ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Амгаланбаатар: Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт 1300 хүүхэд хамрагдана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-11

БСШУСЯ-нд 2019-2020 оны хичээлийн жилд гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт оюутан залуусаа хамруулах сонгон шалгаруулалт хийгдэж байна. Энэ талаар  БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн З.Амгаланбаатараас тодрууллаа.

-Энэ жил гадны тэтгэлэгт хөтөлбөрт ямар улсад, хэчнээн  хүүхэд суралцах боломжтой вэ? 
-БСШУС-ын яамнаас 2019-2020 оны хичээлийн жилд хоёр улсын Засгийн газрын хоорон дахь хэлэлцээрийн дагуу 1300 хүүхэд гадны улсын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Өнөөдрийн байдлаар ОХУ, БНСУ-ын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлагдсан явж байгаа. БНСУ-ын тэтгэлэгт хөтөлбөр Элчин сайдын яаманд, харин ОХУ-ын тэтгэлэгт  хөтөлбөр Оросын соёл шинжлэх ухааны төвөөр  дамжиж бүртгэл  хийж байна.  Хэдхэн хоногийн  өмнө Унгар, Польш, Украйн, Болгар зэрэг  найман улсын  сонгон шалгаруулалт хийгдээд дууссан. Удахгүй БНСУ-ын ИЛВҮҮ сангийн бакалаврын зэргийн тэтгэлэгт хөтөлбөр, мөн боловсролын зээлийн сангийн  мастер, доктор, Роснефтийн зэрэг тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлаг­дахаар хүлээгдэж байна.

-Тэтгэлэгт хөтөлбөрт хам­раг­дахын тулд  ямар гол шаардлага хангасан байх ёстой вэ?
-Ерөнхий шаардлага нь математик, англи хэлний мэдлэгийн түвшин маш  өндөр байх ёстой. Мөн голч дүн  өндөр  байх, аль ч тофелийн оноотой байвал  давуу тал болдог.  Төгсөөд  ирсэний дараа эргэн төлнө гэсэн зүйл  байхгүй, 100 хувь Засгийн газар хоорондын  гэрээгээр зохицуулагддаг. Хоёр улсын хоорондын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу тавигдах шаардлага болон, мэргэжлийн чиглэлүүд байгаа. Тухайлбал, Болгар улсад Хөдөө аж ахуйн чиглэлээр, Польш улсад бүх чиглэлээр гэх зэргээр зарлагдсан. Гэхдээ тухайн зарлагдах үед бүх мэдээллүүд нарийвчилсан байдлаар манай сайтад тавигддаг. Сургалтын төлбөр, зардлын тухайд, тухайн улс бүр тэтгэлэгт  хөтөлбөр тус тусдаа гэрээний нөхцөлтэй байдаг .

-Ямар мэргэжлээр түлхүү  квот ирдэг вэ, эсвэл хүүдүүд өөрсдөө сонгох боломжтой юу?
-Ямар чиглэлээр тэтгэлэгт хөтөл­бөрт хамрагдах  вэ гэдгийг Монгол  Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолд тусгасан байгаа. Энэ дагуу мэргэжлийн тэргүүлэх чиглэл буюу нарийн мэргэжлийн инженер, техник технолги, нано технологи, цөмийн инженер,  газрын тосны боловсруулах чиглэлийн  мэргэжилтэн гэх мэт дотооддоо бэлтгэх боломжгүй мэргэжлийг түлхүү  дэмждэг.

-Боловсролын яамны нэрийг барьж сургалтын тэтгэлэг зар­лаж, залилдаг асуудал сүүлийн үед бага­гүй гарч байна. Энэ талаар яам­ны зүгээс хэрхэн анхаардаг вэ? 
-Манай яамнаас гадуур үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллагад зуучлах гэх зэрэг  тусгай зөвшөөрөл олгодоггүй. Бид энэ талаар иргэд,  оюутан залууст үргэлж анхааруулдаг. Зарим тохиолдолд элсэн  орох гадаадын сургуультай албан ёсны гэрээ хийдэг . Улмаар  гэрээ хийгдсэн тохиолдолд сургуульд зуучилсны төлбөр  буюу тодорхой хэмжээний хувь авдаг  байх. Тэрийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ямар нэг хууль бус үйл ажиллагааны золиос болохгүйн тулд анхааралтай байх хэрэгтэй. Хялбар  аргаар  гадаадын тэтгэлэгт хамрагдахаас илүү өөрөө өөрийгөө боловсруулж, бэлтгэх хэрэгтэй. Нэмж хэлэхэд, тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад орох гэж  танил тал хайгаад хэрэггүй. Бүх шалгалтууд нээлттэй ил тод болсон. Шалгалт аваад, тэр дор нь  машинаар  уншаад хариуг нь гаргадаг болсон. Ямар тэтгэлэг  зарлагдаж байгаа талаарх  илүү  дэлгэрэнгүй  мэдээлэл, тавигдах шаардлагын талаар БСШУС-ын яамны https://mecss.gov.mn веб сайтад хандаж авах боломжтой.