Энэ жил улсын хэмжээнд 18 орчим мянган сурагч төгсөнө. Төгсөлтийн баярын үеэр хүүхдүүд архилдан согтуурах, аялал зугаалгаар явах, багшид бэлэг өгөх гэх зэрэг асуудал үүсдэг. Тэгвэл эдгээр асуудалд БСШУСЯ-аас ямар арга хэмжээ авч байгаа талаар Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Жил бүрийн хавар хонхны баярыг зөв зохистой тэмдэглэх тухай шийдвэр салбарын яамнаас гарах юм?
-БСШУС-ын сайдын 2017 онд гарсан тушаалаар төгсөлтийн баярыг улс орон даяар эрдмийн баяр болгож зохион байгуулахын нийт боловсролын байгууллагын дарга аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, жил бүр дахин дахин гаргаад байхдаа гол нь биш сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд соёл хэвшил болгох шаардлага гарч байгаа. Эрдмийн баяр гэдгийг нийлж салхинд гарах, баярлаж наадах гэхээс илүү, хүүхэд энэ хугацаанд юу сурч мэдсэнээ тайлагнах баяр байх ёстой. Гоё хувцас өмссөнөөрөө, амттай хоол идсэнээрээ төгслөө гэсэн зүйл байхгүй. Тиймээс эцэг, эхчүүд, ЕБС-ийн удирдлагууд, багш нар боловсролын байгууллага энэ талаас нь ажлаа тайлагнаж дүгнэх ёстой гэж БСШУСЯ үзэж байгаа.
-Хонхны баярын үеэр сурагчид багшид бэлэг өгөх эсвэл, мөнгө өгдөг. Мөнгө татдаг энэ асуудалд хэрхэн хяналт тавьдаг юм бол?
-Сурагчдын хувьд сургууль, анги удирдсан багшдаа хандив тусламж үзүүлэх, нөгөө талаас сургууль нь улсын төсвөөр бүх үйл ажиллагааг явуулах боломж муутайгаас, хандив авах явдал гардаг. Тиймээс энэ харилцааг Боловсролын тухай хуулиар зохицуулж өгсөн. Уг хуулийн 39-ийн хоёрдугаар заалтаар боловсролын байгууллагын санхүүжилтийг нарийвчлан тусгасан бөгөөд энэ хүрээнд хичээлийн хэрэглэгдэхүүнд хэрэгтэй хандив тусламжийг хүлээн авч болно. Гэхдээ 40.7-д зааснаар хуульд заагаагүй төлбөр хураамжийг авахыг хориглодог. Үүнд тухайлбал, багшид бэлэг өгөх гэх мэт сургалтын хэрэглэгдэхүүнд хэрэглэхгүй зүйлийг хориглоно гэсэн үг.
-Хуулиндаа хандив авахыг хориглоод байхад ийм асуудал байнга гардаг. Эцэг, эхчүүдээс санал гомдол их ирдэг. Багш нар сурагчдаас бэлэг сэлт авлаа гэж хариуцлага тооцсон тоо баримт байна уу?
-Хууль бус орлого татаас нэхэмжлэхийг хуулиар хориглосон. Эцэг, эхчүүдээс зарцуулалт нь тодорхойгүй элдэв төлбөр хандив шаардаж болохгүй. Хэрэв багшийн ёсзүйтэй холбоотой ийм асуудал гарвал аймаг нийслэлийн Засаг даргын дэргэдэх Багшийн ёс зүйн зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Эцэг, эхчүүд энэ асуудал ноцтой гэж үзвэл БСШУСЯ-д мэдэгдэн шаардлагатай хяналт, шинжилгээг хийлгэж болно. Хяналт шалгалтаар хууль бус төлбөр хураамж авсан нь тогтоогдвол буцааж олгодог. Мөн тухайн сургуулийн удирдлага тухайн багшид хариуцлага тооцох ёстой. Сүүлийн жилүүдэд ийм асуудал харьцангуй багасаж байна. Зөвхөн багшаас гадна эцэг, эхчүүд өөрсдөө бодолтой хандах хэрэгтэй. Эцэг, эхийн зөвлөл гэх хэдэн хүн мөнгө татах шийвэр гаргачхсан байдаг. Нөгөө шийдвэрийг нь багш нар нь мэдээгүй байхад бусад эцэг, эхчүүдээс мөнгө татлаа гэсэн гомдол гарчихсан байдаг.
-Төгсөлтийн баяраар аялал зугаалгаар явахыг хориглосон ч нууцаар яваад байдаг. Үүнийг яаж хянах вэ. Амралтын газрууд сурагчдыг амраасан бол давхар хариуцлага тооцох ёстой байх?
-Аж ахуй нэгж, амралтын газартай харилцах чиг үүрэг МХЕГ-т бий. Хаврын хуурайшилттай холбогдуулан ОБЕГ, МХЕГ зэрэг байгууллагууд зөвлөмжөө хүргүүлсэн. Яамнаас сурагчдыг ил болон далд хэлбэрээр салхинд гарах үйл ажиллагааг явуулахгүй байхыг тухайн сургууль хариуцаж ажиллахыг үүрэг болголоо. Хэрэв тухайн сургууль ямар нэгэн байдлаар аялал зугаалга хийгээд осол гэмтэл гарвал сургуулийн удирдлага өөрөө хариуцлага хүлээнэ.
-Эрдмийн баяраас гадна шалгалтад бэлтгэх давтлага нэрээр мөнгө татдаг. Үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Хавар төгсөлт болох үед хүүхдүүдэд эрчимжүүлсэн сургалт явуулна, ЭЕШ-ын хичээлээр давтлага өгдөг сургалтын төвүүд идэвхждэг. Мэдээж ерөнхий эрдмийн хичээлийн сургалтын хөтөлбөрт улсын шалгалт, ЭЕШ-ын агуулга төлөвлөгөөний дагуу багтдаг. Тиймээс хичээлийн 40 минутад үр дүнтэй хичээллэх хэрэгтэй байна. Багш ч өөрөө хичээлээ тасалдуулахгүйгээр сургалтадаа идэвхтэй оролцуулах, хүүхдийг буруу зүйлд уриалж, татан оруулахгүй байх соёлыг төлөвшүүлмээр байгаа юм. Хавар энэ төрлийн санал гомдол ихэсдэг. Сургалтын чанар сайжруулах, хүүхдүүдийг идэвхжүүлэх зорилгоор танхимын бус сургалтууд, хичээлээс гадуурх үйл ажиллагааг олноор зохион байгуулдаг. Гэхдээ үүнээс татгалзаж, тэвчиж болох л асуудал. Заавал хүүхдээс мөнгө хурааж хавтгайруулдаг үйл ажиллагаанаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрвээ ингэвэл хууль бус шүү гэдгийг хаа хаанаа ухамсарлах хэрэгтэй.