Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Москва хотноо ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн яаманд хэлэлцээ хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, оросын талаас Хөдөө аж ахуйн орлогч сайд С.Л.Левин, орлогч сайд М.И.Увайдов, Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын холбооны албаны орлогч дарга К.А.Савенко болон албаны бусад хүмүүс байлцав.
Уулзалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар товч мэдээлэл өгөв. Түүнчлэн 2009 оны “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай Тунхаглал”-ын үзэл санааны дагуу хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэмдэглэв.
Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн нэгдүгээр болон хоёрдугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууссан болохыг тэмдэглэж хөтөлбөрийн гуравдугаар шатыг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа талууд илэрхийлэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний нийлүүлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ Монгол, Оросын хил орчим хамтарсан махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгуулах саналыг дэвшүүлэв. Хоёр талын нийт бараа эргэлтэд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж байгааг ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушев онцлов. Уулзалтаар Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах зорилгоор ОХУ-ын судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар талууд тохиров.
2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариалангийн салбар хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд манай хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд оросын мэргэжилтнүүд чухал хувь нэмэр оруулсныг онцлов.