Хаврын улиралд аливаа өвчин хууч сэдэрч, ядардаг, стресстэх гэсэн ойлголт байдаг ч, тодорхой судлагдаагүй гэдгийг эмч нар хэлж буй. Тэгвэл энэ талаар СЭМҮТ-ийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиникийн Сэтгэцийн эмч Ц.Мөнхтуулаас тодрууллаа.
-Хаврын улиралд иргэд түлхүү ядарч, стресстдэг гэсэн ойлголт байдаг?
-Хавар намрын улиралд хүмүүсийн өвчин хөдөлдөг, газар хөлдөж гэсэхтэй холбоотойгоор хүний сэтгэцийн байдал янз, янз болдог гэсэн яриа нийтлэг яриа байдаг. Тэгсэн атлаа үүнийг судлаад, ийм шалтгааны улмаас зөвхөн хаврын улиралд хүний сэтгэцэд өөрчлөлт ордог, илүү их стресстдэг гэсэн зүйл байхгүй. Гэхдээ олон жилийн ажиглалтаас харахад ийм зүйл байдаг юм шиг яригддаг. Хаврын улиралтай холбоотой гэж ойлгоход хэцүү. Яагаад гэвэл хүний өвдөх процесс аажим, аажмаар явдаг болохоос гэнэтийн зүйл биш шүү дээ. Тиймээс монголчуудын эрүүл ахуйн дэглэм, эрүүл мэндийн боловсрол бага байдагтай холбоотой ийм ойлголт газар авсан. Улмаар сэтгэлзүйгээ дагадаг. Стресс бол нийгэмд угаасаа байх ёстой зүйл. Орчин үеийн шинжлэх ухаанд хамгийн сүүлд орж ирсэн ойлголт. Хүмүүс стрессийг ойлгохдоо, үргэлж таагүй, муу муухай зүйлтэй холбодог. Гэтэл энэ маань гадаад хүчин зүйл, бие махбодод нөлөөлөөд, эргэж гарч буй хариу урвал шүү дээ. Стресс муу зүйл биш, сайн зүйл.
-Яагаад?
-Хүний биед аливаа гадны цочрол нөлөөгөөр бие махбод хариу урвал өгснөөр тухайн зүйлээс хамгаалах чадвар сууж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, эерэг сөрөг гэсэн хоёр талтай байдаг. Өнөөдөр үр хүүхэдтэй боллоо, сургуулиа амжилттай төгслөө гэхэд бид баярладаг, хөөрдөг уйлдаг. Энэ нь стрессийн нэг хэлбэр мөн. Гэтэл надад ямар нэгэн таагүй зүйл тохиолдож байгаа нь сөрөг стресс. Энэ хоёрын тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр стрессийн өвчин гэж хэлэгддэг. Сөрөг стресст нэрвэгдээд ажлаасаа халагдсан гэж бодъё. Тэгэхэд дараа нь, яаж амьдрах тухай шинэ зүйл хийх урам зориг өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр амьдралд стресс байснаараа тухайн хүн нийгэмд дасан зохицох чадвар сууж байна гэсэн үг. Нөгөө талаас хүн тухайн зүйлийг даван туулах, дасан зохицох чадваргүйгээс өвчин тусч байна.
-Стрессийн шалтгаант гэж яригддаг, сэтгэл зүйн гаралтай өвчин, сэтгэцийн хямралаас зонхилох эмгэг нь юу вэ?
-Монголчуудын дунд хамгийн их тархсан нь архаг ядаргаа байдаг. Хүмүүс архаг ядаргааг “олон жилийн хур ядаргаа надад нөлөөллөө” гэдэг. Манайхан ядрах болон ядаргаа өвчинг ялгадаггүй л дээ. Ядрах гэдэг ойлголт хүн бүрт байдаг бөгөөд өнөөдөр нойргүй хонолоо гэхэд маргааш нь ядарч сульддаг. Гэхдээ дараагийн шөнө нойртой хоноход ядаргаа тайлагддаг. Ядаргаа өвчин нь байнга ядардаг, тамирддаг, анхааралгүй болдог гэх мэт зовиуртай. Гэтэл амарсан хэрнээ энэ мэдрэмжүүд арилдаггүй, хоёр жилээс дээш хугацаанд үргэлжилвэл архаг ядаргаа гэж оношилдог.
-Хүмүүс тэр бүр архаг ядаргаатаатай болсноо мэддэггүй шүү дээ. Ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Нэн түрүүнд аливаа дуу шуугиан, зурагтын чимээ төвөгтэй санагдана. Мөн биеийн тамир сулардаг, амархан ядардаг, ачаалал дийлэхгүй болдог, оюуны сульдаа буюу анхаарал төвлөрдөггүй. Дахин дахин уншаад ойлгодоггүй, мартамхай болчихдог. Гуравдугаарт, монголчуудад хамгийн их тохиолддог нойрны өөрчлөлт байдаг. Дөрөвдүгээрт, толгой өвдөх, хөлрөх, чих шуугиж, нүд бүрэлздэг. Ийм дөрвөн шинж тэмдэг хоёр жилээс дээш хугацаанд илэрвэл архаг ядаргаанд оржээ гэж үзэх хэрэгтэй.
-Яаж эмчлэх вэ. Эрүүл мэндийн байгууллагууд олон төрлийн витамин, эм бэлдмэл санал болгоод байдаг. Энэ найдвартай арга мөн үү?
-Сэтгэл засалч эмч, сэтгэцийн эмч нар эмчлэхээс гадна хувь хүн ч өөрөө даван туулж болно. Манай иргэдийн дунд нийтлэг алдаа нь судсандаа хэдэн төрлийн эм тариа хийлгэчихээр архаг ядаргаанаас ангижирдаг гэж боддог. Гэтэл энэ өвчин яг юунаас үүсэлтэй вэ гэдэг үндсэн шалтгаанаа олох хэрэгтэй. Стрессийн шалтгаан нь сэтгэлзүйн гаралтай байвал, сэтгэлзүйн гаралтай зүйлүүдийг засдаг. Эмгүйгээр энэ өвчин эдгэрдэг. Эсвэл ажил, амралтын хуваарийг зохицуулж чаддаггүй хүмүүс энэ өвчнийг тусдаг. Өнөөдөр та товлосон цагтаа, товлосон ажлаа хийж дуусгаад гэр бүл, үр хүүхэд, өөрийн дуртай зүйлдээ цаг заваа зарцуулах гэх мэтээр ангижруулж болно. Мөн эрүүл зохистой зөв хооллолт маш чухал.