ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймгийн ХДТ-ын жүжигчин гадны нөлөөгүй амиа алдсан гэх шүүхийн дүгнэлт гаржээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-13

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын Ерөнхий найруулагч асан Д.Тэнгисмаа зуурдаар амь насаа алдсан билээ. Найман хавирга нь хугарч, тархиндаа тоолж барамгүй их бяцралттай байсан талийгаачийн цогцост, хоолойг нь боосон мэт цус хурсан, цээж хэсэгт нь цохисон мэт улаан оромууд, хоёр өвдөг нь хөхөрсөн, баруун гарын чигчий хурууг хурц юмаар зүсэж урсан уу гэмээр гүн шархтай байсныг ар гэрийнхэн нь хэлсэн юм. Мөн түүний өмсөж байсан гадуур хувцас нь чирсэн гэмээр шороо болсон байсан тухай талийгаачийн ах Д.Б хэлэв. Түүгээр ч барахгүй эмч талийгаачийн хувцсыг тайлах үед ухаан орохдоо “Намайг битгий зодооч” гэж байсныг тухайн эмч ар гэрийнхэнд нь дуулгажээ. Энэ бүгдийг үндэслэн ар гэрийнхэн нь түүнийг бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Шүүх шинжилгээний албан ёсны дүгнэлт гараагүй байхад ар гэрийнхэнд нь гадны нөлөөгүй гэх тайлбарыг өгөөд байв. Тэгвэл шинжээчийн албан ёсны дүгнэлт мөн л эхний байдлаар “гадны нөлөөгүй” гэж гарсныг талийгаачийн ах Д.Б хэллээ. Түүнээс хэргийн талаар тодруулахад “Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэж гарсан. Бид цогцос нь ямар байсныг нүдээр үзсэн. Ямар ч хүн харсан хүнд зодуулсан гэдэг нь тодорхой байсан. Ямар шалтгаантай ийм дүгнэлт гараад байгааг мэдэхгүй юм. Бид энэ дүгнэлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Үс нь хүртэл зулгаасан гэлтэй маш их ширэлдсэн байсныг эмч нар хайчилсан. Хамгийн сүүлд хамт байсан хүн нь театрын даргын нөхөр, Д гэдэг хүн байсан гэсэн. Тэр хүн дүүг маань ажлаа өг гэж дарамталж байсныг бид мэднэ. Хэргийн үнэн мөнийг шударгаар тогтоогоосой гэж өдөр бүр залбирч байна” гэв.  Түүнийг шатнаас унаснаас үүдэж ийм гэмтэл авсан гэх дүгнэлтийг холбогдох газраас өгч байгаа. Бид хэргийн газарт очиход талийгаачийг унасан гэх шат нь хоёр орчим метрийн өндөртэй, 1.5 метр орчим өндөр битүү хашлага бүхий орон сууцны тагт мэт шат байв.

Уг тагтнаас санаатайгаар амиа хорлох гэж үсрээгүй л бол санамсаргүй байдлаар яагаад ч унах боломжгүй гэмээр өндөр хашлагатай байв. Манай сонины сурвалжлах багийг очиход тус театрынхан үсний найранд явсан тул жижүүрээс өөр хүн байсангүй. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийг ажлаа өг гэж дарамталдаг байсан гэх Д нь одоо тус театрын туслах найруулагчаар ажилладаг бөгөөд түүний эхнэр, тус театрын дарга С нь БНСУ-д амьдарч байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр театрын дарга С болон түүний нөхөр Д нь талийгаачтай таарамжгүй харьцаатай байсан гэх. Туслах найруулагч Д нь өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан тухай талийгаачийн ар гэрийнхэн хэлж байсан юм. Тэгвэл уг хэргийн талаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Д.Буяндалайгаас тодруулахад “Шинжээчийн дүгнэлт гарсан. Хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүйгээр хэргийн талаар мэдээлэл өгөхгүй” гэв.

Харин тус аймгийн Орлогч прокурор Ч.Бямбажаргал “Эцсийн байдлаар дүгнэлт гараагүй байгаа. Шинжээчийн дүгнэлт л урьдчилсан байдлаар гарсан. Гэхдээ яг ямар дүгнэлт гарсныг сайн мэдэхгүй байна. Мэдэж байсан ч олон нийтэд мэдээлэх шаардлагагүй. Гадны нөлөөгүй гэдэг чинь ямар гэмтлээс үүдэлтэй байна вэ гэдгийг нь л харж байгаа юм. Түүнээс биш гадны нөлөөтэй байна уу үгүй юу гэдгийг гаргахгүй. Шинжээчийн дүгнэлт зөвхөн гадны нөлөөгүй гэж гарахгүй. Бусад бүх нөхцөл байдал, асуудлуудыг шалгаж, тодруулж байж болно. Бид хүний амь нас хохирсон асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгч, өөр мэдээлэл өгөхөөс татгалзав. Олон нийт мэдэх эрхтэй.

Харин хууль хяналтын байгууллагынхан хэргийг мөрдөж, үнэн мөнийг тогтоон олон нийтэд мэдээлэх үүрэгтэй улс. Гэтэл “Мэдэж байсан ч олон нийтэд мэдээлэх албагүй. Зөвхөн ар гэрийнхэнд нь мэдэгдэх ёстой” гэсэн тайлбарыг өгч байгаа нь сонин. Тэд “Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэх үгсээр олны амыг таглаж суухад үрийнхээ ард үлдсэн эх, өнчирч хоцорсон хоёр нялх үрс бүлтийтэл харж, хэргийн үнэн мөнийг олоосой хэмээн залбирч сууна. “Хамт олныхоо баярт явчихаад ирье” гээд гоёж гоодоод гарсан үрээ хөх няц болсон цогцос болоод ирэх юм гэж хөөрхий буурай санаагүй нь тодорхой. Амьсгал хураахдаа “Битгий зодооч хэмээн” бувтнаж байсныг нь сонссон ямар ч хүн санамсаргүй байдлаар шатнаас унаад амиа алдсан гэхэд итгэхэд бэрх билээ. Гэвч хууль хяналтын байгууллагаас гадны нөлөөгүй гэх тайлбарыг ар гэрийнхэнд нь өгч, хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгөхөөс татгалзсаар байна.