ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Даваасүрэн: Эзэмшсэн газраа хоёр жил ашиглаагүй бол цуцлах хуулийн заалттай

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-02

НМХГ-аас эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй  иргэн,  аж ахуй нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгээс тодрууллаа. 

-НМХГ-аас явуулсан хя­налт шал­гал­тын талаар мэдээлэл өгөөч?

-Шалгалтын явцад Улаан­баатар хотын зургаан дүүр­гээс 116 газар зөрчил­тэйг  тогтоосон. Үүнээс Баян­­зүрх 26, Хан-Уул 25, Сонгино­хайрхан 37, Сүх­баатар 11, Баянгол 15, Чингэл­тэйд хоёр зөрчил тус тус илэрсэн. Энэ бол зөв­хөн эзэмших зөвшөөрлөөр авсан газрууд байгаа. Иргэн,  аж ахуй нэгжүүд дээрх газраа ашиглаагүй, зарим газрыг ухаад орхисон,  олон жилийн  хур  хог  үүссэн, хөрсний ус хуримтлагдсанаар иргэ­дийн ая тухтай байдал ал­даг­­дахад хүрээд байна. Хуримтлагдсан усанд эзэнгүй нохой муур орж үхсэнээс шалтгаалж муухай үнэртэй болох, хүүхэд  багачууд орж гэмтэх гэх мэт асуудлууд тулгардаг. Тиймээс НМХГ-аас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид санал хүргүүлсэн. Хоёр буюу түүнээс дээш жил  газраа ашиглаагүй иргэн,  аж ахуй нэгжийн газрыг хуульд зааснаар хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулиар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг  бие­лүү­лээ­гүй, зөрчсөн учраас эзэмших  эрхийг  нь  цуцлах  арга хэмжээ авдаг юм. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газрыг хоёр жил ашиг­лаа­гүй бол цуцална. Энэ эрхийн­хээ дагуу нийслэлийн  удирдлагууд  цуцалж өгнө үү  гэдэг  саналыг  хүргүүлсэн. Мэдээж хуулийн хүрээнд  санал хүргүүлж байгааг тухайн газар эзэмшигчид ойлгох  хэрэгтэй. Ямар  санаа­тай ашиглаагүйг мэдэхгүй ч, 10 гаруй жил хүндэтгэн үзэх  шалтгаан үүсэх үндэслэл байхгүй байх. Зарим иргэд, аж ахуй нэгжүүд авсан гэрчил­гээнийхээ үнэд хүргэж зарах гэж байгааг үгүйсгэхгүй.

-Газар  эзэмшиж авсан иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөлд энэ тухай мэдэгдсэн үү? 

-Иргэд  аж ахуй нэгжтэй уулзаж, сонсох арга хэм­жээг  зохион  байгуулсан. Тухайлбал, Баянгол дүүргийн “Ирмүүнбулаг” компани 2007 онд  Нийслэлийн  засаг  даргын  захирамжаар газар  авсан байдаг.  Хэдийгээр  газрын төлбөрөө төлсөн ч үйлчилгээний зориулалтаар барилга барихаар зөвшөөрөл авсан. Гэтэл одоо болтол ашиглаагүй байна. Мөн тус дүүргийн “Бизнес энд хурд” компани 2008 онд газраа эзэм­шиж авсан боловч ашиг­лаа­гүй, Хан-Уул дүүрэгт 16 жилийн өмнө авсан га­зар ашиглагдаагүй гэх мэт жишээ дурдаж болно. Шаардлага тавихад эсэр­гүү­цэж, шалтаг хэлэх байх. Анх өм­чилж авахдаа барилга бай­гуу­ламж барьж, хотын өнгө үзэм­жийг сайжруулна гэж ав­сан газар  шүү дээ. НМХГ-аас газраа кадастрын  зураг­ла­лын  дагуу хашаалах үүрэг  өгч,  шалгалт хийж бай­сан. Энэ удаад олон жил ашиглаагүй газруудыг, газ­рын тухай хуулийн  да­гуу цуцлуулах хүртэл арга хэм­жээ авах хяналт шал­гал­тыг зохион байгуулсан гэж ойл­гож болно. Улмаар хол­бог­дох газарт нь хүргүүлж байна. 

-116 газрын нийт тал­байн хэмжээ нь хэдэн метр квадрат байгаа вэ. Сургууль цэцэрлэг барих гэхээр газар олдох­гүй байна гэдэг. Энэ га­зарт буцаагаад  сургууль  цэцэр­лэг барих боломж бий юу? 

-Хяналт шалгалт дөрөв­дүгээр сарын 1-ний өдөр дуус­сан. Энэ өдрөө бид  Нийс­лэлийн  Засаг  даргад  саналаа хүргүүллээ. Бусад асуудлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар мэднэ. Нийт  квадрат хэмжээг нэгтгээгүй байна. Жишээ нь Баянгол дүүргийн иргэн н.Даваажав л гэхэд 5000 ам.метр газар эзэмшсэн байна.