Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь энэ сарын 24-ний өдөр Баянтал сумын иргэдтэй уулзаж, 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн тайлан, 2017, 2018 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм. Уулзалт Баянтал сумын Соёлын төвд болсон бөгөөд тус сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ үг хэлж, нээсэн. Түүний дараа Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тэрбээр “Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. 2016 онд Говьсүмбэр аймгийн удирдлагууд ажлаа авснаас хойш хийж, хэрэгжүүлсэн ажил, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 оны үндсэн шийдэл, 2018 онд хийх ажлынхаа талаар товчхон танилцуулахаар энэхүү уулзалтыг хийж байна. Аймаг орон нутаг хөгжих бүрэн боломжтой. Ард иргэдэд тулгамдаж байгаа цөөнгүй асуудал байдаг. Энэ бүхэнд үндэслэж бид үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. 2017 оны жилийн эцсийн байдлаар манай аймгийн хүн ам 17399 болж, өмнөх оныхоос 2.7 хувиар өссөн байна. Мал сүргийн тоо 438409 толгойд хүрч, өмнөх оныхоос 9.2 хувиар өслөө. Бид өнгөрсөн онд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж, бүтээн байгуулах ажлаа чанартай гүйцэтгэж, төрийн ажлыг хүнд сурталгүй, шуурхай хүргэх, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьж ажилласан. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ч цөөнгүй ажил хийснээ дурьдая” хэмээн тайлангаа эхэлсэн юм.
Дөрөвдүгээр сургуулийн дотуур байрыг засчээ
Тэрбээр тайлангийнхаа эхний хэсэгт Баянтал суманд хийж, хэрэгжүүлсэн ажлаасаа дурьдсан юм. Тодруулбал, “2016-2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, эдийн засгийн тогтвортой хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг зорьж байна. Улмаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр таван бодлогын 32 зорилт бүхий 119 ажлыг хийж хэрэгжүүлсэн. Аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлын хүрээнд есөн дэд хөтөлбөрийг бий болгосон. Есөн дэд хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутгийн нийгмийн болон эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж байгаа. Өнгөрсөн онд бид шинээр хоёр дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Залуучуудад чиглэсэн дэд хөтөлбөрийг ч хэрэгжүүлж байна. 2017 онд улсын төсвөөс 3.2, орон нутгийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж хэрэгжүүллээ. Бидний зүгээс аймаг орон нутгийнхаа эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөж, чанартай, үр дүнтэй, иргэдэд хүрсэн ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Баянтал суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудыг дурьдаж болно. Тухайлбал, 2016 онд 49.8 сая төгрөгөөр дөрөвдүгээр сургуулийн дотуур байрыг зассан. 125.4 сая төгрөгөөр 152 дугаар байрны гадна тоглоомын талбай, авто зогсоолыг засч, сайжруулсан. Дөрөвдүгээр сургуулийн спорт заал, бидний уулзалт хийж байгаа Соёлын төвийг цэвэр, бохир усны шугамд холбох ажлыг ч хийсэн байна. Мөн 2017 онд Баянтал сумын дөрөвдүгээр сургуулийн спорт заалны засварын ажлыг улсын төсвийн 35.2 сая төгрөгөөр хийсэн. Соёлын төвийн дээврийн ажлыг 40 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж, ашиглалтад оруулсан байна” хэмээн тайлагнасан юм.
29.8 сая төгрөгөөр Сүмбэр суманд гэрэлтүүлэг хийжээ
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь өнгөрсөн хугацаанд бусад сумдад ч хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ямар бүтээн байгуулалт өрнүүлсэн талаараа тайландаа дурьдсан. Тэрбээр “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн 75.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр сумын нэгдүгээр багийн бичил цэцэрлэгийг тохижуулсан. Сүмбэр сумын Найрамдал хотхоны явган болон авто зам, зогсоолыг сайжруулах ажлыг үргэлжлүүлж хийсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн 54.9 сая төгрөгөөр 1320 ам.метр явган хүний зам. 139.4 сая төгрөгөөр 2202 ам.метр авто замыг засч, ашиглалтад оруулсан. Автозамын сангийн 15 сая төгрөгөөр авто зогсоол шинээр байгуулсан. Түүнээс гадна, 20 сая төгрөгөөр 100 метр авто замын өргөтгөлийн ажлыг ч хийсэн байна. Сүмбэр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 29.8 сая төгрөгөөр нийтийн эзэмшлийн талбайд гэрэлтүүлэг хийсэн.
Мөн Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс улсын чанартай автозамын уулзвар хүртэлх гэрэлтүүлгийг 11.9 сая төгрөгөөр шинэчилсэн. Гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах үүднээс ОНХС-гийн 79.1 сая төгрөгөөр Баянбулгийн эгнээг жишиг гудамж болгон тохижуулсан. Түүнээс гадна, аймгийн төвийн 24 цэгт камер суурилуулж, нэгдсэн системд холбосон. Ингэснээр Говьсүмбэр аймгийн аюулгүй байдлыг хянах хяналтын системтэй болсны үр дүн гарч, гэмт хэргийн гаралт 9.5 хувиар буурсан. Хонхор хотхоны тавдугаар байрны дээвэр, нэгдүгээр байрны гадна фасадыг зассан. Одоогоор аймгийн төвд хоёр л байрны гадна засварын ажил үлдээд байна. Наймдугаар байрны гадна фасадын ажлыг одоо хийж байгаа. 2017 онд хийж хэрэгжүүлсэн гол ажлын нэг нь Говьсүмбэр аймгийн “Найрамдал” хотхоны уурын зуухыг шинэчлэх байлаа. Уурын зуухыг шинэчлэхэд улсын төсвөөс хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Ирэх долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр бүрэн ашиглалтад хүлээж авах гэж байна. Уурын зуух шинэчлэхэд шинэ барилга барьсан, цахилгааны асуудлыг иж бүрэн шийдвэрлэсэн. Ийм том бүтээн байгуулалт болсон. Одоо “Найрамдал” хотхонд байнгын хэрэглээний халуун ус өгч, халуун дулаанаар хангаж байгаа. Монголд хэрэглээний халуун ус өгдөг аймаг цөөхөн байдаг шүү. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар гээд л болох байх. Харин манай аймгийн хэрэглэгчид хэрэглээний халуун усыг байнга авч байна. “Найрамдал” хотхоны иргэд урьд жилүүдийнхийг бодвол дулаахан, сэтгэл хангалуун өвөлжсөн. Бид байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах талаас ажилладаг. Аймаг, сумдын төвийг ногоон байгууламжтай болгохоор зорьж, төлөвлөж ажиллаж байна. Хэдийгээр бид говь хээрийн бүсэд амьдарч байгаа ч гэсэн ногоон байгууламжийг бий болгож, арчилгааг нь сайн хийж, ургуулах хэрэгтэй. Тиймдээ ч бид албан байгууллагуудын дунд уралдаан зарласан. Шилдэг тохижилт, бүтээн байгуулалтын уралдаанд олон хүн маш идэвхтэй оролцож, өөрсдийнхөө амьдарч байгаа орчинг засч, сайжруулсан. Аймгийн шүүх, гуравдугаар цэцэрлэгээс авахуулаад олон байгууллага орчноо тохижуулж, сайжруулсан. Тиймээс бид 14.5 сая төгрөгийн урамшуулал олгосон. Жил болгон мод тарих өдрөөр идэвхтэй сайн оролцож, олон мод тарьсан иргэд, аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгож байгаа” хэмээсэн юм.
Говьсүмбэрийнхэн “Элэг бүтэн Монголд” хөтөлбөрт хамгийн идэвхтэй хамрагджээ
Говьсүмбэр аймгийн удирдлагууд иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг хангахын зэрэгцээ нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт ч гол анхаарлаа хандуулж байгаа талаар Г.Батсуурь дарга тайлангийнхаа үеэр хэлсэн юм. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд “Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэл” анхдугаар форумыг зохион байгуулсан. Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа гол гол асуудлыг шийдвэрлэсэн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-60 насны иргэд элэгний В, С вирусын үзлэгт маш сайн хамрагдсан. Манай аймаг улсын хэмжээнд үзлэгт хамрагдалтаараа гуравдугаар байрт орсон. Аймгийн нэгдсэн эмнэлэгт Орон нутгийн хөгжүүлэх сангаас 104 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, дорвитой засвар хийсэн. Мөн улсын төсвийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Энх тус дэм” өрхийн эмнэлгийн барилгын их засварын ажлыг хийж, хүлээж авсан. Нийгмийн салбарын хөгжил бол тухайн аймгийн хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Энэ үүднээс бид боловсролын салбарыг дэмжих дэд хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, сурах орчин нөхцлийг сайжруулахаар олон ажил хийж байгаа. Тухайлбал, тавдугаар сургуулийн дотуур байрны номын сангийн ажлыг хийсэн. Тавдугаар сургуулийн дотуур байр тохижилт сайтай, сурагчдын амьдрах орчин нөхцлийг хангаж өгсөн байр болсон. Зөвхөн Говьсүмбэр аймгийн иргэдийн хүүхэд биш ойролцоо аймаг, сумдын хүүхдүүд энэ дотуур байрт амьдарч, суралцаж байна. Улсын төсвийн 56.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёрдугаар цэцэрлэгийн барилгын ажил, дотуур байр, цахилгааны асуудлыг шийдвэрлэсэн. Шивээговь суманд тулгамдаж байгаа олон асуудлыг мөн шийдвэрлэж ажилласан. Боржигин өв соёлыг хөгжүүлэх, боржигин уртын дуу, морин хуур, боржигин дархчуудын хийсэн үнэт өвийг цаашид дэлгэрүүлэх, хадгалах талаас нь олон ажлыг хийж байна. Энэ хүрээнд бид 22 сая төгрөгөөр 30 ширхэг боржигин морин хуурыг авсан. Гурван сумандаа морин хуурын сургалт зохион байгуулж, нийтдээ 80 орчим хүүхдийг хамруулсан. Өнгөрсөн жил бид “Боржигин морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал цаашдын хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Манай аймгийг тойрсон боржигин 17 сумын удирдлага, иргэд энэ зөвлөгөөнд маш идэвхтэй оролцож, боржигин соёлыг түгээн дэлгэрүүлэх талаар олон санал хэлж, ажил хийхээр төлөвлөөд байгаа” хэмээсэн юм.
190 ортой нэгдсэн эмнэлгийн шавыг тавина
2018 оны төрийн албан хаагчдын хариуцлагын жил болгон зарлаж байгаа. Мөн энэ онд ямар ажил хийж, хэрэгжүүлэх гэж байгаа вэ гэдгийг ярианыхаа төгсгөлд тэрбээр хэлсэн. “Өнгөрсөн жилүүдэд төрийн албан хаагчид зөрчил гаргах, өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж асуудалд орох байдал хэд хэд гарсан. Тиймээс 2018 оны оны төрийн албан хаагчдын хариуцлагын жил болгож байгаа юм. Аймгийн Засаг даргын зүгээс төрийн есөн албан хаагчид сахилга хариуцлагын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлсөн. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс нээлттэй хаалганы өдөрлөгийг өнгөрсөн жил дөрвөн удаа зохион байгуулж, 3197 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Соёл урлаг, эрүүл мэндийн үйлчилгээнд 5000 гаруй иргэнийг хамруулж, мэдээ мэдээллээр хангаж ажилласан. Мөн бид 70543434 утсыг нээж ажиллуулж байгаа. Аль нэг байгууллагын төрийн албан хаагч хүнд суртал гаргаж, санал хүсэлтийг чинь хүлээж авахгүй бол энэ утсаар мэдээлж болно. 24 цагийн турш нээлттэй ажиллаж байгаа. 2017 онд 7967 иргэн бичгээр, нээлттэй утсаар 87 иргэн, нийт 8000 гаруй хүн санал хүсэлтээ бидэнд ирүүлсэн. Хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн. Цаашид бид төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийн төлөө илүү хичээж ажиллах болно. 2018 онд бид юу хийж хэрэгжүүлэх гэж байгаа талаараа танилцуулъя. 2018 онд бид аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлнэ. Говьсүмбэр аймгийн Сүмбэр цэвэрлэх байгууламж төмөр замын вокзалын баруун талд байдаг. Хавар, намрын шуургатай үед төмөр замд ажиллаж байгаа иргэдэд ажиллах нөхцөл хүндэрдэг. Гэх мэт олон шалтгааны улмаас цэвэрлэх байгууламжаа шинэчлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Мөн 190 ортой аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ. Шаваа энэ жил тавиад, 2019 онд барилгын ажлаа хийж, 2020 онд ашиглалтад хүлээж авна. Сүмбэр сумын төвд сүүлийн 4-5 жилд канад цэцэрлэгийг ашиглаагүй байсан. Энэ цэцэрлэгийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг хэвийн болгоно. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилгыг ашиглалтад оруулна. Манай аймагт Цэргийн алдар хөшөө бий. Өнгөрсөн жил өнгө үзэмжийг дээшлүүлж, засч янзалсан. Энэ жил дахин нэмж төсөв гаргаж, тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн” хэмээн ярьсан юм. Уулзалтын дараа Говьсүмбэр аймгийн Засаг дарга Баянтал сумын номын сан, сургуулийн үйл ажиллагаатай танилцсанаар иргэдтэй хийх уулзалт өндөрлөсөн.