Эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн анхааралгүй байдлаас болж олон мянган хүүхэд осолджээ. Үүний дийлэнхи нь зам тээврийн осол байдаг аж. Аюулын харанга болсон энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулахаар “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгийг эмч нар зохион байгуулав. Энэ талаар ЭМЯ, ЗТХЯ, ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдээс тодрууллаа.
-Өнгөрсөн онд хэчнээн хүүхэд зам тээврийн ослоос болж эндсэн бэ?
-НЭМГ-ын дарга Т.Энхзаяа: Зам тээврийн ослоор маш олон хүүхэд амиа алдсаар байна. Жил ирэх тусам нэмэгдэж байгааг анхааралдаа авах хэрэгтэй. Өнгөрсөн онд хүүхдийн осол гэмтлийн 52 мянган мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь нийт гэмтлийн 40 орчим хувийг эзэлж байгаа. Ослын 30 орчим хувь нь зам тээврийн ослоос үүдэлтэй байдаг. 2018 онд осол гэмтлээр 375 хүүхэд нас барсан гэсэн албан судалгаа бий. Эдгээрээс 52 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ. Энэ 52 хүүхэд бол ЕБС-ийн нэг ангийн хүүхэдтэй тэнцэх тоо. Тэгэхээр эмч бидний зүгээс зам тээврийн осол гэмтлээс хүүхдээ хамгаалахыг уриалж байна. Зөвхөн энд цугларсан эмч нар, цагдаа, албаны хүмүүсээс гадна эцэг эхчүүд, машин барьдаг, барьдаггүйгээс үл хамааран, замын хөдөлгөөнд оролцдог бүх хүмүүс зам тээврийн ослоос үр хүүхдээ хамгаалахыг уриалж энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна.
-Зам тээврийн ослоос болж 52 хүүхэд нас барсан гэсэн харамсалтай тоо хэлж байна. Гол шалтгаан нь юу вэ?
-ЗТХЯ-ны Автотээврийн газрын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн н.Энхбат: Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг зөвхөн Монгол улсын асуудал биш, дэлхий нийтийн анхаарал татдаг асуудал болсон. 2011 онд НҮБ-аас тогтоол баталж, 2011-2020 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил болгон зарласан. Улмаар Монгол улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегийг баталлаа. Одоо шинэчлэн батлах шатандаа явж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайд ахалдаг. Зам тээврийн ослоор нас барж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь орон нутгийн замд осолдсон байдаг. Үүний гол шалтгаан нь мотоцикл жолооддог иргэд хамгаалах бүс, малгай хэрэглэдэггүй, хурд хэтрүүлдэг, согтууруулах ундаа хэрэглэдгээс нас баралтын дийлэнхи хувь нь бүртгэгдэж байна. Харин Улаанбаатар хотод 70 орчим хувь нь явганаар явж байгаад осолд орсон зөрчил бүртгэгдсэн байдаг. Үүнээс харахад явган хүний гарцыг сайжруулах, ялангуяа шөнийн цагт гэрэлтүүлэгтэй болох, аюулгүй орчныг бүрдүүлэх шаардлагатай. Тиймээс 2023 он хүртэл нэгдүгээрт, эрхзүйн суурь нөхцлийг бүрдүүлэх, хоёрдугаарт, аюулгүй оролцох замын нөхцëийг бүрдүүлэх, гуравдугаарт, тээврийн хэрэгслийн аюулгүй нөхцлийг хангах, суурь нөхцлийг бий болгох арга хэмжээг авч байгаа. Эдгээр суурь арга хэмжээний хүрээнд хийгдэх ажил бол түгжрэлийг бууруулах юм. Түгжрэл гэдэг нь өөрөө хот төлөвлөлтийн асуудал байдаг. Тиймээс хот болон тээвэр төлөвлөлттэй уялдсан ажлуудыг ирэх дөрвөн жилд хийнэ. Ингэснээр зам тээврийн ослын улмаас нас барах, гэмтэх асуудал 50 хувиар буурна гэдэг зорилт тавьсан.
-ГССҮТ-д ямар төрлийн осол гэмтэл зонхилж байна вэ?
-ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан: Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэгд уналт, хоёрдугаарт, зам тээврийн осол, гуравдугаарт, түлэгдэлт багтдаг. Жилдээ осол гэмтлээр 370 гаруй хүүхэд нас барж байгаа нь маш харамсалтай тоо. Эдгээр тоо жил бүр нэмэгдэх боллоо. Уг нь манай улс дайн тулаангүй орон шүү дээ. Тодорхой олон шалтгаантай боловч осол гэмтлээс сэргийлэх талаар бид нэгдэх цаг болсныг харуулж байна. Осол гэмтэлд орсон иргэд, хүүхдүүдэд тусламж үзүүлэх байдал сайжирсан ч, тусламж авч чадахгүй, хавсарсан хүнд гэмтэлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Хавсарсан гэмтэл гэдэг нь цээж, хэвлийн хөндий, дотор эрхтэн, яс үений, тархи, нуруу нугасны гэмтэл хавсран тохиолдохыг хэлдэг. Ингэж хүнд хөнгөн гэмтэж байгаа нь насанд хүрэгчдийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй. Тиймээс урьдчилан сэргийлэх талаар илүү арга хэмжээ авах хэрэгтэй байна.