Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь аймгийнхаа иргэд, хөдөлмөрчдийг хүлээн авч уулзан, 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлуудынхаа тайлан болон 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг танилцууллаа. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, аймгийн засаг даргын дэргэдэх харьяа хэлтсийн дарга нар оролцов. Уулзалтын эхэнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь ард иргэдэд ажлаа тайлагнасан юм. Тэрбээр “Миний бие аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж эхэлснээс хойш 14 дэх удаагаа аймгийнхээ иргэдтэй уулзалт зохион байгуулж байна. 2018 онд бид иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэх, иргэдэд боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, тэдний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр голлон анхаарч ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын 2017 оны долдугаар тогтоолоор аймгийн эдийн засаг, нийгмийн, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлуулан, 114 төсөл, хөтөлбөрийг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд улсын төсвийн 3.2, орон нутгийн төсвийн 1.6 тэрбум төгрөгийг зарцууллаа. Урьдчилсан тоогоор манай аймаг 17730 хүнтэй болж, 2017 оныхоос 331 хүнээр буюу 1.9 хувиар өссөн. Харин 2017 онд 438.4 мянган толгой малтай байсан бол 2018 онд 427.5 толгойд хүрч, үхэр, адуу, ямаан сүргийн тоо 10.9 мянгаар буурсан үзүүлэлттэй байна. 2018 онд Улсын төсвийн 3.2 тэрбум, аймаг, орон нутгийг хөгжүүлэх сангийн 834 сая, сумдын орон нутгийг хөгжүүлэх сангийн 459.2 сая, автозамын сангийн 89.7 сая, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 217.5 сая, нийт 4.8 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажлыг бид хийсэн. 4.8 тэрбум төгрөг бол аймгийн хэмжээнд хаанаа ч хүрэхгүй мөнгө. Тиймээс 4.8 тэрбум төгрөгийг аймгийнхаа тулгамдаж байгаа асуудлуудад голлон зарцуулсан. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр аймгийн гол магистрал шугамын ажлыг улсын төсвийн 300.5 сая төгрөгөөр хийж, гүйцэтгэлээ. Сүмбэр сумын нэгдүгээр багийн айл өрхийг бохир, цэвэр байгууламжид холбох ажлын нийт өртөг 944.9 сая төгрөгөөр хийх ёстой. Үүнээс улсын төсвийн 313 сая төгрөгөөр 1380 метр бохирын шугамыг татсан. Үлдсэн 631.9 сая төгрөгийг энэ жил БХБ-ын сайдын багцад суулгахаар хөөцөлдөж байна. Найрамдал хотхоны 8, 15 дугаар байр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 425 дугаар нээлттэй хорих ангийн албан хаагчдын 75 айлын орон сууцны засварын ажлыг аймгийн орон нутгийг хөгжүүлэх сангийн 216.6 сая төгрөгөөр хийж, гүйцэтгэлээ.
Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 19.1 сая төгрөгөөр Найрамдал хотхоны орон сууцны гадна талбайг зүлэгжүүлэх, усалгааны 600 метр шугам хоолойг угсарлаа. Сүмбэр сумын нэгдүгээр багт гэрлэн дохио тавьж, түүнээсээ цааш төмөр замын дэлгүүр хүртэлх авто замын асуудлыг энэ жил шийдвэрлэж байна. Эрүүл мэндийн салбарын багаж, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхээр улсын төсөвт багагүй хөрөнгийг суулгасан. 182 сая төгрөгөөр төсөл хөтөлбөр, хандив тусламжаар хөрөнгө оруулалт хийсэн. Шивээ говь суманд 49.9 сая төгрөгийн эхо, томографикийн 4D аппаратыг нийлүүлсэн. Хүн амын дунд зонхилох элэгний “В”, “С” вирус, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, даралт ихсэх, чихрийн шижин өвчин, хөх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулахад 1.5 сая төгрөгийг зарцуулж, эрт илрүүлгийг хамралтыг 80 хувьд хүргэж ажилласан байна. Эрүүл мэндийн салбарынхан ялангуяа хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг сүүлийн жилүүдэд амжилттай зохион байгуулж байгаа. Манай аймгийн хувьд элэгний “В”, “С” вирусын эрт илрүүлгийн үзлэгийг амжилттай зохион явуулж, улсын хэмжээнд эхний тавдугаар байрт орсон. Боловсролын байгууллагын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж байна.
Үүний нэг жишээ нь 2012 оноос хойш ашиглалтад ороогүй байсан Сүмбэр сумын нэгдүгээр багт байрлах 100 хүүхдийн Канад цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр канад цэцэрлэг бус зургадугаар цэцэрлэг нэртэйгээр барьж, ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар өнөөдөр 135 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байна. Үүний үр дүнд Говьсүмбэр аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хүрээ 90 хувьд хүрээд байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, хүртээмж, чанарыг тогтвортой нэмэгдүүлэх, салбарын хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Тогтвортой хөгжил, сургуулийн өмнөх боловсрол” зөвлөгөөнийг орон нутагтаа анх удаа зохион байгуулсан. Багш нарын сургалтын арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, ахмад, залуу багш нарын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Ахмад багшийн зөвлөх үйлчилгээ” төслийг хэрэгжүүллээ. Бага сургууль, ахлах боловсролын чиглэлийн зургаан ахмад багшийг хими, биологи, математик, монгол хэл, гадаад хэлний чиглэлээр ахмад багш нарыг урьж ажиллуулсан байна. Эцэг, эхийн хүсэлтийн дагуу хоёр багшийг биологийн хичээлийн зөвлөх багшаар ажиллуулж, “Боловсролыг дэмжих дэд хөтөлбөр”-өөс урамшуулсан юм. Үүний үр дүнд манай аймаг улсын хэмжээнд химийн чиглэлээр ес, биологийн чиглэлээр долдугаар байранд орж байна. 2017 онд манай аймаг ЭЕШ-ын дүнгээр улсад 20 дугаар байрт орж байсан бол 2018 онд улсад долдугаар байранд орсон амжилттай байна. Энэ амжилтаа бататгаж суралцагч бүрийн сурлагын чанарыг ахиулах зорилт тавин ажиллаж байгаа. Биеийн тамир, спорт соёл урлагийг хөгжүүлэх чиглэлээр “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд насанд хүрэгчдийн ААШ тэмцээнийг зохион байгуулсан.
Мөн бүс, олон улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн тамирчид тогтмол оролцож байна. Спортын 11 төрлөөр улсын болон олон улсын тэмцээнээс 28 алт, 26 мөнгө, 45 хүрэл нийт 116 медалийг энэ онд хүртэж өмнөх оныхоос медалийн тоогоороо 25.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Боржигины өв соёлыг сурталчлах, өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Боржигин морин хуур”, “Боржигин уртын дууны дугуйлан”-г хичээллүүлж, ЕБС-ийн 90 гаруй сурагчийг хамруулан энэ дэд хөтөлбөрөөс хоёр сая төгрөгийн зардал гаргаад байна. “Хөгжмийн эгшиг-2018” бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулж, уралдаанд таван аймаг, 10 сумын 168 хүүхэд, 20 гаруй багш нар өрсөлдсөн томоохон тэмцээн болсон. Дуу бүжгийн “Боржигин” чуулга шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдаанд оролцож, “Боржигинжсон түүхэн дуулалт жүжиг”-ээрээ шилдэг бүтээлийн гранпри шагнал хүртсэн. Мөн шилдэг уран бүтээлчийн 32 номинаци шалгаруулснаас “Боржигин” чуулга 16 номинацийг авч, үнэмлэхүй амжилт гаргасан юм. “Боржигин ум марзай” эрдэм шинжилгээний хурлыг аймгийн ЗДТГ болон Боловсрол, соёл, урлагийн газар, ММСУХ, Говьсүмбэр аймгийн залуу уяачдын холбоотой хамтран зохион байгуулсан. Тус хуралд таван аймгийн 11 сумын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, ардын авьяастнууд оролцсон. Бид 14 дэх удаагаа иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж байна. Гурван сумынхаа баг болгонд очиж, тулгамдаж байгаа асуудал болон иргэдийн саналт хүсэлтийг сонсон, түүнд тулгуурлан аль болохоор хийх ажлынхаа төлөвлөгөөнд оруулж ажилладаг. Өнгөрсөн жил ЗДТГ-ын 75 албан хаагч нэг, хоёрдугаар багийн 989 өрхөөр нэг бүрчлэн орж, санал сэтгэгдлийг нь сонсож, судалгаа авсан. Уг судалгаанд үндэслээд ажлаа төлөвлөж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье” хэмээлээ.
Энэ жил нэг, хоёрдугаар багийн цэвэр усны асуудлыг бүрэн шийднэ
Засаг дарга Г.Батсуурь 2018 онд хийсэн ажлынхаа тайланг тавьж, 2019 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсны дараа аймаг, орон нутгийн удирдлагуудаас иргэд асуулт асууж, санал бодлоо хэллээ. Иргэд санал хэлэхээс гадна, бичгээр асуулт асууж, баярлаж талархсанаа илэрхийлэх хүн ч байсан юм.
Говьсүмбэр аймгийн нэгдүгээр багийн иргэн н.Мэндбаяр: Би Говьсүмбэр аймгийн нэгдүгээр багийн 119-ийн 2 тоотод амьдардаг. Манай амьдардаг орчимд улсын хөрөнгө оруулалтаар бохирын асуудлыг шийдэж өгсөн. Гэтэл зарим айлууд нь аравхан метр газар бохирын шугамаа татаад холбочихож чадахгүй, өвөл болсон хойно хүүхдүүдийн тоглодог газар асгаад байна. Хоёр, гурван айл бий. Өөрсдөө мэдэж байгаа байх. Өмнө нь энэ ажлыг хийсэн ч хоёр байгууллага хүлээж авсан бичиг байхгүй гээд энэ ажил дахин хөрөнгө гаргаж шинэчилсэн. Энэ асуудлаа шийдсэн үү. Барилга, хот байгуулалтын алба нь энэ ажлыг хүлээж авсан юм болов уу. Манай иргэд хогоо ил задгай хаядаг. Үүндээ анхаараач ээ.
Говьсүмбэр аймгийн иргэн н.Сайнаа: “Эйкүсора” гэдэг компани байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэж ойлгож байгаа. Гэтэл оны өмнө, арванхоёрдугаар сарын 20 хэднээс эхлээд 4, 5 хоног ажилласан байна. Бид он гараад хоёр удаа тэр компанийн үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр очсон. Эхний удаад нь харуулаас өөр хүн байгаагүй. Хоёр дахь удаа очиход Ууганаа гэдэг хүн өөрийгөө харуул гэж танилцуулсан. Тэрбээр “Бид 4-5 хоног үйл ажиллагаа явуулсан. Одоохондоо амарсан. Цаашид бид үйл ажиллагаа явуулна. Аймагт таван жил ашиглана гээд 300 сая төгрөг өгсөн” гэж ярьсан. Суурьшлын бүс дотор, аймгаас зургаан км зайд байгаа газар уул уурхайн үйл ажиллагаа явуулж болохгүй гээд иргэд зөвшөөрөхгүй байна. Энэ талаар аймгийн Засаг даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
Говьсүмбэр аймгийн нэгдүгээр багийн иргэн н.Алтангэрэл: Иргэд цахим ертөнцөд янз бүрийн л мэдээлэл бичих юм. Тийм болохоор би хэдэн зүйлийг асууж, тодруулах гэсэн юм. Аймгийн Засаг дарга Г.Батсуурийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тэрбумтан гэж бичсэн. Та тийм их хөрөнгө мөнгөтэй хүн үү. Хоёр тэрбум төгрөгөөр уурын зуух бариад, нэг тэрбумыг халаасалсан гэдэг. Энэ талаар тайлбар өгөөч. Нэг өндөр жийп авсан. Гэтэл одоо эвдрээд, явахаа больсон, нэг байранд оруулаад хаячихсан гэх мэдээлэл гараад байна. 34 газрыг улс тасдаад, талаар нэг тараачихсан. Говьсүмбэр аймгийн ард иргэд эзэмшлийн газаргүй боллоо гээд зарим хүн фэйсбүүкээр бичээд байна. Энэ мэдээлэл үнэн үү. Ардчилсан намын шинэ жилийг аймгийн удирдлагууд хийлгээгүй гээд байх юм. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Засаг дарга Г.Батсуурь: Өнгөрсөн жил 331.1 сая төгрөгөөр Төмөр замын байруудыг бохирын системд холбочихоод байгаа. Бид хөрөнгө мөнгөө зараад, айлуудын үүдэнд нь шугамыг аваачаад өгчихсөн. Айлууд багахан зардлаа гаргаад л холбочих хэрэгтэй. Нөгөө талдаа хийсэн ажлыг дандаа үгүйсгэж байдаг хэсэг хүмүүс байна. Төмөр замын орчинд байсан ил бие засах газрыг шилжүүлсэн. Хогийн савыг нь бэлдэж өгсөн. Орчныг нь бүрдүүлээд өгөхөөр иргэд ухамсарлаж, цэвэр цэмцгэр амьдарч эхэлсэн. Сайшаалтай байна. Бохир холбох ажлыг улсын комисс хүлээгээд авчихсан. Одоохондоо айлууд халуун, хүйтэн усаа сайн хэрэглэхгүй байгаа. Мөн зарим шугам хоолой хөлдөж магадгүй байдалтай байсан учраас усыг нь хараахан тавиагүй байна. Жигдрээд усаа хэрэглээд эхэлбэл усыг нь тавина. Нэг, хоёрдугаар багийнхны цэвэр усны асуудал хүнд байгаа. Гуравдугаар багийнхан харьцангуй шүүлттэй ус ууж байгаа юм. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг тэрбум төгрөгөөр нэг, хоёрдугаар багийн цэвэр усны асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
Засаг дарга Г.Батсуурь: “Эйкүсора” гэдэг компанийн асуудлыг байнга ярьж байгаа. Компанийн удирдлагууд нь бидэнтэй холбогдоогүй биш холбогдсон. Бид үйл ажиллагааг нь явуулахыг зөвшөөрөөгүй. Та бүхэнтэй бид адилхан санаатай байгаа. Энэ бол нэлээд их талбайг хамарсан ашиглалтын лиценз авчихсан компани. Бид үйл ажиллагаагаа зогсоо, цааш нь битгий явуул гэж хэлж, шаардаж байгаа. Тэд бол цаашид ажиллана. Хууль журмынхаа дагуу энэ газраас дээж авах гэж байгаа юм. Харин ч бүтэн нэг жил зогслоо. Та нар зогсоосны алдагдлыг төлнө шүү гэсэн. Аймаг, орон нутгийн мэдэх асуудал бол бид аль хэдийнэ зогсоочихсон. Гэтэл тэд БОАЖ, УУХҮЯ-наас зохих зөвшөөрлөө авчихдаг. Манай аймгаас хамаарахгүй, хууль журмынхаа дагуу зөвшөөрлөө авдаг. Гэхдээ цаашид бид нүүлгэх арга хэмжээ авна. Харин хууль журмынхаа дагуу ажиллахгүй бол эргээд бид өөрсдөө буруудах болчихдог. Тэгэхээр хуулийн байгууллагад хандана. 300 сая төгрөг авсан юм байхгүй. Тэр хүмүүс нь шилжүүлсэн бичиг баримтаа харуулж байж тэгж ярих ёстой байх. Аймаг, орон нутгийн дансанд мөнгө орж ирсэн юм байхгүй. Зарим нэг ТББ-ынхан улстөржихөө болимоор байна шүү.
Аймгийн Засаг дарга Г.Батсуурь: Хэвлэл, мэдээллээр янз бүрийн л мэдээлэл гарсан. “Монгол коммент”-ын хоёр нөхөр ч тууж өгсөн. Энэ бүгдийг хуулийн байгууллага шалгасан. Жил тойрон шалгагдаж, үнэн зөв нь олдсон. Ингэж хүний нэр төрийг гутааж болохгүй ээ. Би зөрүүлээд энэ мэтээр гүтгэсэн хүмүүсийг хуулийн байгууллагад өгч байгаа. Би аав, ээжээ өвлөж авсан таван хошуу малтай нь үнэн. 700-800 толгой мал байгаа. Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлдэг. Гэнэт л 4, 5 байртай болчихсон гээд л яриад байгаа. Говьсүмбэр аймагт нэг өрөө хоёр байр бий. Нэгэнд нь ээж маань, нөгөөд би өөрөө амьдарч байгаа. Улаанбаатар хотод хоёр өрөө хоёр байрыг нийлүүлсэн нэг гэртэй. Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгтээ бас дурддаг. Учиргүй гэнэт өсөөд байгаа юм байхгүй. ТВ9 телевизийн хоёр надаас уучлалт гуйсан. Шивээговь сумын хэдэн залуус бий. Сум удирдахыг хүссэн, мундаг улстөрчид. Тэд хамаг л захиалгыг дээр, дооргүй өгч бичүүлж байгаа нь тодорхой болсон. Хүссэнээрээ сумын удирдлагыг авсан. Би аймаг удирдаж байгаа хүнийхээ хувьд сумдынхаа удирдлагуудтай нэг баг болж, ажиллахыг хичээдэг. Тиймдээ ч гайгүй хүн тавиад, Шивээговь сумыг удирдуулахыг бодсон. Гэвч болсонгүй. Шивээговь сумын цэцэрлэгийн эрхлэгч хийж байхдаа санхүүгийн хязгаарлалттай дүгнэлт байнга авч байсан хүнийг зүтгүүлсээр байгаад л сумын Засаг даргаар томилсон. Иймэрхүү л зүйл өрнөж байна.
Автомашины асуудал хүндрэлтэй байгаа. Зарим машиныг засч сэлбээд, одоо болтол заримыг нь ашиглаж чадахгүй л байна. 34 га газрыг иргэдээс авсан юм байхгүй. Намайг Засаг дарга болсноос хойш лав тийм ажил хийгээгүй. Харин гурван сумынхаа гол зургаан газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авсан. Ардчилсан намын шинэ жилийг хийлээгүй гэх асуудал гарсан. Фэйсбүүкээр тавьж байгаа мэдээллүүдээ бодож бичиж байгаач ээ. Аймгийн шинэ жилийн комисс ажилласан. Арванхоёрдугаар сарын 28-ны дотор аймгийн төвлөрсөн том байгууллагууд шинэ жилээ багтааж хийе гэдэг шийдвэр гаргасан. Би өөрөө аймгийн МАН-ын дарга. 22-ны өдөр намынхаа шинэ жилийг хийсэн. 24-ний өдөр АН шинэ жилээ хийх ёстой байсан. 28-нд аймгийнхаа нэгдсэн шинэ жилийг хийгээд, дуусгахаар тохирсон. Яагаад гэвэл ард иргэд урт хугацааны амралтын үед аялдаг, салхинд гардаг, хот хүрээ ордог. Энэ нөхцөл бололцоог нь хангаж өгөх зорилгоор эртхэн шинэ жилийн үйл ажиллагаагаа дуусгая гэдэг үүднээс 28-ны өдөр аймгийнхаа шинэ жилийг хийчихээд хаасан. Гэтэл АН-ынхан 24-ний өдөр шинэ жилээ хийгээгүй. Бүхий л тоног төхөөрөмжийг үнэгүй ашиглаад хий гэж байхад шүү дээ. Тийм байтал хугацаандаа хийгээгүй байж хэл ам хийж, фэйсбүүк дээр бичдэг. Нэр усгүйгээр элдэв юм бичиж байгаа. Нэртэй устай хүн янз бүрийн юм бичиж, асуувал би уулзаж, тайлбарлаж өгдөг шүү.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга 2020 онд ашиглалтад орно
Иргэд микрофоноор асуулт асууж дууссаны дараа аймгийн удирдлагууд бичгээр ирсэн асуултуудад хариулт өгсөн юм.
-Хот тохижуулах газар нь унаа машингүй юм уу. Хогны машин ирэхгүй байна. Хонхороос хойших гэр хороолол хогондоо дарагдлаа?
-“Тохижилт Сүмбэр” компанийн дарга н.Энхбат: Тэр хавьд бид оны өмнөхөн яваад ачилт хийсэн. Сумын Засаг даргаар хуваарь гаргаж батлуулаад, гудамж бүрээр нь хуваарийн дагуу яваад аччихсан. Асуулт асуусан айл яагаад хогоо ачуулаагүй үлдсэн гэдгээ тодруулах хэрэгтэй байх. Хогтой холбоотой асуудал ярихад ард иргэдийн өөрсдийнх нь ухамсартай холбоотой. Нэг хашаанд 3-4 айл байдаг. Дундаа 2-3 савтай. Өвөл болохоор хурдан дүүрнэ. Дүүрэх болгондоо л иргэд хогоо ачуулах гээд байдаг. Гэтэл бидний ачаалал их. Сүмбэр сумын хэмжээнд бид 2421 айлтай гэрээ байгуулж, хогийг нь ачдаг. Хуваарийн дагуу явахад сардаа нэг удаа очих л хүчин чадалтай. Сая Засаг даргын орлогч хэлсэн. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар манай компанид нэг шинэ машин авч өгнө гэж. Нэгийг биш нэг хэсгийг авч байж хогынхоо асуудлыг шийднэ. Нөгөө талаар иргэд өөрсдөө ил задгай хог хаяхгүй, угаадсаа асгахгүй баймаар байна.
-Нэгдсэн эмнэлгийн барилга хэзээ ашиглалтад орох вэ?
-Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл: 2019 оны хавар барилгын ажил эхэлнэ. Шалгарсан компани хөрөнгө мөнгөтэй байвал энэ ондоо багтаад юм уу 2020 онд ашиглалтад орчих байх.
-Цэцэрлэг шинээр нэмж барих уу?
-Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл: Сүмбэр сумын тавдугаар цэцэрлэгийг 2019 онд өргөтгөнө. Мөн нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг засварлахаар Японы “Өвсний үндэс” төсөлд хамрагдахаар бичиг баримтаа явуулсан. Энэ ондоо шийдэгдэх байх гэж найдаж байна.
-Говьсүмбэр аймгийн нэгдүгээр сургуульд суурин компьютер, принтер дутагдалтай байна?
-Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл: Сүмбэр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгүүдийн техник хэрэгслийг нэмэгдүүлэх, сайжруулах ажлыг хийнэ.