Сүүлийн жилүүдэд хулгайн гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн. Тэр дундаа нийтийн тээвэрт гардаг халаасны хулгай нь бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 17 хувийг эзэлсэн гэсэн тоон баримт гарчээ. Халаасны хулгайг бууруулах, цаашлаад иргэдийн амгалан тайван зорчих эрхийг хангахын тулд нийтийн тээвэрт телекамер суурилуулах, сайжруулах ажил хийгдэж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах хэлтсийн алба хаагч, Цагдаагийн дэслэгч Х.Тулгаас тодрууллаа.
-Нийтийн тээврийн телекамерын хяналтыг сайжруулснаар халаасны хулгайн гэмт хэрэг хэдэн хувиар буурна гэж тооцоолсон бэ?
-Судалгаанаас харахад 10 хувиар буурна гэж үзэж байгаа. Нэг автобусанд гэхэд дөрвөн камер суурилуулсан. Жолоочийн зорчих хэсэг рүү мөн, орох хаалга, автобусны заалны урдаас, хойшоо гэх мэтээр суурилуулсан байгаа.
-Хулгайн гэмт хэргийн хэдэн хувь нь нийтийн тээвэрт үйлдэгддэг бэ?
-Халаасны хулгайн гэмт хэргийн 17 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж байна гэсэн судалгаа гарсан байгаа.
-Камер суурилуулж эхэлснээр халаасны хулгайн гэмт хэргийн тоо, хувь буурсан уу?
-Өнгөрсөн онд бүх төрлийн гэмт хэргийн тоо өсөлттэй гарсан. Тэр дундаа нийтийн тээвэр дэх халаасны хулгайн гэмт хэрэг 60 хувиар өссөн гэсэн судалгаа гарсан. Тиймээс энэ талаар шуурхай ажиллаж, арга хэмжээ авснаар энэ оны хоёрдугаар сарын байдлаар 40 хувиар бууруулж чадлаа. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн 85 хувийг камержуулсан. Мөн хяналт шалгалт удаа дараа хийсний үндсэн дээр халаасны хулгайн гэмт хэргийг бууруулсан гэсэн үг. Телекамерын тусламжтай цаг тухай бүрт нь шуурхай илрүүлж ажилласан.
-Ихэвчлэн аль чиглэлийн автобусанд халаасны хулгай ихээр гардаг бол?
-Гурав, дөрөвдүгээр хорооллын автобус мөн “Офицер-Таван шар”-ын хороонд явдаг троллейбусанд гардаг. Өглөөний 07.00 цагаас 09.00 цагийн хооронд мөн үдийн цай үе буюу 12.00 цагаас 14.00 цагийн үед мөн оройн 17.00 цагаас 19.00 цагийн хооронд халаасны хулгай эрчимждэг. Энэ цагуудад зорчиж буй иргэд анхаарал болгоомжоо илүү сайжруулах хэрэгтэй юм. Ганц энэ цагуудад ч гэхгүй иргэд дор бүрнээ анхаарал болгоомжтой зорчих нь зөв юм. Халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах хэлтэс мөн Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтарч шат дараалсан арга хэмжээ зохион байгуулдаг.
-Оны эхний хоёр сарын байдлаар хэчнээн хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж, хэрхэн шийдвэрлэсэн бол. Ихэвчлэн хэдэн насны хүмүүс халаасны хулгай хийж байна?
-Он гарснаас хойш 675 хэрэг бүртгэгдсэн байна. Яг тэд орчмыг нь шийдвэрлэсэн гэсэн тоо баримт алга. Халаасны хулгай хийдэг 18-аас 40 орчим насны 400 гаруй иргэний бүртгэл судалгаа байгаа.
-Камер суурилуулсан ч эвдэрчихсэн байдаг. Эсвэл ажилладаггүй гэх мэтээр гомдол их бий. Энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ?
-Камерын хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцлага хүлээж ажиллана.
-Халаасны хулгайн гэмт хэрэгт ямар хариуцлага тооцдог вэ. Зөрчлийн хуулиар шийтгэх үү?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 300 нэгжээс доош хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 7-30 хоногийн баривчилгаа, 300 нэгжээс дээш хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 17.1 зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг.
Д.БАТТОГТОХ