Хөдөө орон нутагт ажлын байр цөөн байгаагаас иргэд ажилтай орлоготой болох боломж хомс байдаг. Тэгвэл Хөдөлмөр халамж үйлчилгээний газар “Гэрээт малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн аж. Энэ талаар тус газрын дарга Б.Нямдаваагаас тодрууллаа.
-“Гэрээт малчин” хөтөлбөр 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Хэр үр дүнтэй байв?
-Өнгөрсөн жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд бид зорилтод бүлгийн ажилгүй байгаа иргэдийг аль болох ажилтай орлоготой болгох чиглэл барьж ажилласан. Мөн өрхийн амжиргааг нь дэмжих чиглэлээр үндэсний зөвлөлөөс зургаан хөтөлбөр баталж ажилснаас гадна хоёр туршилтын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөдөөгийн малчдын дундаж наслалт харьцангуй өндөр болж, магадгүй 10 жилийн дараа мал маллах залуучууд хомсдож болзошгүй байгаа. Тиймээс аль болох залуу малчдыг нэмэхийн тулд “Гэрээт малчин” туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Туршилтаар үр дүнтэй байсан учир цаашид хэрэгжүүлэх боломжтой гэж үзээд 2018 оны сүүлээр баталсан. Улмаар 2019 оноос малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт “Гэрээт малчин” хөтөлбөрийг нэмж орууллаа. Мөн зохион байгуулалттай ажлын байрыг бий болгохоор бүлгийн зохион байгуулалтад орж, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нээж өгөх нь зүйтэй юм гэж үзсэн. Малчид өвөлжөө, хаваржаа, худаг барих, ноолуураа самнах гэх мэт онцгой ажлууд гардаг. Гэсэн ч ажиллах хүний нөөц хүрэлцдэггүй. Тиймээс сумын төвд ажилгүй байгаа найман хүнийг нэг бүлэг болгоод нэгдсэн зохион байгууллалтай ажиллаж, өөрсдөө орлого олох боломжтой гэж харсан. 2018 онд нийтдээ 500 сая төгрөгийг туршилтын хөтөлбөрт зарцуулсан.
-Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй хүмүүст ямар шаардлага тавьж байгаа вэ. Одоогийн туслах малчин гэж нэрлээд байгаа ажил хөдөлмөрийг хэлж байна уу?
-Яг зөв. Одоогийн туслах малчин гэж нэрлээд байгаагийн боловсон хувилбар нь гэж хэлж болно. Мал маллаж байгаад цас зуданд малаа алдаад, төв суурин газар бараадсан иргэд, сум орон нутагтаа эргэж очоод малчин болох хүсэлтэй иргэдэд гэрээт малчнаар ажиллах эрх нээлттэй. Малчин биш байсан ч болно. Гол нь малчин ажилтан хоёр хоорондоо гэрээгээ хийгээд, тохиролцох боломжийг олгож байгаа.
-Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөх боломжтой гэсэн үг үү?
-Гэрээт малчнаар ажиллах бол хэд хэдэн давуу талыг бий болгосон. Тэдний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг нь улсаас төлнө. Мөн аймгийн төвөөс сум руу нүүх нүүлгэлтийн зардлыг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас олгоно. 1990 оноос хойш аман маягаар ажил олгогч малчин, ажилтан хоёр гэрээ хийдэг байсан. Гэрээтээр ажиллаж буй малчин, магадгүй нэг өдөр “Мал маллах боломжгүй боллоо та өөрөө малаа малла, эсвэл өөр хүнээр малаа маллуул” гээд орхиод явдаг. Нөгөө талаас ажил олгогч малчид тохирсон цалин хөлс, төлөө өгөхгүй тохиолдол гардаг. Тэгвэл үүнээс сэргийлэх, хариуцлагыг бий болгох зорилгоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, гэрээт малчин иргэн, ажил олгогч малчин гурвын хоорондын хамтарсан гэрээ байгуулна. Харин эрхзүйн хувьд аль нэг нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжийг олгож байна гэсэн үг.
-Гурвалсан гэрээндээ гэрээт малчинд олгох цалингийн хэмжээг заасан уу?
-Цалингийн хувьд тухайн ажил олгогч гэрээт малчнаар ажиллаж байгаа хоёр хүн хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна гэсэн шаардлагыг тавьж байгаа. Дээд хэмжээг нь гэрээт малчин ажил олгогчтойгоо авсан төлийнхөө хэмжээгээр тохирох эсвэл, сар бүр гэр бүлийн хоёрт 500, 500 мянган төгрөг өгөх үү гэдгийг өөрсдөө тохирно гэсэн үг.