ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хамрын хийд орчимд олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-31

Уул уурхай, хүнд үйлд­вэрийн яам сар бүр хийдэг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Тус яамны сайд, хэлтсийн дарга нар өнгөрсөн оны жилийн эцсийн гүйцэтгэлийн статистик мэ­дээллээ танилцуулсан юм. Уг хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад сайд болон салбар хариуцсан хэлтсийн дарга нар хариулав. “Шатахууны үнэ 600 төг­рө­гөөр нэмэгдсэн. Гэтэл саяхан 100 төгрөгөөр буулаа.

Дахин үнэ буурах боломж бий юу” гэсэн асуултад Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр нар “Газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ бууж байгаа. 2018 оны намар А-92 шатахуун нэг литр нь 1990 төгрөгт хүрсэн. Харин дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурч, ОХУ-ын хилийн үнэ буурсан нь эерэгээр нөлөөлж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд 100 төгрөг, мөн сарын 25-нд 50 төгрөг, энэ оны нэгдүгээр сарын 15-нд 100 төгрөгөөр тус тус буурсан.

Нефтийн бүтээгдэхүүний үнэ 350 төгрөгөөр нэмэгдэж, сүүлийн хоёр сарын дотор 150-200 төгрөгөөр буурсан гэж тооцож байгаа. Ирэх хоёрдугаар сард  ОХУ-ын хилийн үнэ хоёр ам,доллароор нэмэгдэх төлөвтэй байгаа. Гэхдээ энэ үнэ нефтийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй. Үнэ нэмэгдэхгүй” гэв. Дахин үнэ буурах талаар хэн ч ам нээсэнгүй. Манай улс өнгөрсөн онд 6.4 сая баррель газрын тос экспортод гаргаж, 1.87 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон авчээ.

Мөн Дорноговь аймгийн нутаг дахь Хамрын хийдийн орчимд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, олборлолт явуулахаар бэлтгэл ажлаа эхлээд байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг цуцлах эсэх талаар сэтгүүлчид Д.Сумьяабазар сайдаас тодрууллаа. Тэрбээр “Хамрын хийдийн орчимд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийн асуудлыг бид удахгүй шийднэ. Тус компани 2007 онд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан байдаг. Энэ зөвшөөрлийг 2009 онд цуцалж, 2014 онд аймаг нь тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан.

Гэтэл шүүх 2017 онд эрхийг нь сэргээсэн. Ийм ёс зүйгүй байж болохгүй. Мэргэжлийн байгууллагын гаргасан шийдвэрийг ингэж болохгүй. Хэн гэдэг шүүгч ийм шийдвэр гаргасан гэдгийг тодруулж эзэнтэй болгоно. Эрт дээр үеэс шүтэж ирсэн ариун дагшин газарт олборлолт явуулж болохгүй. Энэ компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална. Уул уурхайн баялгийнхаа нөөцийг тогтооно гэдэг бүгдийг нь ав гэсэн үг биш” гэлээ.

Манай улс энэ онд урд хөрш рүү 50 сая тонн төмрийн хүдрийн  баяжмал, хоёр сая тонн зэсийн баяжмал, “Эрдэнэс Таван толгой” компани 15 сая тонн нүүрс экспортлох хүсэлт гаргажээ. Ийм хэмжээний экспортыг хийх бүрэн боломжтой гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ хятадын талтай эцэслэн тохироогүй байгаа гэнэ. Манай улс өнгөрсөн онд үйлдвэрлэсэн болон экспортод гаргасан уул уурхайн бүтээгдэхүүний статистик мэдээллийг товчлон хүргэе.

Улсын төсөвт 2.5 их наяд төгрөг төвлөрүүлэв

-Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт хоёр их наяд 51.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 80.0 тэрбум төгрөг, нүүрс 910.6 тэрбум төгрөг, цайр 76.9 тэрбум төгрөг, төмөр 17.1 тэрбум төгрөг, жонш 16.3 тэрбум төгрөг, зэс 871.9 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

6.4 сая баррель газрын тос экспортолжээ 

-Аж үйлдвэрийн салбар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байд­лаар  50.0 сая тонн нүүрс, 1.3 сая тонн зэсийн баяжмал, 20.7 тонн алт, 55 мянган тонн молибдений баяжмал, 3.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 80.7 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 87.9 мянган тонн цайрын баяжмал, 6.4 сая баррель газрын тос, 14.2 мянган тонн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна. Өмнөх оныхтой харьцуулахад 6.2 хувь, алт 4.1 хувь, хайлуур жоншны баяжмал 46.2 хувь, цайрын баяжмал 6.2 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 18.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 3.1 их наяд төгрөгөөр буюу 20.7 хувиар өссөн байна.

Экспорт импортоосоо давсан байна

-Гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 тэрбум ам.доллароор өссөн гэнэ. Экспорт импортоос давж зөрүү нь нэг тэрбум 136.7 сая ам.доллароор эерэг гарчээ. Экспорт долоон тэрбум 11.8 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 811.1 сая ам.доллароор өссөн ажээ.

Шатахууны 39 хоногийн нөөцтэй

-Манай улс 2018 онд 6.4 сая баррель газрын тос олборлон, 6.18 сая баррель газрын тос экспортолж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Газрын тосны бүтээгдэхүүн улсын хэмжээнд ердийн хэрэглээний 39 хоногийн нөөц байгаа ажээ. Өнгөрсөн онд 1.87 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авчээ.

Геологийн судалгаанд 24.6 тэрбум төгрөг зарцуулна

-Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажилд нийт 24.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс геологийн зураглал, ерөнхий эрлийн болон сэдэвчилсэн судалгааны 26 төслийг 20.5 тэрбум төгрөгөөр, шинээр хэрэгжүүлэх геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаанд 4.1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

21.9 тонн алт тушаалаа

-Алт олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж, олборлосон алтыг худалдан авах нөхцлөөр зээл олгох ажлыг Хөгжлийн банк, Монголбанктай хамтран зохион байгуулжээ. Үүний үр дүнд Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж 21.9 тонн болсон байна