ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Байгалийн гамшигт үзэгдэл болжээ

O.Admin
2019-05-15

Сүхбаатар аймагт өчигдөр байгалийн онц аюултай үзэгдэл болжээ. Тодруулбал, өдрийн 12.20 цагийн үед салхины хурд 26 м/с хүрч, аймгийн төв нь тас харанхуй болжээ. Цаг агаарын энэхүү гамшигт үзэгдэл 10 орчим минут үргэлжилсэн аж. Сүхбаатар аймгийн хэмжээнд өчигдөр 11.00 цагаас эхлэн 14.30 цаг хүртэл хүчтэй салхи шуурсан бөгөөд 20-28 м/с хүрч шуурснаас үүдэж, аймгийн хэмжээнд хөл хорио тогтоосон байна. 

Гэвч зарим сумдаас Онцгой байдлын газарт дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд 17 хүн шуурганаар төөрчээ. Салхины эрч 22.00 цаг өнгөрч намдсаны дараа алга болсон хүмүүсийг хайсан бөгөөд бүгдийг нь эсэн мэнд олжээ. Хүчтэй салхи, байгалийн түр зуурын гамшигт үзэгдлийн улмаас бусдын эд хөрөнгө эвдэрч сүйдсэн бөгөөд хохирлыг тооцож гаргаагүй байгаа аж. 

Мөн энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд мөн л хүчтэй шороон шуурга болно гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдлээ. Иймд иргэд та бүхэн яаралтай чухал биш л бол аян замд гарахгүй байх, мөн гэр хороо, хашаагаа бэхлэх, бага насны хүүхдүүддээ тавих анхаарал хяналтаа дээшлүүлж, гэр орноосоо аль болох гарахгүй байх нь чухал юм.