ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Саранцэцэг: Аюулгүй байдлынхаа төлөө зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байх нь чухал

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-21

Зам тээврийн осол буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Энэ нь мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт дутмаг байгаагаас үүдэлтэй гэх шүүмжлэл их байдаг. Тиймээс зорчигч тээврийн хяналтын талаар МХЕГ-ын Автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Саранцэцэгээс тодрууллаа.

-Зорчигч тээврийн хэрэгс­лүүдэд ямар стан­дарт шаардлага тавьдаг юм бэ. Хяналтыг хэрхэн зохион байгуулдаг юм бол? 

-Зорчигч тээврийн үйл­чилгээний байгууллагуудад тавьдаг гол шаардлага бол материаллаг баазтай байх явдал юм. Материаллаг бааз гэдэгт дулаан зогсоол, ил зогсоол, засварын байр, угаалгын цэг зэрэг объектууд орно. Энэ нь такси болон жуулчны тээвэрлэлтээс бусад зорчигч тээврийн байгууллагын өөрийн өмч байх ёстой. Хот хооронд үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь энэ шаардлагыг хангадаггүй. Улсын хэмжээнд 253 аж ахуйн нэгжийн 4205 тээврийн хэрэгсэл зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна. 2018 оны байдлаар 25734 зөрчлийг илрүүлсэн байдаг. Үүний 17 мянга гаруй зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Өнгөрсөн жил зорчигч тээврийн зөрчлөөс үүдэн 148 осол гарснаас  дөрвөн иргэн амь насаа алдсан байдаг. Зөрчлүүдээс үзэхэд, авто тээврийн техникийн үзлэг, хяналтад тогтсон хуга­цаанд оролцоогүй, тех­никийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажил­лаагүй, жолоочийн ажил, амралтын дэглэм мөр­дөөгүй зэрэг зөрчлүүд ихэвчлэн байдаг. 

-Зам тээврийн осол маш их гардаг шүү дээ. Та сая бүтэн жилийн хугацаанд 148 осол гарснаас дөрвөн хүн нас барсан гэлээ. Энэ тоо бодит байдалтай харьцуулахад, бага юм шиг санагдлаа?

-2018 онд гарсан 148 зөрчил бол зөвхөн зорчигч тээврийн үйлчилгээнд гар­сан тоо баримт. Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага тээвэрлэлтийн гэрээ бай­гуул­даг. Тухайлбал, хот хоо­рон­дын тээвэр хийдэг аж ахуйн нэгжүүд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ бай­гуулна. Харин Улаанбаатар хот доторх тээврийн үйл­чил­гээний байгууллагууд Нийс­лэлийн тээврийн үйл­чил­гээний газартай гэрээ байгуулдаг. 148 осол гэдэг нь энэ хоёр байгууллагын нэгдсэн системд бүртгэгдсэн тоо баримт. Зам тээврийн ослыг нийтэд нь авч үзвэл мэдээж маш их тоо гарна. Бид хувийн болон жуулчны тээвэрлэлтэд тэр бүр хяналт тавьдаггүй. Зөвхөн гэрээ байгуулсан тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад л хяналт шалгалт хийдэг.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвхөн гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьдаг гэвэл хот хооронд хувиараа тээвэр хийгээд байгаа хүмүүст хэн хяналт тавих ёстой юм бэ. Зам тээврийн ослын ихэнх нь орон нутгийн замд эдгээр хувийн тээврийн хэрэгслүүд гаргадаг гэдэг шүү дээ?

-Зорчигч тээврийн үйл­чилгээг заавал гэрээ хийсний үндсэнд явуулах ёстой. Гэрээ хийлгүйгээр хувиараа хүн тээвэрлээд байгаа нь хууль бус тээвэрлэлт гэсэн үг. Үүнд манай автотээврийн хэрэгслийн улсын байцаагч нар хяналт тавьдаг. Гэхдээ хяналт тавиад энэ зөрчил арилдаггүй. 

-Хяналт муу байгаа уч­раас л хулгайгаар хүн тээвэр­лээд байгаа юм шиг санагддаг. Хэрвээ зөв­шөөрөлгүй тээвэр хийж байгаад баригдсан тохиол­долд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Зөрчлийн тухай хуулийн дагуу л арга хэмжээ авна. Бид хуульд заасан хугацааны дагуу хяналт шалгалтаа хийгээд явдаг. Нэг бүрчлэн шалгаад байна гэдэг хүндрэлтэй шүү дээ. 

-Зөрчил арилгах хуга­цаа­тай шаардлага хүргүүлдэг гэсэн. Заасан хугацаанд зөрчлөө арилгасан эсэхэд хэрхэн хяналт тавьдаг вэ. Хэрэв заасан хугацаанд зөрч­лөө арилгаагүй бол яах вэ?

-Шаардлага хүргүүлсэн бай­гуул­лагад эргээд гүйцэт­гэлийн шалгалтыг хийдэг. Заасан хугацаанд зөрчлөө арилгасан бол шалгалтын дүнгийн тухай дүгнэлт гаргаад өгчихнө. Арилгаагүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн аж ахуйн нэгж байгууллагад 500 нэгжтэй тэнцэх торгуулийг тавина. 

-Тээврийн үйлчилгээ эр­хэлдэг аж ахуйн нэгж болон хувь хүмүүст хийдэг хяналт шалгалтын давтамж нь хэр ойр байдаг юм бол? 

-Хоёр жилд нэг удаа шалгалт хийдэг. Гэхдээ заавал хоёр жилд нэг удаа хийнэ гэж хуульд заагаагүй. Бага эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдэд итгэл хүлээлгээд шалгалт хийхгүй ч байж болно.

-Хувь хүмүүсийг хэрхэн шалгах вэ?

-Иргэд өөрсдийнхөө аюул­гүй байдлын төлөө ухам­сартай хандах нь чухал. Мэргэжлийн хяналтын бай­гууллага шалгалт хийнэ гээд орон нутгийн замд зогсоод байна гэж байхгүй шүү дээ. Стандартын шаард­лага хангасан албан ёсны тээв­рийн хэрэгслүүд үйл ажил­лагаа явуулж байхад өөрий­гөө эрсдэлд оруулж, хувийн зөвшөөрөлгүй унаагаар явахгүй байх нь чухал.

-Микро автобусуудыг ний­тийн үйлчилгээнд явахыг хориглосон. Гэсэн ч өнөөд­рийг хүртэл нийтийн тээв­рийн үйлчилгээнд явсаар л байгаа шүү дээ?

-12-оос дээш насжилттай тээврийн хэрэгслийг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулахыг хориглодог. Харин такси үйлчилгээнд 10 жил гэж заасан байдаг. Зөвшөөрсөн хугацаа нь дуусгавар болох үед бүртгэлийн сангаас хасдаг. Гэтэл үргэлжлүүлэн, хууль бусаар тээвэр хийсээр л байдаг. Авто тээврийн улсын байцаагчид тэмцээд дийлэхгүй байна шүү дээ. Тиймээс зорчигчид өөрсдөө ухамсартай хандаж, сонголтоо хийх нь чухал юм.