ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Мөнхбилэг: Олон Улсын тэмцээнд хэдэн орны тамирчин оролцож буйгаас хамаарч мөнгөн шагнал олгодог

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-24

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид,  өсвөр үеийнхэн олон улсын чанартай спортын уралдаан тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож буй. Тэгвэл тэдгээр хүүхдүүдийг улсаас хэрхэн урамшуулж, шагнадаг талаар БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Н.Мөнхбилэгээс тодрууллаа. 

-Олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролц­сон өсвөрийн баг тамирч­дад улсаас ямар шаг­нал, урамшуулал олгодог вэ?
-Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор зөвхөн ЕБС-ийн сурагчид гэлтгүйгээр насаар нь заасан байдаг. Ямар нэгэн тэмцээнд орохоор бол тухайн тэмцээний ангилалаар заасан мөнгөн шагнал олгох журам бий. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд орж шагнал авсан тохиолдолд тодорхой хэмжээгээр тэднийг урамшуулдаг. Олон улсын чанартай тэмцээнийг олимп,  паралимп, тивийн аварга гэх зэргээр ангилаад илүү задалж,  хэдэн тив,  хэдэн улс орноос тэмцээнд, хэчнээн тамирчин оролцсон гэдгээр нь ангилдаг. Түүнээс хамаараад олгох мөнгөн шагнал нь 100 хувь,  60 хувь, 30 хувь байх уу гэдгийг ангилах юм. Мөн олон улсын чанартай тэмцээнүүдийн аль тэмцээнд  орох эсэхээс хамаарч өөр өөр  байдаг. Жишээ нь, Азийн наадамд тухайн тивийн тамирчид оролцох учир, тивийн төлөөлөл харгалзахгүй гэсэн үг. Улмаар 24 болон түүнээс дээш улс орон тухайн жинд өрсөлдөж байгаа бол мөнгөн шагналыг 100 хувь олгодог. Тэгвэл Азийн наадмын алтан медаль насанд хүрэгчдэд  30 сая, өсвөр үе долоон сая төгрөг байдаг гэхээр, тухайн тамирчин түрүүлвэл 100 хувь авна гэж ойлгож болно. Хэрвээ тухайн тэмцээний төрөлд нь 16-23 тамирчин оролцвол 60 хувийг нь олгодог. Харин 11-ээс доош байвал 30 хувийг олгодог журамтай. 

-Улсын чанартай тэм­цээнд амжилт гаргавал хэрхэн урам­шуулах вэ?
-Улсын аварга шалгаруулах тэмцээн гэж бий. Мөн Улсын хэмжээний спортын наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Оюутны болон хүүхдийн үндэсний наадам гэж ангилдаг. Энэ  жил хүүхдийн спортын зургадугаар наадмын өвлийн төрөл гуравдугаар сард  болсон.  Харин зуны төрлийн шигшээ тэмцээн ирэх есдүгээр сарын 9-ны өдөр болно. Харин шагнал урамшууллын хувьд алт 600 мянга, мөнгө 400 мянга, хүрэл 200 мянган төгрөгийг тус тус олгодог. Мөн олгох хувийг заасан. Тухайлбал, өсвөрийн тэмцээнд долоогоос доош тамирчин оролцвол 60 хувь, 8-13 тамирчин оролцвол 80 хувь, 14- өөс дээш хүүхэд оролцсон бол 100 хувь гэж заасан.  Илүү нарийн мэлээллийг Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолыг  харж болно. 

-Тухайн шагнал авсан тамирч­дын дасгалжуулагчийг хэр­хэн шагнаж урамшуулдаг вэ? 
-Тогтоолд  зааснаар дасгалжуулаг­чид, медаль хүртсэн тамирчинд олгож буй мөнгөн шагналын 50 хувьтай тэмцэх хэмжээний мөнгө улсаас олгоно гэсэн үг. Шагнал авсан тамирчны мөнгөн дүнгээс гадна шүү дээ. 

-Мөнгөн урамшууллаас гад­на тухайн хүүхдийг их, дээд сур­гуульд элсэхэд төлбөрийн хөнгө­лөлт, зэрэг  өөр  урамшуулал бий юу?
-Засгийн газрын тогтоолд бол тийм заалт байхгүй. Тухайн их дээд сургуулийн дотоод асуудал байдаг. Өөрсдөө шийднэ. 

-Өсвөрийн тамирчид ямар төрлийн тэмцээнд түлхүү ам­жилт гаргаж байна вэ. Манай улсад  багийн спортыг хөг­жүү­лэх шаардлагатай байгааг Хоккейн тамирчдаас харлаа. Ган­­цаар­­чилсан төрөлд ихэвчлэн анхаа­рал хандуулаад байх шиг?
-Жудо, чөлөөт бөх, бокс, буудлага,  гүйлт зэрэг тэмцээнд эцэг эхчүүд багш нар анхаарлаа хандуулдаг нь үнэн. Харин яамны бодлогын хувьд багийн спортыг хөгжүүлэх талаар яригдаж байгаа. Зөвхөн барилдааны төрлөөс гадна  тулааны спорт буюу кендо, туялзуур сэлэм зэргээр хичээллэж болно шүү дээ. Сүүлийн үед сагс, вольебол, хөлбөмбөг нилээн эрчимтэй хөгжиж байна. Хоккей­чид Азийн тэмцээнд хоёр дахь удаагаа аварга авлаа. Багийн  спор­тыг хөгжүүлвэл амжилт олохоос гадна хүүхэд залуус хувь хүн  та­лаа­саа нэг баг  болж ажиллах ур чад­вар илүү суух байх. 2019 оны намар­таа багтаад багийн спортыг хөг­жүү­лэх хөтөлбөр, үндэсний спорт, өвлийн спортыг хөгжүүлэх гэсэн гур­ван үндэсний хөтөлбөрийг боловсруулна.