Монголын морин спорт, уяачдын холбоо нь бусад төрийн бус байгууллага дундаасаа хамгийн том нь. Манай улсын 21 аймаг, бүх суманд салбар зөвлөлтэй. Нэг суманд л гэхэд тус холбооны 15-20 гишүүн байдаг. Энэ хүмүүс тухайн сум орон нутагтаа амьдрал, ахуй нь гайгүйд тооцогддог. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй гэсэн үг. Энэ холбоог дагасан хүн улс төрд ямагт амжилт гаргаж, дарга болдог жамтай. Өмнөх Ерөнхийлөгч М.Энхболд УИХ-ын дарга болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин тоосоо өргөж байсан бол Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болж мандаж явлаа.
Мөн аймаг, сумын салбар зөвлөлийн дарга нар тухайн орон нутгийнхаа ИТХ-ын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, дарга болдог. Одоо ч ажиллаж байгаа. Төр хориглоод байхад л уралдуулж хүүхдийн алтан амиар дэнчин тавьчихдаг холбоо гэхэд хатуудахгүй. Тэгвэл уяачдын нэртэй боловч улс төрийн зорилго нуусан энэ байгууллагыг Ц.Батсайхан удирдахаар болжээ. Өмнөх удирдлагууд нь “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулахдаа холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон тул хариуцлага хүлээж чөлөөлөгдсөн билээ. Үүний дараа тус холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Мөнхбаясгалан ажиллаж байгаад Их хурлаараа шинэ удирдлагатай болж буй нь энэ юм.
Ц.Батсайхан нь Монгол Улсын тод манлай уяач, авто спортын мастер, одоогоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирлын албыг хашдаг. “Айзам хамтлагийн дуучин гэдгээр нь олон нийт андахгүй. Холбоотойгоо олон жил ойрхон явсан нэгэн гэнэ лээ. Тэгэхээр шинэхэн Ерөнхийлөгч улс төрийн зорилгоо тэргүүнд тавих уу, эсвэл хурдан морины уралдаанаа холбогдох дүрэм журмын дагуу явуулдаг болгох уу гэдэг хоёр асуултын дунд сууна. Түүнээс хурдан морины уралдааныг хүүхдийн амиар дэнслэдгийг болиулаач гэж ард түмэн хүсэж байна. Түүнд улс төрийг бус морины уралдаанаа эмх цэгцтэй болгох зангараг байгаа эсэхийг цаг хугацаа харуулах үлдлээ.