“Хөлсний амт” булангийн энэ дуаагийн зочноор “Шидэт өнгө” хэвлэлийн газрын захирал Ёндонжамцын Далайжамцыг урилаа.
-Та номын бизнес рүү хэрхэн хөл тавьсан бэ?
-Энэ үйлдвэрийг анх 2007 онд байгуулж байжээ. Уг эхлэл нь бол Нарантуул зах дээр анх номыг контейнерт зарж эхэлсэн хүн шүү дээ, би. Уран зохиолын болоод бусад маш олон төрлийн номыг зарж анх л ном гэдэг зүйлтэй холбогджээ. Тэгээд удалгүй жижиг, жижиг үлгэрийн номуудыг эмхэтгэж хэвлэж эхэлсэн. Гэхдээ эхэн үедээ тэр номуудыг энд тэнд очиж хэвлүүлж, байгаад цаашдаа ер нь өөрийн гэсэн нэг жижиг үйлдвэртэй болох хэрэгтэй юм байна бодсон.Тэгээд л зүтгэсэн дээ.
-Анхны номуудаа хаана хэвлэж байв?
-Яруу найрагч, сэтгүүлч Намсрайн Лутбаяр гэж хүн миний анхны номуудыг хэвлэж байсан.Лутаа ах маань тэр үед “Хөх судар” хэвлэлийн газартай байсан. Би чинь өөрийн юм шиг л тэнд очоод суучихна шүү дээ.
-Одоо “Шидэт өнгө” хэвлэлийн газар ямар бүтэц зохион байгуулалттай, хүчин чадалтай ажиллаж байна вэ?
-Одоо манай үйлдвэр дөрвүүлээ ажилладаг юм. Манайх анх нэг компьютер, нэг принтер, нэг өнгийн ганц хэвлэлийн машинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө сардаа 10-аад тонн цаасыг ном болгон үйлдвэрлэж байна. Бид өөрийн нэрийн 200 гаруй номтой болсон. Бидний бүтээгдэхүүн гол төлөв сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан буддаг номууд, үлгэрүүд түлхүү байсан. Энэ жилээс хүүхдийн зохиолчид уран бүтээлчидтэй хамтран ажиллаж тэднийгээ дэмжин зохиол бүтээлийг нь хэвлэж байна. Бид А3-аас дээш форматын номоо өөр газар очиж хэвлүүлдэг юм.Учир нь бидний формат дээд тал нь А3 юм. Хатуу хавтастай номоо гадна хийлгэж байна. Бага багаар ахиж л байгаа. Одоо хоёр өнгийн гурван машин, огтлооны машин, цавууны машин, бүрэлтийн машин гээд гарын дор хэрэглэдэг бүхий л машинаар тоноглогдсон үйлдвэр болоод байна.
-Танайх жижиг үйлдвэр юм. Улсаас та бүхнийг хэрхэн дэмжиж байна вэ?
-Жижиг дундаас зээл авах гэж бодоод судалсан чинь ёстой “үлгэр” юм билээ. Уг нь манайх яг жижиг үйлдвэр мөн үү, мөн байдаг. Гэтэл ЖДҮХС-гаас зээл авна гэдэг заалтад огт таарахгүй юм билээ. Уг нь бид 3-4 хүн л махийтлаа ажиллаад л байгаа. Бусдад дараа төвөггүйгээр жижиг үйлдвэрлэлээ эрхэлж байна. Гэтэл улсаас ийм үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого нь арай л шоу юу гэж харагдахаар байх юм. Би гэхэд л захирал ч гэдэг юм уу “томроод” суугаад байдаггүй. Хаана ямар ажил байна бүгдийг л хийж байна. Ном нугална, огтолно, жолооч, нярав, менежер гээд л бүхий л зүйлээ хийнэ дээ. Ингэж л өөрсдийн хичээл зүтгэлээр номын буяныг дэлгэрүүлж явна.
-Бор зүрхээрээ гэдэг шиг л зүтгэж буй юм байна. Хамгийн ойрын хамтрагч гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Манай гол харилцагч бол “Финпак” ХХК. Би эндээс зээлээр цаас авч номоо хэвлээд бас ихэнхдээ зээлээр зарна. Дараа нь хэрэглэгчээс мөнгөө аваад цаасны өрөө дарах гэх мэтээр ёстой л одоо нөгөө зээлийн гинжин хэлхээнд эргэлдэж байна.
-Таныг хүүхдийн номын зохиолч нөхөдтэй хамтран ажиллах түншлэл хийж эхэлсэн гэж мэднэ, энэ талаараа яриач?
-Өнгөрөгч сард болсон Номын түншлэлийн үеэр 5-6 зохиолчтой гэрээ хийж тэдний номыг хэвлэж уншигчдад түгээхээр болсон. Энэ нь ямар учиртай вэ гэхээр зохиолчоос би нэг төгрөг ч авахгүй. Гагцхүү тухайн зохиолчийн номыг 1000 хувь хэвлэлээ гэхэд 500 ширхэгийг зохиолчид өгөөд үлдсэн 500 хувийг би борлуулж ном хэвлэхэд гарсан зардлаа л нөхөх болж байгаа юм. Зохиолчийг дэмжиж номыг нь түгээж буй нь миний үндсэн үүрэг. Тухайн зохиолчийн уран бүтээл уншигчдын таашаалд нийцээд борлуулалт сайн байвал бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Үгүй бол тэгээд яах вэ нэг удаа хэвлээд л үйл ажиллагаа буюу гэрээгээ зогсооно гэсэн үг. Удахгүй болох номын баярыг угтаад манайх өөрийн номтой нийлээд 30 гаруй төрлийн номыг энэ цөөхөн хоногт гаргалаа. Үүнийхээ цаасыг хамтрагч Финпакаасаа бас л зээлээр авчихаад л байна. Манай үйлдвэрийн хүчин чадал том үйлдвэрийг бодоход бага хэдий ч тасралтгүй үйл ажиллагаатай, амсхийх зав алга л байна. Өөр ч хийх ажил их байна.
-Ингэж их хөдөлмөр хөлс, хөрөнгө зарцуулаад баахан ном хэвлэлээ. Үр дүнд нь таны олж буй “ашиг” юу вэ?
-Үлдэх зүйлийг би их хөрөнгө мөнгөөр хэмждэггүй, гол нь хүний сэтгэл зүрх, зорилго гэж нэг юм байна. Түүний минь нэг хэсэг гэж ойлгоход болно.
-2007 онд танаас авч байсан номны үнэ өнөөдөр тэр хэвээрээ л байгаа гэж нэгэн худалдан авагч ярьсныг сонссон. Таны номын үнэ үнэхээр л нэг түвшиндээ байна уу. Шалтгаан нь юу вэ?
-Тэр бол үнэн. 2007 онд би нэг номоо 400 төгрөгөөр борлуулж байсан. Өнөөдөр ч тэр хэвээрээ л байгаа. Яагаад гээч, миний хэвлэж гаргадаг ном бестселлер болдог. Дэлгүүрийн лангуун дээр өрөгдөж энд тэнд бестселлер гэж зарлагддаггүй ч хэдэн арван мянгаараа хэвлэгдэж буй номууд олон бий. Хүүхдүүдэд хүргэх ном үнэтэй бус байж, лангуун дээр шороонд дарагдах биш харин ч аль болох хямдаар олон олон уншигчид хүрч байх ёстой гэж бодож ажилладаг. 2007 онд нэг хайрцаг А3 бичгийн цаас 20 000 орчим төгрөг байсан бол одоо 80 000 төгрөг болчихсон байна. Хэвлэлийн будаг гэхэд 4-5 мянга байсан бол одоо 20 000 болчихоод байна. Тэгэхээр бүх зүйл багадаа гэхэд 4-5 дахин өсчихсөн байна. Нэг хэвлэлийн хуудас номны үнийн хийж буй өртөг нь зах зээлд 200-250 төгрөг байна шүү дээ. Тэгэхэд миний хоёр хэвлэлийн хуудас ном 400 төгрөг, 10 хэвлэлийн хуудас ном 700 төгрөгөөр зарагдаж байна гэхээр хийж буй өртгөөсөө хамаагүй хямд байгаа биз дээ. Гэхдээ би хэзээ ч үгүйрэн хоосрохгүй. Яагаад гэвэл номын цагаан буян гэж бий.
-Ажиллах хүчний тухайд?
-Манай хэвлэлийн газрын хувьд хэдийгээр хүн цөөтэй ч гар сэтгэл нийлсэн хамт олны хүчээр ажлаа нугалдаг. За тэгээд өөрөө үүрийн харанхуйгаас үдшийн бүрий тасартал хар бор хамаг л ажлаа нугалж зүтгэсний хүчинд л болгодог доо. Бүх л жижиг үйлдвэрүүд ийм л байдаг. Сэтгэлтэй хүн байвал юуг ч хийж бүтээж болно гэж боддог. Тийм залуус олон биш. Одоогийн залуус ажил голно, уйдамхай хэд хоноод л хаяад явчихна. Хүн ажиллуулна гэж хамаг л мэдрэл сэтгэлээ барсан ажил шүү, үнэндээ.
-Сүүлийн үед нэгнийхээ хийж буй ажлыг дуурайх, хувилаад зарах гэх мэт зүйл номын биенес дээр их ажиглагдах юм. Тухайлбал, таны номыг хуулбарлагч хэр байна вэ?
-Тийм тал бий, бий. Жишээ гэхэд манайх ямар ном хийнэ түүнийг минь дуурайж хийдэг нэг хүн Нарантуул зах дээр байдаг юм. Үүний хор уршиг нь жишээ болгоход худалдан авагчдыг хохироож байгаа юм. Учир нь дотор нь байгаа үлгэрүүд адил байгаа шүү дээ. Дээрээс нь энэ бол оюуны хулгай.