Монгол Улсын Засгийн газрын тавдугаар тогтоолын дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өвлийн агаар-Өлчир бие” сэдэвт “Хаялга нуурын жавар” өдөрлөгийг энэ сарын 12-нд Хаялга нуурын хөвөөнд зохион байгууллаа. Өдөрлөгийг спортын гурван төрлөөр зохион байгуулж, нийт 27 байгууллагын 500 гаруй албан хаагч, иргэд оролцсон юм. Өдөрлөгийн нээлтэд Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл болон гурван сумын Засаг дарга нар оролцсон юм. Өдөрлөгийн Мөсний шагай харвааны тэмцээний тэргүүн байрт У.Ариун-Эрдэнэ даргатай Нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байрт Б.Отгончимэг даргатай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар шалгарлаа. Харин гуравдугаар байрт н.Нямбаатар даргатай Цахилгаан дамжуулах сүлжээний хамт олон шалгарав. Тэгвэл оновчтой цохилтын тэмцээний нэгдүгээр байрт Э.Тамир даргатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хоёрдугаар байрт Ш.Отгонжаргал захиралтай Политехник коллеж, гуравдугаар байрт н.Цэцгээ захиралтай Нэгдүгээр сургуулийн хамт олон шалгарч, өрсөлдөгчдөө манлайллаа. “Хөгжилтэй буухиа” тэмцээнд Баянтал сумын IV цэцэрлэг тэргүүн байр эзэлж, н.Дамдинсүрэн даргатай Онцгой байдлын газар, н.Бат-Очир даргатай Цагдаагийн хэлтэс удаалсан юм. Баг хамт олны авьяас, чадварыг шалгасан “Говьсүмбэр-2040” олимпын бэлэгдэл бүтээх тэмцээнд нэгдүгээр байрт У.Ариун-Эрдэнэ даргатай Нэгдсэн эмнэлэг, хоёрдугаарт байрт Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Улсын бүртгэлийн хэлтсүүдийн нэгдсэн баг шалгарав. Харин гуравдугаар байрт Аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн баг шалгарлаа.