Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар хүчтэй шороон шуурга болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа. Зарим нутагт салхи секундэд 18-20 метр хүрэх ба 24 метр хүрч ширүүсэх тул сэрэмжтэй байхыг мэдээллийг өглөө.
Цаг уурын урьдчилсан мэдээллээр, ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 5-д баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно гэж мэдээлжээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймийн аюулаас сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулав. Энэ долоо хоног болон амралтын өдрүүдэд цаг агаарын төлөв ямар байхыг дэлгэрэнгүй мэдээлж байна. Тодруулбал,
-АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР БАГА ЗЭРЭГ ХҮЙТЭРНЭ-
Баруун аймгуудын нутгаар: 5, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 5, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5, 6-нд бага зэрэг хүйтэрнэ.
Зүүн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4, 6-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөндөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. 6, 7-нд бага зэрэг хүйтэрнэ.
Говийн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4, 6-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 6-нд бага зэрэг хүйтэрнэ.