Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдсэн. Шимтгэлийн нэмэгдлийн талаар болон бусад асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасангаас тодрууллаа.
-2019 он гарсаар нийгмийн даатгалын байгууллага иргэдэд хамааралтай ямар чухал өөрчлөлтүүдийг оруулсан бэ?
-2017 онд УИХ-аар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг даатгуулагчийн хувь 2.5, ажил олгогчийн зүгээс 2.5 хувь байх шийдвэр гарсан. 2018 онд нэг, 2019 онд 0.5 хувиар нэмэгдсэн. Ирэх 2020 онд нэг хувиар нэмэгдэнэ. Зөвхөн 2019 онд нэмэгдсэн үг биш. 2020 онд нэг хувиар шимтгэл нэмэгдээд дуусна гэдгийг иргэд мэдэж байх хэрэгтэй. Даатгуулагч болон, ажил олгогчийн зүгээс нийтдээ таван хувиар нэмэгдсэн гэсэн үг. Мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд зургаан сараар нэмэхээр шийдвэрлэснийг өөрчилж, гурван сараар нэмэхээр боллоо. Даатгуулагч тэтгэвэрт гарах насаа өөрөө сонгодог байх уян хатан зохицуулалтыг хийсэн. Ингэснээр даатгуулагч нийгмийн даатгалд 20 жил гурван сар шимтгэл төлсөн бол 2018 онд эрэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 60, эмэгтэй нь 50 болон 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй болсон. Мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэхгүй байхаар шийдвэрлэлээ.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр хувийн аж ахуй нэгж, байгууллагуудад хүндрэл үүсдэг гэсэн шүүмжлэл байдаг?
-2008 онд ажил олгогчийн зүгээс 13 хувийн шимтгэл төлдөг байсан. Харин одоо ажил олгогч даатгуулагч хоёр тэтгэврийн даатгалын шимтгэлд тус бүр 8.5 хувийн даатгал адилхан хэмжээгээр төлж байгаа. Харин бусад тэтгэмж ажилгүйдэл, үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэл нийтдээ 25 хувь байгаа. Ихэвчлэн хүнд уул уурхай, үйлдвэрлэлийн осол гардаг салбаруудад энэ хэмжээний шимтгэл явагддаг.
-Шимтгэл нэмэгдээд байдаг. Эргээд тэтгэврийн сангийн хөрөнгө хэр нэмэгдэж байгаа вэ?
-2018 оны жилийн эцсийн мэдээгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн орлого 80 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Ер нь жилдээ улсаас 600 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн татаас авч ахмадуудад олгодог. Энэ мөнгөнөөс 95 оноос өмнө тэтгэвэрт гарсан буюу цэргийн албан хаагчдын тэтгэврийг тавихад нийтдээ 400 орчим тэрбум төгрөгийг авдаг. Харин 240 орчим тэрбум төгрөгийг цэвэр тэтгэврийн даатгалын сангаас тавьдаг. 2018 онд 80 орчим төгрөгөөр орлого давж биелснээрээ 2-3 жилийн дараа тэтгэврийн сан өөрөө бүрэн тэтгэврээ тавиад явах боломжтой болно гэж харж байна.
-Иргэдийн дунд сүүлийн долоон жил өндөр төлвөл тэтгэвэр тэр хэмжээгээрээ өндөр тогтоно гэсэн ойлголт байгаа. Таван жил үү, долоон жил үү?
-Дараалсан таван жил байж байгаад 2019 оноос зургаан жил, 2020 оноос долоон жил болоод хэрэгжээд явна.
-МУ-ын иргэдийн дундаж насжилт багасаж иргэд тэтгэвэртээ гарч чадахгүй нас бардаг тохиодол их байгаа. Тэгэхээр насаараа ажиллаж шимтгэл төлөх шаардлага байгаа юм уу?
-Тухайн жилд төрсөн амьгүй төрөлт, осол гэмтэл гэх мэт бүх нас баралтыг бодоод монгол хүний дундаж наслалтыг гаргаж байгаа. Монгол эмэгтэй хүн дунджаар 22.5 жил тэтгэвэр аваад явж байна. Боломжийн хугацаа гэж тооцож байгаа.
-Нэгэнт л салбартаа шинэчлэл хийж байгаа учир эргээд тэтгэврийг нь үр хүүхдүүдэд нь өвлүүлэх санал санаачилга танай газраас гарч байгаа юу?
-Энэ жил УИХ-аар Нийгмийн даатгалын сангийн тухай багц хууль д нэмэлт, өөрчлөлт орно. Ажлын хэсэг ажиллаж байна. Олон шинэ өөрчлөлтүүд орно.