ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Говьсүмбэрийн уяачид долоогоос дээш настай хүүхдээр хурдан морь унуулахыг дэмжлээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-05-30

Монголын морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймагт “Монгол уяач 3000” зөвлөгөөнийг зохион байгууллаа. 2011 оноос 21 аймгийн 50 гаруй суманд энэхүү зөвлөгөөнийг хийж эхэлсэн байна. Уг зөвлөгөөнд, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь,  ММСУХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж,  Шивээговь, Баянтал, Сүмбэр сумын 40 орчим уяач оролцсон юм. Энэ үеэр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар уяачдаас санал авч, санаа бодлоо солилцсон юм. Уяачдаас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, соёолон насны морийг дээд насанд тооцох, хаврын бүсийн уралдааныг хуульд тусгах, уяачийн улсын цол, наадмын тов тогтоох, уяачдын хариуцлага, хүүхдийн нас зааж өгөх, долоогоос дээш насны хүүхдийг уралдуулах гэх мэт өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа талаар санал авсан юм. Хуульд өөрчлөлт оруулахдаа уяачид цол олгох шалгуурыг нэмэхээр санал оруулж байгааг олон уяачид дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.  Мөн хурдан морь унах хүүхдийн насыг зааж өгөх, долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулах саналыг олонхи нь дэмжлээ.
 

Сүмбэр сумын залуу уяач н.Бүүвэйхүү “Хавар болохоор бүгд л морь уяаны ажлыг хийж,   хурдан морь уралдуулахаар дор бүрнээ хичээдэг. Гэтэл  хаврын уралдаан болох үгүй нь тодорхой бус байдаг. Тиймээс хуульд тусгаж өгсөн тохиолдолд хүн бүр наадамдаа бэлдэх боломжтой болж байгаа юм. Мөн соёолон насны морийг дээд насанд тооцох нь зөв гэж бодож байна. Үүнээс гадна, эрлийз болон Монгол морины ялгаа. Морь түрүүлж ирж байхад монгол хүн бүр баясдаг. Харин одоо түрүүлж ирсэн морийг эрлийз  гэж элдвээр хэлэх болсон. Тэгсэн хэрнээ бүгд эрлийз морины араас тэмцдэг. Бид эрлийз морио яаж ялгах вэ. Бид монгол морь тэжээх ёстой юу, эрлийз морь тэжээх ёстой юм уу. Залуу уяачдын төлөөлөл бид яахаа мэдэхгүй байна” хэмээн ярьсан юм.  
 

Шивээговь сумын уяач н.Мөнхтөр “Хүүхдийг нас зааж уралдуулахыг дэмжиж байна. Ингэхгүй бол тав, зургаахан настай хүүхэд морь унадаг. Тиймээс нас зааж уралдуулах нь зөв. Хавар долоогоос дээш, өвөл 12-оос дээш насны хүүхэд гэхээр насны хувьд яг болж байгаа юм. Сэрвээний өндрийг нэмнэ гэхээр нөгөө эрлийз морь уралдана гэсэн үг юм биш үү. Уяачдын цолны асуудал хуучин хэвэндээ байсан нь дээр. Тэгэхгүй бол залуу уяач нарт боломж олдохгүй болно гэсэн үг. Мөн наадмын тов нэг өдөр байсан ч ямар нэгэн асуудал гарахгүй байх. Улсдаа уралдах нь уралдаад, аймагтаа уралдах нь уралдана л биз. Энэ тийм ч их асуудал болохгүй” хэмээн саналаа хэлсэн.
 

Зөвлөгөөнд оролцсон ихэнх уяачдын санал нэг байсан бөгөөд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байв. ММСУХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж  идэвхтэй оролцсон уяачдад талархал илэрхийлж,  зөвлөгөөнийг өндөрлөсөн юм. 
Зөвлөгөөний үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны “Эрдэнийн очир” цолоор Сүмбэр сумын уяач  П.Амарсайхан, уяач Д.Отгонсүрэн нарыг шагналаа.