ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорноговийн удирдлагууд гэр бүлээ дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх амлалт өгөв

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-08

Дорнын говийнхон өнөө жил олон, олон томоохон ажлыг эхлүүлж, 2019 оноо үйл явдал өрнүүн үдэх нь ээ. Аймгийн зүгээс өнгөрөгч гурван жилийг “Их бүтээн байгуулалтын жил”-үүд хэмээн зарласан бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбайгаас эхлээд хямд үнэтэй, чанартай орон сууцаар иргэдээ хангах зорилго тавьж, гурван хороолол барьж ашиглалтад оруулсан байдаг. Өнгөрсөн гурван жилд иргэдийнхээ амьдрах орчин сайжруулж чадсан бол 2019 оныг харин иргэнээ, гэр бүлээ дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад гэр бүлийн боловсрол олгох жил болгон зарласныг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 05-нд зарлаж, нээлт хийлээ.

Сайншанд хот өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байв. Гэр бүлээ дэмжих, аймгийн ЗДТГ-ын бодлогыг сум орон нутагт хүргэх зорилгоор төрийн албан хаагчид нь сургалтад сууж, бүх нийтийг соён гэгээрүүлэх үүрэг авцгаан, сум орон нутгийнхаа зүг хүлгийн жолоо заллаа. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд бүх нийтийг соён гэгээрүүлэх цуврал сургалт, лекц, нийгмийн сэтгэл зүйч бэлтгэх сургалт, эмэгтэйчүүдийн чуулган, ЕБС-ийн эцэг эхийн зөвлөгөөн, эрэгтэйчүүдийн чуулган, Залуу малчдын зөвлөгөөн, угийн бичгийн сургалт, түр хамгаалах байр байгуулах зэрэг 30 гаруй арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх аж. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, журмуудын хэрэгжилтийг хангах, Түр хамгаалах байрны үйл ажиллагааг сайжруулж, сэтгэл зүйн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх чадавхийг бий болгох гэнэ. “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалтыг зорилтот гэр бүлүүдэд зохион байгуулна. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан тусгай сургалт, өдөрлөг, арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар 2019 оны төлөвлөгөөнд тусгаснаа ч энэ үеэр танилцуулж байлаа. Аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө гэр бүлд, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж ажиллах талаар тусгасан нь ийнхүү ажил хэрэг болох эхлэл тавигдаж байна. 

 

Төрийн албан хаагчид чуулав

Өмнө хэлсэнчлэн, баасан гарагаас эхлэн Сайншанд хот хөл хөдөлгөөн ихтэй байсан. Гэр бүлийг дэмжих жилээс гадна Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, төрийн албыг төлөвшүүлэн тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдэд хүрч ажиллуулах зорилгоор сумын Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд, агентлаг, төсөв байгууллагын дарга, эрхлэгч зэрэг 300 гаруй албан хаагчид аймгийнхаа төвд чууллаа. “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ-2019” төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг Дорноговь аймг­ийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан. Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нээж төрийн албан хаагчдад үүрэг чиглэл өгсөн. Харин ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд хийгдэх ажлын мэдээлэл, анхаарах зүйл”, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун “Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлт, холбогдох дүрэм журам”, ЗГХЭГ-ын референт С.Нямбаяр “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэл­ийн төлөвлөгөө боловсруулах журмууд, түүнийг хэрэгжүүлэх арга зам” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөв. Мөн энэ өдрүүдэд ХЗДХЯ-ны харьяа хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудын Төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг ч анх удаа орон нутагт зохион байгуулав. Сургалтад аймгийн хууль шүүхийн байгууллага болон Улсын бүртгэлийн хэлтэс, Дорноговь аймаг дахь Тагнуулын хэлтэс, Дорноговь аймаг дахь Гадаадын иргэн харьяатын газар, Хилийн 0108, 0168, 0129-р анги, сумдын Засаг дарга, сумдын ЗДТГ-ын Хууль зүйн мэргэжилтнүүд зэрэг 280 гаруй төрийн албан хаагч оролцлоо. 

Багийн дарга нар шинэ унаагаар төрийн үйлчилгээг хүргэнэ 

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд анхан шатны нэгж болох багийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 14 сумын 64 багийн Засаг дарга нарын унааг ээлж дараатай шинэчилж иржээ. “Гэр бүлийг дэмжих жил”-ийн нээлтийн үеэр Айраг сумын Цагаандөрвөлж, Алтанширээ сумын Чулуун­гишгэр, Даланжаргалан сумын Цомог, Олон-Овоо зэрэг 15 багийн Засаг дарга нарт шинэ мотоциклийг нь гардуулж өгөв. Сумын хөгжил багаас эхэлдэг гэдэг. Тиймдээ ч орон нутгийн анхан шатны нэгжийн дарга нарынхаа ажиллах орчныг бүрдүүлж, дэмжсэн энэхүү ажилд олон хүн ам сайтай үлдэв. 14 сумын багийн Засаг дарга нар унаагаа шинэчилж, төрийн мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх нь ээ. Нөгөөтээгүүр, “Гэр бүлийг дэмжих жил”-ийн хүрээнд “Дорноговь-Их хөгжил сан” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар амьжир­гааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 10 өрхөд таван ханатай гэр гардуулсан нь хамгийн сайхан үйл явдал болсон юм. Тодруулбал, Айраг сумын гуравдугаар багийн иргэн У.Долгормаа, Дэлгэрэх сумын Бумбат багийн иргэн О.Лхамсүрэн, Сайншанд сум­ын нэгдүгээр багийн иргэн С.Отгонтуяа, хоёрдугаар багийн иргэн Д.Энхтүвшин, П.Балжир, Л.Тунгалагтуул, гуравдугаар багийн иргэн Н.Ангараг, дөрөвдүгээр багийн иргэн Н.Маам, зургадугаар багийн иргэн О.Алтанболд, долдугаар багийн иргэн Д.Түвшинжаргал нарын гэр бүл өргөө цагаан гэртэй болов.
Орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгч “Мандала” модон эдлэлийн цехийг дэмжиж, гэрүүдийг нь байнга худалдан авдаг гэдгээ ч орон нутгийн удирдлагууд онцолж байлаа. 

Төрийн байгууллагууд тусгай зориулалтын автомашин өглөө

Баасан гарагт болсон дараагийн онцлох том ажил нь зарим байгууллагыг унах унаатай болгосон явдал. Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшиний “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү ажлыг хийсэн аж. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэ суманд зургаан функер бүхий хог зөөврийн автомашин, “Чандмань-Илч” ОНӨҮГ-т өөрөө буулгагч самосвал нэг, экскаватор нэг, ковш нэг “Дорноговь-Их хөгжил сан” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар Далан­жаргалан суманд хог зөөврийн автомашин, Мандах суманд өөрөө буулгагч самосвал, Хөвсгөл суманд УАЗ Фургон, Ханги хилийн боомтод бохир соруулах автомашин, “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газарт өөрөө буулгагч автомашин нэг, хог зөөврийн хоёр авто машин өгчээ. 

Г.Энхтүвшин: Бид хүнийг эрхийг үргэлж хамгаална 

“Хөдөлмөрийн аюулгүй бай­дал эрүүл ахуйн сарын аян”-ы нээлтийн арга хэмжээг өнгөрөгч пүрэв гарагт хийв. Нээлтэд төрийн болон төрийн бус 18 байгууллага, уул уурхайн дөрвөн компани оролцсон. Нээлтийн үеэр Онцгой байдлын газар, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Дорноговь салбар хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх тоглолт, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв ажлын байрны дасгал хөдөлгөөн, Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд хөгжимт гимнастик, аймгийн Ахмадын холбооны төлөөллүүдийн үзүү­лэх тоглолтуудыг сонирхуулсан юм. Мөн сумдын ХАБЭА-н зөвлөлийн 100 гаруй гишүүн­ийг чадавхижуулах сургалтад хамруулж сарын аяны хүрээнд хийгдэх ажлуудаа төлөвлөжээ. Иргэнд хүрч үйлчлэх, төрийн байгууллагын үйлчилгээг илүү дөт хүргэх олон ч зүйлийг нээж, тууз хайчилсан эдгээр өдрүүдээс ажихад дорноговьчууд энэ онд тун ч завгүй өдрүүдийг үдэх нь тодорхой. Иргэнд үйлчлэх танхим хүртэл үүд хаалгаа нээж, иж бүрэн компьютер, нөүтбүүк, принтер, проектор бүхий орчин үеийн танхимтай болов. Энэхүү төвийг 210 гаруй сая төгрөгөөр тохижуулсан аж.  Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярихдаа “Иргэдэд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй өгдөг төвийг нээж байна. Засаг даргын Тамгын газар бодлогын хүрээнд тус төвийг таниулах ажлыг сайн зохион байгуулна. Аймгийн хэмжээнд хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг 60 хүнийг бэлтгэнэ. Хүний эрхийг хамгаална гэдэг нүдэнд харагддаггүй зүйл. Бид хүний эрхийг дээллэх ёстой. Тиймээс энэ төв маш сайн ажиллана гэж бодож байна” гэлээ. Танхимыг нээж ажиллуулснаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төвөөс иргэдэд үзүүлж буй хууль зүйн туслалцааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан орон нутгийн иргэдэд эрх зүйн боловсрол олгох боломжтой болно. Мөн төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх гэнэ. Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин,  Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Дорноговь-Их хөгжил сан” төрийн бус байгууллагын тэргүүн О.Батжаргал нар тус төвийг явуулын үйлчилгээ үзүүлэх боломжоор хангаж, автобустай болгохоо амлав. Тус автобус нь сум, багуудаар явж, хууль зүйн зөвлөгөө өгөхөөс гадна иргэний үнэмлэх зэрэг төрийн үйлчилгээг хүргэх аж. 2019 оноо их ажил, завгүй зорилт, зорилгоор эхлүүлж, иргэнээ дээдэлсэн аймаг болгох зорилго тавьсан Дорноговь нутгаас бямба гарагт Улаанбаатар хот руу хөдлөхөд, цас хялмаалан орж, усаар ангасан говийн хүрэн элсийг дэвтээж байв. Амьтай бүхэн сэргэж, ханш нээдэг өдрөөр эхлүүлсэн энэ олон ажил иргэндээ хүрч, илүү өргөжин тэлэх болтугай.