ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гахайн мялзан газар авч, томуугийн дэгдэлт гамшгийн хэмжээнд хүрлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-15

Гахайн мялзан өвчин Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сумдад гарсантай хол­бог­дуулан хүнсний худал­даа, хоол үйлдвэрлэл, үйл­чил­гээний газруудаас дээж авахад, нийт дээжийн 50 хувьд нь тус өвчний ДНК илэрчээ.  Улс орон даяар тархаад буй бас нэгэн халдвар нь томуу, томуу төст өвчин юм. Томуу, томуу төст өвчнөөр зөвхөн хүүхэд бус насанд хүрсэн иргэд өвчилж, өвчний тархалт сар шинийн баярын үеэр улам ихсэх төлөвтэй байгаа аж. Орон даяар үүсээд буй энэхүү нөхцөл байдалтай хол­богдуулж өчигдөр Ул­сын Онцгой комисс шуур­хай хуралдлаа. Хурал­даа­ны эхэнд  Гахайн мял­зан өвчний талаар Мал эм­нэл­гийн ерөнхий  газрын дарга Д.Түмэндэмбэрэл  мэ­дээ­лэх­дээ “Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид үхсэн гахайнаас авсан эдийн дээжээр “африкийн мялзан” өвчин болохыг тогтоосон. Гахайн африкийн мялзан өвчинтэй хол­бог­дуулан холбогдох газ­руу­дын хамтарсан аж­лын хэсэг ажиллаж бай­гаа. Монгол Улсын хэм­жээнд гахайн мах, махан бүтээг­дэхүүн импортоор оруулж ирдэг 10 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс дөрвөн бай­гууллагын агуулахад шинжилгээ хийсэн” хэмээн танилцууллаа. 

Рестораны хоолноос гахайн мялзан өвчин илэрчээ

Тэгвэл НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэхдээ “Нийслэлийн хэмжээнд га­хайн мах нийлүүлж байгаа 74 цэгээс дээж авна. Энэ сарын 11, 13-ны өдрүүдэд нийт 100 гаруй дээж авахад, түүний 50 хувиас нь гахайн мялзан өвчний ДНК илрээд байгаа. Гахайн мах импортлогч 10 аж ахуйн нэгжээс дээж авчихсан учраас түгээгч 74 цэгт нь хориг тавиад байна.  Түүнээс гадна худалдааны байгууллага болон хоол үйлдвэрлэгч газруудад хориг тавьж ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт 31 мянган гахай тоологдсоны 17 мянга нь нийслэл хотод байгаа юм. Гахайн мялзан өвчин хүнээс гахайнд халдварлах боломжтой. Тиймээс нийс­лэлд байгаа 130 аж ахуйн нэгжийн голомтын цэгт хориглолт хийж байна. Импортоор орж ирсэн гахайн өөхнөөс уг өвчний ДНК илэрсэн учраас Улсын онцгой комиссоос импортын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох нь зүйтэй юм. 10 аж ахуйн нэгж, 74 цэгт үйл ажиллагаанд нь хориг тавьсан мэдэгдлийг хүргүүлсэн. Гахайн мялзан нь хүнээс гахайнд амьсгалын зам болон бохир хувцсаар дамжин халдварладаг өвчин юм. Нийслэлийн хэмжээнд 1012 ресторан, 330 кафе, 808 баар, цэнгээний газар импортын гахайн мах хэрэглэж байгаа. Зарим рестораны хоолны үлдэгдлээс гахайн мялзан өвчний ДНК илэрсэн. Эдгээр газруудад, хяналт шалгалт хийж, тандалт судалгаа явуулна” гэв. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлийн мэдээлснээр гахайн мялзан өвчин нь хүнд болон таван хошуу малд халдварладаггүй аж. Харин тухайн төрөлдөө хор хөнөөл ихтэй бөгөөд энэ өвчнөөр өвчилсөн гахай бүр үхдэг байна. Онцгой комиссын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле энэ өвчний чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийг татан оролцуулах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлсэн юм. Хамгийн аюултай нь энэ өвчнийг эмчлэх арга байдаггүй бөгөөд, туссан л бол үхэлд хүргэдэг аж. Хүнд халдварлахгүй гэж байгаа ч ОХУ-ын эрдэмтний хэлснээр мутацид орох магадлалтай юм байна. 

Харин томуу, томуу төст өвчний дэгдэлт өссөөр байгаа талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. 

Сар шинийн үеэр олныг хамарсан томуугийн дэгдэлт гарах магадлал өндөр байна

Тэрбээр  “Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэгдүгээр сарын 3-наас эрчимжиж орон нутгаар алаг цоог байдлаар гараад байгаа. Одоогийн өвчлөлийн байдлыг харвал Цагаан сарын үеэр улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байна. Эмнэлгийн орны ачаалал нийслэлд өндөр байгаа. Одоогоор батлагдсан 900 гаруй орноос 50 гаруй хувиар хэтэрсэн байдалтай байна. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн эмнэлэг дээр нэмэлтээр тасаг гаргахаар  ажиллаж байна.  Томуу, томуу төст өвчний дэгдэлт Улсын хэмжээнд 9.3, нийслэлийн хэмжээнд 7.1, хөдөө орон нутагт 10.6 хувьтай байна. Хэрэв амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 15 хувьд хүрвэл хөл, хорио тогтоох ёстой. Хэдийгээр Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний эзлэх хувь 9.3 хувь байгаа ч зарим аймагт 17 хувьд хүрсэн. Тиймээс орон нутагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хязгаарлалт хийх хийх шаардлагатай болоод байгаа. Нийслэлийн хэмжээнд 977 хүүхдийн ор батлагдсан байдаг. Өнгөрсөн долоо хоногт эдгээр орон дээр 723 хүүхэд нэмэгдэж, орны ачаалал 73 хувиар нэмэгдсэн. Энэ долоо хоногийн хувьд орны хэтрэлт 52.3 хувьтай, 500 гаруй ор нэмэх шаардлагатай байна. Соошлоор яваад байгаа зураг шиг шалан дээр гудас дэвсээд хүүхэд авахгүй байгаа ч коридорт эвхдэг ор тавиад хүүхдүүдийг хүлээн авч байгаа нь бодит үнэн юм. Коридорт хүүхэд авна гэдэг хэвийн үзэгдэл огт биш. Гэвч өвдөөд ирж байгаа хүүхдийг ор байхгүй байна гээд буцаах эрх байхгүй. Эмч, сувилагч нарын өрөөг суллаж, эмнэлгийн ажилчид 24 цаг зогсоо байдалтай ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 86.3 хувь 0-4 насны хүүхдүүд байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын эрүүл мэндийн байгууллагаас 2018, 2019 оны хүйтний улиралд томуу, томуу төст өвчин дэгдэх нь гэдэг зөвлөмжийг өмнө нь өгч байсан. Тэр бүү хэл амьтны гаралтай өвчний вирус, хүний томуугийн  вирустай мутацид орж, цоо шинэ вирус үүсэх магадлалтай гэж байсан юм. Азаар тийм вирус гарсангүй. Гэхдээ томуугийн вирус цаашид ч үргэлжилнэ. Энэ төрлийн вирус дэлхий даяар хил, хязгааргүй тэнүүчилж байгаа. Тийм учраас бид гал унтраах замаар биш бэлтгэл ажлаа сайн хийх ёстой. Өнөөдрийн байдлаар том хүнд үйлчлэх ёстой бүх тасгаа хүүхдийн тасаг болгоод байна” гэв.  

Цалинтай чөлөө олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийднэ

Д.Сарангэрэл сайд Улсын онцгой комиссын хуралдаанд тодор­хой хэдэн саналыг оруулжээ. Нэгдүгээрт, Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нийслэлийн хэмжээнд багадаа 500 ортой эмнэлэг шаардлагатай байгаа аж. Тиймээс эхний ээлжинд Улаанбаатар хотод 500-гаас доошгүй хүүхдийн ортой эмнэлэг байгуулах саналыг оруулжээ. Хоёрдугаарт, хүн амынх нь 40-45 хувийг вакцинд хамруулдаг болъё гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Сайд хэлэхдээ, “Хэрэв вакцин гэдэг зүйлийг хүн төрөлхтөн нээгээгүй бол эдүгээ дэлхийн хүн ам долоон тэрбум бус, гурван тэрбум байх байсан гэж судлаачид үздэг юм билээ. Хатгааны вакцин хийлгэсэн 1000 хүүхдийн дунд судалгаа явуулахад томуугийн ид дэгдэлтийн үед тэдний 250 нь хатгаагаар өвдсөн байдаг. Өвдсөн хүүхдүүдийн тухайд амьдралын түвшин доогуур, архаг цус багадалттай, сульдаатай хүүхдүүд байсан юм. Хатгаагаар өвдсөн ч амь наснаас холуур, хөнгөн хэлбэрээр туссаныг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс хатгааны эсрэг вакцин маш чухал. 2019 оны дөрөвдүгээр сарын 01-нээс орон даяар бүх насны хүүхдүүдэд хатгааны эсрэг вакцин хийнэ. Мөн улирлын томуугийн вакцинд иргэдээ хамруулах шаардлагатай байгаа юм. Хүн амынхаа 40-45 хувийг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулсан нөхцөлд ханиад, томуугаас сэргийлэх бүрэн боломжтой гэж олон улсын стандартад заасан байдаг. Гэтэл манай улсын хувьд хүн амынхаа 0.6 хувийг улирлын томуугийн вакцинд хамруулж байна.  1.4 сая хүн.тун вакцин авахад шаардлагатай 10 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгаж өгөөч гэсэн саналыг оруулахад, уг санал дэмжигдлээ” хэмээлээ. 

Гуравдугаарт, 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхэд цалинтай чөлөө олгох асуудлыг ХНХЯ-тай хамтран Засгийн газрын хуралдаанд оруулахаар болжээ. Урьдчилсан байдлаар ХНХЯ-ны сайдтай ярьсан байна. 
Яаралтай хуралдсан Улсын онцгой комиссын хурлаар ОХУ,Польш, Герман, БНХАУ-аас импортолж байгаа гахайн мах болон өөхийг улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гарлаа. Мөн гахайн мялзан өвчнийг илрүүлэх ажлыг 30 хоногийн хугацаанд хийж, халдваргүйжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах, өвчилсөн гахайг журмын дагуу устгалд оруулж, нэгдсэн цэгт булах шийдвэр гарсан юм.