Сүүлийн үед 8-12 насны охид алга болох явдал хөдөө орон нутгаар ихсэх болов. Тухайлбал жил гаруйн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг найман настай охин сургуульдаа явах замдаа ор сураггүй алга болсон бол Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд мөн л есөн настай охин мал хариулж гараад ор сураггүй алга болсон байдаг.
Тэгвэл он гарснаас хойш Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд амьдардаг байсан есөн настай охин алга болсон бол өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны өдөр мөн л Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн дотуур байранд амьдарч байсан 11 настай охин ор сураггүй алга болжээ. Тухайн өдөр охиныг ангийнх нь багш өрөөндөө дуудаж уулзсан бөгөөд үүний дараа дотуур байрандаа орж ирээд 20-30 минут байж байгаад гэнэтхэн гарч гүйжээ.
Энэ нь камерт бичигдэн үлдсэн байна. Аймгийн цагдаагийн байгууллагаас ангийн багшаас нь тайлбар мэдүүлэг авсан бөгөөд хүч нэмэгдүүлсэн эрэн хайх баг сумын төвөөс зүүн хойш өөрийнх гэрийн зүг рүү эрэл хийж байгаа аж. Охиныг гэртээ харих гэж явганаар гүйсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Охин зургаан настай дүүтэйгээ дотуур байранд амьдардаг байжээ. Өмнө бичсэнчлэн өсвөр насны охид энэ мэтээр хөдөө орон нутгаас алга болох нь ихэссээр байна.
Хамгийн сүүлд гэхэд л Налайх дүүргээс алга болсон охин Улаанбаатар хотоос хүчиндүүлсэн байдалтай олдсон бөгөөд охины биеийн байдал муу дүүргийнхээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гаж донтон, хүний наймаачид хөдөө орон нутгийг онилох болов уу гэх хардлага ч байгаа учраас хөдөө орон нутгийн иргэд ч анхаарал болгоомжтой байж охидоо сургууль руу нь хүргэж өгөх, хичээл тарах үед нь авдаг, мөн ганцааранг нь орой үдэш гаргахгүй байх нь зөв юм.