ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Болорчулуун: Иргэдийн саналыг үндэслэн 25 байршилд газар чөлөөллөө

O.Admin
2019-04-18

Газрын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй хашаа, хайс, сурталчилгааны самбар зэргийг буулгах талаар зохих арга хэмжээ авч байгаа аж. Иргэдийн хурлын баталсан журмаар тулгуурт хөлтэй, 2-3 талтай хулдаасан хэвлэмэл самбарыг Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага болон  Их тойруу хэсгийн нийт 24 гудамжинд байршуулахгүй гэж заасан. Дээрх гудамжинд орчин үеийн шийдэлтэй, Led болон үсгэн гэрлээр гүйдэг самбар байршиж болно гэсэн журамтай юм. Тиймээс журам зөрчиж байршуулсан самбаруудыг буулгаж эхэлжээ. Харин  явган хүний зам чөлөөлөх асуудлаар Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунаас тодрууллаа.

-Нийслэл хотын явган хүний зам талбайг цэгцлэх явц хэр явж байна?
-Нийслэлийн Засаг даргын “Орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа хайсыг буулгах ажлыг зохион байгуулах” тухай, мөн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээ” гэсэн хоёр захирамж гарсан. Эдгээр захирамжийн хүрээнд өнгөрсөн жил  өрнөсөн  “Явган  хүний зам”-ын арга хэмжээг үргэжлүүлэн зохион байгууллаа. Эхний ээлжинд иргэд болон холбогдох байгууллагаас ирсэн 30  байршлын  газарт ажиллаж, 25-ыг нь  чөлөөлсөн.  Иргэдээс одоо ч  санал авч байгаа. Одоогоор 45  санал  ирээд  байна.  Газрын  зөрчлийг  арилгах ажлын хүрээнд автозамын орц гарц, явган хүний замыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй баригдсан хайс  хашааг буулгах чөлөөлөх, өөрийн эзэмшиж авсан газарт илүү хэмжээнд барьсан хашааг буулгах ажлыг зохион  байгуулахаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хотын  газар ашиглалтын чанарыг сайж­руулахад иргэдийн  эрүүл, тайван орчинд зорчих нөхц­лийг хангах нь чухал. Тиймээс эхний ээлжинд  явган  хүний замын ажлыг далайцтай хийнэ. Дараагийн ээлжинд ир­гэдийн оршин сууж буй орчинд замбараагүй барьсан хашаа хайсуудыг чөлөөлнө. Мөн тоосгон гражуудын  эзэд­тэй зохицож, тохирооод дав­хар граж,  эсвэл зам гаргах,  тохижилт хийх ёстой бол  тохижуулах гэх  мэтчилэн  арга хэм­жээг  авах  төлөвлөгөөтэй байна. 

-25 байршилд хашаа, хайс буулгасан гэлээ. Тухайн обьектуудыг буулгахад гарсан зардлыг тухайн буруутай хүнээс нэхэмжилдэг шүү дээ. Одоогоор хэчнээн хувийн биелэлттэй явж байгаа вэ? 
-25 байршлын ихэнхи нь явган хүн зорчих боломжгүй шон, төмөр хашаа зоосон  байсан.  Эзэд нь  тодорхойгүй байсан  учир бид дотоод нөхцөл байдлаа ашиглан  албадан чөлөөлөх ажлыг хийлээ. Харин бодит эзэнтэй хашаатай обьект байгаа тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж, зардлыг гаргуулна. Дөнгөж өнгөрсөн долоо  хоногт хийж гүйцэтгэсэн учир иргэдийн мэдээллийг боловс­руулах шатанд явж байна. 

-Одоогоор хэчнээн төг­рөгийн зардал гарсан бэ? 
-Одоогийн байлаар нэг дүүрэгт 1.6 сая, нийтдээ 4.1 сая төгрөгийн зардал  гарсан.

-Иргэдийн мэдээллийг үндэслэж байгаа юм уу, тодорхой судалгаа хийж байгаа юу. Явган хүний зам дагуу хашаа барьсан барилгууд нийслэл хотод их байна шүү дээ? 
Энэ төрлийн асуудлууд ирсэн. Бид лэндменежер гэдэг нэгдсэн мэдээллийн сүл­жээний сантай. Түүнийгээ  Гүүглийн газрын зурагтай давх­­цуулж  бүх  зөрчлүүдийг  тодор­­хойлсон. Нэгдсэн мэдээл­лийн сүлжээнд ороогүй,  сүүлд баригдсан энэ мэт зөрчлүүдийг иргэдийн  мэдээлэлд үндэслэж байгаа болохоор судалгааны үндэс­лэлтэй явж байгаа. 

-Сүхбаатарын талбайг  банк­ны барьцаанд 2.5 тэрбум төгрөгөөр тавьсан гэсэн  мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?  
-Сүхбаатарын талбайн урд талын зориулалт нь “газар дооогуураа граж, дээрээ  усан оргилууртай тохижилт бүхий талбай” гэсэн захирамжтай  юм билээ. Нийслэлийн Засаг даргаас энд заавал барих  шаардлагагүй гэж үзсэн учир,  хүчингүй болгосон  захирамж гарсан.  Барьцаанд  байхгүй. Байлаа гэхэд, тухайн иргэн  өөрөө хариуцлагаа хүлээнэ. Ямар ч байсан шийдвэрийг нь  Засаг дарга хүчингүй болгосон.  

-Зөвшөөрөлгүй хайс ха­шаа барих нь ихсэж байна. Үе үеийн нийс­лэлийн Засаг дарга нар цуцална гэдэг боловч тодорхой шийдвэрт хүрдэггүй. Цаашид үүнд хэрхэн хяналт тавих вэ?
-НИТХ-аар хашаа хайсны тогтоолын төсөл, журам  бэлдчихсэн. Түүн дээр дүрэм,  стандартыг тусгаж өгсөн. Энэ захирамжийн хүрээнд илүү  хашаа барьсан хүмүүстэй бид  тэмцэнэ. Гэхдээ сүүлийн 2-3  жилд зөвшөөрлөгүй хашаа хайс, өргөтгөл  барих  асуудал  харьцангуй буурч байгаа.