Гуравдугаар сарын 6-ны өдөр Энэтхэг улсаас манай улсад ажилладаг иргэнээс Улаанбурхан өвчний тохиолдол илэрсэн аж. Цаашид манай улсад тархвар судлалын эрсдэл үүсэж, халдварт өвчин тархах эрсдэл үүсч болзошгүй байгаа талаар мэдээлж буй. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.
-ХӨСҮТ-өөс ямар арга хэмжээ авч, ажиллаж байна вэ?
-Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюутолгой” компанид гадаад улсаас ирж ажиллаж буй инженер халуурч тууралт гарсан шинж тэмдэг илэрч, манайд хандсан. Уг иргэнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу лабораториар батлагдаж, Монгол Улсад улаан бурхан өвчин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдоод байна. Бид Ханбогд сумын болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай онлайнаар шуурхай хуралдаан хийж, заавар зөвлөгөө өгч гуравдугаар сарын 7-ны өглөө 07:40 минутын онгоцоор ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг илгээгээд байна. Одоогоор өвчтөнийг тусгаарлаж, голомтыг дэлгэрүүлэхгүй байх ажлыг эхлүүлсэн. Өвчтөн болон ойрын хүрээнд байсан 12 хүнийг тус тусад тусгаарласан байгаа. Өвчнийг тархаахгүй, тэнд нь дарахаар зорин ажиллаж байна. Манай ажилтнууд халдвар тарахаас сэргийлэх чиглэлээр бүхий л ажлыг зохион байгуулна. Шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгсэл, вакциныг авч явсан. Улаанбурханы дэгдэлт 2016 оноос хойш анх удаа лабораторийн шинжилгээгээр баталгаажсан нь энэ болж байна
-Манай улсад улаанбурхан өвчин хамгийн сүүлд хэзээ дэгдэж байсан бэ, илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл өгөөч?
-Бид яагаад шуурхай мэдээ, мэдээлэл өгч байгаа вэ гэхээр, Улаанбурханы дархлал вакцин хийлгээгүй, дархлаа нь суларсан бүлэг хүмүүст энэ өвчний вирус маш хурдан халдварладаг. 2015, 2016 онд хоёр жил дамнан 50 мянга гаруй хүн улаанбурханаар өвдсөн. Энэ нь дархлаажуулалтад хамрагдаагүй байсантай холбоотой. Тиймээс ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг анхааруулъя. Улаанбурхан өвчин нь вирусын шалтгаантай, амьсгалын замын тууралттай цочмог халдвартай. Бага насны хүүхэд, дархлаа султай хүмүүст халдварлах магадлал өндөр байдаг. Эхний ээлжинд халуурч эхэлнэ. 1-2 өдрийн дараа биеэр улаан гөвдрүүт тууралт дээрээсээ доошоо гарна. Нус нулимс гойжих, хоолой өвдөх, нүднээс нуух гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Өвөл, хаврын улиралд дэгдэлт өндөртэй.
-Дэлхий дахинд улаанбурхан өвчин хурдацтай тархаж байна гэлээ. Дархлаажуулалтын вакцин хүртээмжтэй байгаа юу?
-Эрүүл мэндийн сайд албан даалгавар гаргасан. Энэхүү даалгаврын хүрээнд бэлэн байдлыг хангаж эмч мэргэжилтнүүдээ давтан сургалтад хамрагдуулах, дархлааны түвшин хамгийн бага гэж үзэж байгаа 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулахад шаардлагатай 515 мянган тун вакциныг захиалсан. ДЭМБ-аас улаанбурхан өвчин дэлхий дахинд дэгдэлт өндөртэй байгаатай холбогдуулан олон зөвлөгөө, санамж, сэрэмжлүүлгийг авч байсан. Улмаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ-аас цаг тухай бүрт нь ард иргэдэд зөвлөгөө сэрэмжлүүлгийг хүргэх зохион байгуулалттай ажлыг хийсэн. 2018 оны жилийн эцсийн байдлаар Энэтхэг, Тайланд, Япон, Малайз, Украйн, Гүрж, БНХАУ, ОХУ зэрэг оронд улаанбурхан өвчний дэгдэлт гараад байна. Тухайлбал, Энэтхэг улсад 64900 хүн улаанбурханаар өвчилжээ. 2017 онд ДЭМБ-ын мэдээлснээр 0-5 хүртэлх насны 110 мянган хүүхэд зөвхөн энэ өвчний хүндрэлээр нас барсан байна.