ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Энхсайхан: Уул уурхайн 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-03

Монгол Улсын хэмжээнд 1751 уул уурхайн ашиглалтын  үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байдаг.  Улмаар МХЕГ-аас зарим аж ахуй нэгжүүдэд хяналт  шалгалтыг 14 хоногийн хугацаанд хийжээ. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайханаас тодрууллаа. 

-Уул уурхайн ком­паниудад ямар чиглэлээр хяналт шалгалт хийсэн бэ?
-МХЕГ-аас гуравдугаар сарын 18-ний өдрөөс дөрөв­дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл аймаг  орон нутгийн  Мэргэжлийн  хянал­тын  газрын  дарга нар болон МХЕГ-ын зарим албан тушаалтнуудаар  ахлуулсан ажлын хэсэг Төв, Булган, Дархан, Сэлэнгэ аймагт  ажиллаа. Одоо ч үргэлжилж байна. Хяналт  шалгалтын  үндсэн чиг үүргийн хувьд, уул уурхайн салбарт гарч буй аваар  ослоос урьдчилан сэргийлэх үйл  ажиллагааг  хийж гүйцэтгэсэн гэж хэлж болно.  2019 оны хоёрдугаар сард МХЕГ-аас уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд  зөвлөмж хүргүүлсэн бай­даг. Уурхайд байх ёстой 29  төрлийн бичиг баримт бий. Энэ бичиг  баримтыг гүйцэд бүрдүүлсний дараа,  аюулгүй байдал, хангаснаар уул  уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулна гэсэн зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн  биелэлтийг хангуулах зорилгоор энэ шалгалтыг хийсэн. Нийтдээ  1751 ашиглалтын  тусгай зөвшөөрөл байгаагаас үйл ажиллагаа эхлүүлээгүй 561, огт үйл ажиллагаа явуулаагүй 908,  үйл ажиллагаа явуулж буй 123,  бэлтгэл ажлаа хийж буй 159 аж ахуй нэгж бий. Үндсэндээ  хяналт шалгалтад 281 аж ахуй нэгж хамрагдлаа.  Бидний шалгалт  хийсэн  хугацаа  бол уул уурхайн  үйл ажиллагаа явуулах идэвхтэй улирал  биш. Дөрөвдүгээр сарын сүүлийн  хоногууд, тавдугаар сарын эхний өдрүүдэд идэвхждэг. 

-Яагаад уул уурхайн үйл ажиллагаа идэвхжих үеэр хяналт шалгалтаа хийгээгүй вэ?
-Яагаад  гэвэл, бид  аюулгүй ажиллагааг хангуулах,  урьд­чилан сэргийлэх, зөвлөмжийн хүрээнд  эргэн хянах  үүрэг хүлээсэн.  Нийтдээ 281 аж ахуй нэгж хамрагдсанаас,  29 акт үйлдэгдэж, үйл ажиллагааг  нь зогсоосон. 79 албан шаардлага буюу үүрэг даалгавар өгсөн. Мөн 301 зөвлөмж хүргүүлж, 224 сая төгрөгийн  торгууль тавьж, 291.2  грамм алт  хураасан дүн мэдээтэй байна.  Хялбаршуулсан байдлаар 39 хэргийг шийдэж,  зургаан  зөрчлийн хэрэг нээсэн. 

-Зөрчил гаргасан ком­паниудаас дурьдаач?
-29 аж ахуй нэгж нууцлалын зэрэгтэй байгаа. 

-Ихэвчлэн ямар зөрчлүүд илэрсэн бэ? 
-Уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулахад  шаардлагатай 29 бичиг баримтын бүрдэл хангал­гүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн зөрчил их байна. Мөн ашиглалтын үйл явцад олон төрлийн аюултай хог хаягдлууд гардаг.  Машины тоног төхөөрөмж, ажилласан масло, шүүр, тос   акумлятор гэх мэтчилэн химийн  хорт  аюултай бодисыг ялгаж ангиалалгүйгээр, зориулалтын бус байранд хадгалсан зөрчлүүд байна. Газар ашиглахдаа кадастрын зураг гаргаагүй,  газрын гэрээ байгуулаагүй байна. Усны гэрээ дүгнэлт гаргалгүйгээр ус ашиглах, уурхайн ус татах зөрчлүүд их хэмжээгээр илэрсэн.  Уул уурхайн аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой ТЭЗҮ-д заасан уурхайн  аюулгүй ажиллагааг хангаж ажиллахгүй байгаа зөрчлүүд хэд хэд гарсан. Уул уурхайг хариуцаж авсан төрийн захиргааны байгууллага уурхайг хүлээж авсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой байдаг.  Гэтэл  зарим аж ахуй нэгжүүд комисс ажиллуулалгүй  үйл ажиллагаа явуулж байсан. Эвдэрсэн талбай нөхөн сэргээлт хийх ажил  хангалтгүй гэхэд болно. Бидний зүгээс зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн  хүрээнд  арга хэмжээ авч,  холбогдох  шаардлагыг хүргүүллээ. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд  төлөвлөгөө , тайлангаа холбогдох төрийн  байгууллагад хүргүүлсээр байтал түүнийг нь баталж өгөхгүй удаадаг. Хүнд суртал гаргадаг  учир аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа хаалгах, торгууль шийтгэл ногддог байдал багагүй байна.