгов уу
Зургаа дахь зөвлөгөө
Дов тойрсон долоон сүвийг чи 
Толгой хавьд өрсөн атлаа
Доошоо харсан хоёр сүвийг яагаад 
Тохиромжгүй орчинд байрлуулсан юм бэ
Өтгөн, шингэнийг бушуухан юүлдэг
Үнэртэй сүвний яг дэргэд
Янаг дурлалын нандин эрхтэнийг
Яагаад чи нааж орхисон юм бэ
Цэвэр ариун, гоо сайхны онолыг 
Чи ерөөсөө мэддэггүй юм уу
Эсвэл чи зориуд санаатайгаар
Эсэргүү хэрэг үйлдсэн юм уу
Бурхан чи буруугаа залруул