Өрхийн цахилгааны тарифыг квт тутамд гурван төгрөгөөр нэмсэн гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн. Гэвч өрхийн цахилгааны тариф хоёр дахин өслөө гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.
-Иргэдээс авч байгаа цахилгааны тариф квт тутамдаа гурван төгрөгөөр нэмэгдсэн гэж байна. Ямар шалтгаанаар үнээ нэмсэн юм бэ?
-Эрчим хүчний зохицуулах хороо 2015 оноос хойш хэрэглэгчдийн цахилгааны эрчим хүчний тарифт ямар нэг өөрчлөлт оруулаагүй байсан. Бид дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх шугам сүлжээнүүдийн зардлыг тогтвортой байлгах үүднээс аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглах, хямд өртөгтэй цахилгаан станцуудыг ачаалуулах, дамжуулалт түгээлтийн алдагдлыг бууруулахтай холбоотой арга хэмжээнүүдийг тогтмол авч ирсэн. Гэвч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нүүрсний үнэ 40 хувиар өсч, нүүрсний тээврийн зардал 10 хувиар өссөн. Мөн ус ашиглалтын усны үнэ 20 орчим хувиар өсч, валютын ханшны өөрчлөлт 31.6 хувиар өслөө. Эдгээр өөрчлөлтүүдээс шалтгаалж, цахилгааны тарифыг зайлшгүй хуулийн дагуу индексжүүлэх шаардлага үүссэн юм. Мөн эрчим хүчний үйлдвэрлэгчид болон дулааны цахилгаан станцууд, дамжуулагчид, цахилгаан шугам сүлжээ зэрэг компаниудаас эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулах замаар шугам сүлжээ, үйлдвэр компаниудын үйл ажиллагааны санхүүгийн алдагдлыг бууруулах саналыг байнга ирүүлж байна. Эрчим хүчний зориулалтаар нүүрс олборлож байгаа уурхайнуудын зүгээс тарифт зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай гэх зэрэг санхүүгийн тогтвортой ажиллагааг хангахтай холбоотой санал хүсэлтийг сүүлийн жилүүдэд тогтмол ирүүлжээ. Үүнийг эрчим хүчний салбар дотоод нөөц бололцоогоо ашиглаад бүрдүүлээд явж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний хуульд заасны дагуу сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хэрэглэгчдийн тарифт шингээн тооцох ёстой байдаг. Сүүлийн хоёр жилд гурван нарны цахилгаан станц, нэг салхин станц ашиглалтад орж байна. Үүнтэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 1.5 төгрөгөөр нэмэгдүүлж, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны үнийг 1.5 төгрөгөөр индексжүүлэх тооцоолол хийсэн. Энэ нэмэгдэл нь хэрэглэгчдэд төдийлөн нөлөөлөхгүй.
-Өрхийн цахилгааны тариф хоёр дахин нэмэгдсэн тухай мэдээлэл гараад байгаа шүү дээ?
-Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хэрэглэгчийн тарифт өөрчлөлт орсон зүйл байхгүй. Хэрэглэгчдэд мөрдөж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний тариф эрчим хүчний зохицуулах хорооны болон цахилгаан түгээх компаниудын албан ёсны вэб хуудсанд нээлттэй байгаа. Хэрэглэгчид бодит мэдээллийг эндээс авах боломжтой.
-Яг одоогийн байдлаар нэг айл сард дунджаар хэдэн төгрөг цахилгаанд төлж байна вэ. Квт тутамд гурван төгрөгөөр нэмэгдэхэд одоо төлж байгаа төлбөрт хэдэн төгрөг нэмэгдэнэ гэсэн үг вэ?
-Улсын хэмжээнд нэг өрхийн цахилгаан эрчим хүчний сарын хэрэглээ 220 квц гэсэн тооцоо гарсан байдаг. Энэ нь ойролцоогоор 30 орчим мянган төгрөгийн төлбөр төлнө гэсэн үг. Эдгээр хэрэглэгчид яг бодит өртгөөр тооцох тохиолдолд 39-40 орчим мянган төгрөг төлөх зайлшгүй шаардлагатай байсан. Гэхдээ хөнгөлөлттэй буюу өртгөөс доогуур тариф мөрдөгдөж байгаа учраас сард 9600 орчим төгрөгийн хөнгөлөлт эдлээд явж байна. Цахилгааны тарифыг квт тутамд гурван төгрөгөөр нэмэхэд нэг хэрэглэгчид 700 орчим төгрөгийн нэмэгдэл гарч ирэх юм. Ахуйн хэрэглэгчид бодит өртгөөс 20-40 хувиар бага цахилгааны эрчим хүч мөрддөг. Улсын дүнгээр авч үзвэл өнгөрсөн онд нийт 63 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг эдэлжээ.
-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 1.5 төгрөгөөр нэмэгдүүлж, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны үнийг 1.5 төгрөгөөр индексжүүлсэн гэлээ. Индексжүүлнэ гэдгийг тайлбарлаач?
-Сэргээгдэх эрчим хүчний тарифаас гадна хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тарифыг индексжүүлэх гэдэг ойлголт Эрчим хүчний тухай хуульд байдаг. Индексжүүлэлт нь гадаад хүчин зүйлээс хамааралтай. Тухайлбал, нүүрсний үнийн өсөлт болон, нүүрсний тээврийн зардлын өсөлт, ашиглалтын ус зэрэг эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтүүд юм. Мөн валютын ханшийн өөрчлөлтүүд энд хамааралтай. Эдгээр өөрчлөлтүүдтэй холбоотойгоор 1.5 төгрөгийн өөрчлөлт хийгдэж, нийтдээ гурван төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.