Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.
-Улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа тусгай зөвшөөрлийн ихэнх нь Дорноговь аймагт ашигт малтмал олборлох болон хайгуул хийх лиценз байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрлийн тоог бууруулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Намайг анх ажлаа авч байх үед Дорноговь аймаг 561 хайгуулын болон ашиглалтын лицензтэй байсан. Тэгвэл одоо тусгай зөвшөөрлийн тоог 366 болгож бууруулсан. Үндсэндээ тусгай зөвшөөрлийн тоог 195-аар буурууллаа. Хайгуулаа цаг хугацаанд нь хийдэггүй, байгаль хамгаалах төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаггүй, ашиг хонжоо олохын тулд хайгуулынхаа тусгай зөвшөөрлийг бусдад зарах гэж оролдсон компани, аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлүүдийг сумдын Засаг дарга, ИТХ-тай нийлж цуцалсан. Ингэснээр тусгай зөвшөөрлийн тоог 200 орчмоор бууруулж чадлаа. Бид хариуцлагатай уул уурхай явуулж байгаа, сум орон нутагт дэмжлэг үзүүлдэг, иргэдийг ажлын байраар хангадаг компаниудыг дэмждэг. Мөн нийгмийн даатгал, татвараа цаг хугацаанд нь төлдөг, нөхөн сэргээлтээ хийдэг, баялгийнхаа тодорхой хувийг сум, орон нутгийн бүтээн байгуулалтад нэмэрлэдэг, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байгаа. 2017 онд дэвшүүлсэн бодлогын хүрээндээ уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр гэхээсээ илүүтэй тодорхой хэмжээнд баяжуулж, боловсруулж, нэмүү өртөг шингээх, сум болгонд ажлын байр нэмсэн үйлдвэрүүдийг барихыг дэмжиж байна. Одоогоор 13 нүүрс угаах үйлдвэр, жоншны баяжуулах үйлдвэрүүд, хоёр ч том цементийн үйлдвэр ашиглалтад орсон ажиллаж байгаа. Бид бас уул уурхайтай сумын иргэд баялгийн тодорхой хувийг авах ёстой гэдэг бодлого барьдаг. 2018 онд Засгийн газар шийдвэр гаргаж, хайгуулын төлбөрийн 50, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн таван хувийг орон нутагт үлдээдэг болсон. Гэхдээ энэ тийм ч хангалттай тоо биш. Уг нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30-50 хувийг үлдээдэг байвал сум, орон нутагт 20-30 тэрбум төгрөг үлдэх боломжтой. Нэгэнт л газар нутгаа ухуулж байгаа сумдын иргэдэд баялгийн тодорхой хувийг үлдээвэл эрүүл мэнд, боловсролын чиглэлийн үйлчилгээ сайжрах боломжтой.
-Цуцлагдсан 195 тусгай зөвшөөрөл бүгд хайгуулынх уу?
-Тийм. 2015-2016 онд Ашигт малтмал, газрын тосны газраас баахан тусгай зөвшөөрөл олгосон. Ганцхан жилийн дотор Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох, хайгуул хийх 250 тусгай зөвшөөрлийг олгосон байгаа юм. Тиймээс энэ мэт замбараагүй олгосон тусгай зөвшөөрлийн тоог бууруулах чиглэлээр ажиллаж байна. Хайгуул хийнэ гэж тусгай зөвшөөрөл авчихаад ажлаа хийдэггүй. Хайгуул хийчихээд нөхөн сэргээлтээ огт хийгээгүй компани, аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.
-366 тусгай зөвшөөрөл гэдэг бага тоо биш. Цуцлагдаагүй үлдсэн тусгай зөвшөөрлийн ихэнх нь хайгуулынх уу. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-366 тусгай зөвшөөрлийн 180 нь А лиценз. Нөөцөө батлуулчихсан гэсэн үг. Үлдсэн нь хайгуулынх. Монгол Улс газар дороо ямар баялагтай байгаагаа мэдэх хэрэгтэй. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь зөв. Хайгуул хийж байгаа компаниуд ч ажлаа идэвхтэй хийгээд, ямар үр дүнд хүрснээ эрдэнэсийн санд бүртгүүлэх ёстой юм. Харамсалтай нь Дорноговь аймагт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, компаниуд ажлаа хийдэггүй. Харин гадаадын компанид тусгай зөвшөөрлөө зарах гэж оролддог. Ер нь ийм л зорилготой тусгай зөвшөөрөл авдаг юм биш биз гэж хардаад байгаа юм. Одоо цуцлаагүй үлдсэн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн заримынх нь хугацаа нь болоогүй. Зарим компани нь тодорхой хэмжээнд хайгуулаа хийж байна. Бид энэ жил дахиад л компаниуд хайгуулаа хийсэн үү, үгүй юу гэдгийг нь шалгана. Нөхөн сэргээлтээ хийсэн байна уу, зохих төлбөр мөнгөө төлсөн үү гээд олон зүйлийг шалгана. Хайгуулаа хийгээгүй, журмынхаа дагуу ажиллаагүй компани байвал тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ.
-“Их Дорноговь хөгжил сан” гэдэг санг танай аймагт байгуулжээ. Уул уурхай хөгжиж байгаа бусад аймгууд үлгэр жишээ авахаар зөв санаачилга байна. Уул уурхайн компаниуд хөрөнгө мөнгөө хуримтлуулаад, орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулдаг гэсэн. Энэ санаачилгыг хэн гаргаж, хэрхэн хэрэгжүүлж байна?
-Уул уурхайн компаниуд өөрсдөө санаачилсан юм. Хуучин уул уурхайн компаниуд аймгийн болон сумын Засаг дарга нарт хандив өгдөг байсан юм билээ. 2016 онд би Засаг дарга болоод, уул уурхайн зөвлөгөөн хийсэн. Тэгэхэд уул уурхайн компаниудын төлөөллүүд “Аймаг болон сумдын Засаг дарга нарт хандив өгдөг. Эргээд бидэнд юу хийсэн, мөнгөө яаж зарцуулсан талаар танилцуулдаггүй. Сум орон нутагт бүтээн байгуулалт хийдэггүй. Бидний өгсөн мөнгийг үр дүнгүй зарцуулж байна. Тиймээс бид нэгдээд, “Их Дорноговь хөгжлийн сан” байгуулаад ажиллая. Аймаг, орон нутгаас төслөө өгдөг. Тэр төслийг нь шалгаруулаад, өөрсдөө компаниа сонгоод, хяналтаа тавиад ажиллая” гэж ярьж, санал гаргасан. Энэ дагуу Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа А лицензтэй 20-иод компани нийлээд, “Их Дорноговь хөгжил сан”-г байгуулсан. Аймаг, сумын Засаг дарга нар төслөө нэгтгээд, санд хүргүүлдэг. Уул уурхайн компаниуд сангийнхаа ТУЗ-ийг хуралдуулаад, дэмжих боломжтой төслөө дэмжээд, бүтээн байгуулалт хийдэг. Сангийн ТУЗ-д аймаг, сумын Засаг дарга болоод төрийн байгууллагаас ганц ч хүн байхгүй. Зөвхөн уул уурхайн компаниуд бүрдүүлдэг. Ингэж л ажилладаг. Сан байгуулснаас хойш олон ажил хийсэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барьж өглөө Гурван давхар барилга. Зарим суманд спорт заал, 75 хүүхдийн цэцэрлэг барьж өглөө. Наадмын талбай ч барьсан. Зарим сумын хогийн цэгийг шинээр байгуулж өгсөн. Эмнэлэг, сургууль зэрэг олон байгууллагад тоног төхөөрөмж бэлэглэсэн. Энэ жил нэлээд олон суманд төрийн албан хаагчдын найм болон дөрвөн айлын орон сууц барьж өгөхөөр төлөвлөж байгаа.
-Жилдээ сандаа ийм хэмжээний тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн тодорхой тоо байдаг юм уу?
-Компаниудаасаа л шалтгаална. Тэрбум төгрөг төвлөрүүлбэл түүнийхээ хэмжээнд бүтээн байгуулалтаа хийнэ. Хоёр тэрбумыг төвлөрүүлбэл тэр хэмжээнд нь зарцуулна. Бид төслөө л хүргүүлнэ. Тэгэхээр компаниуд нь буюу сангийн ТУЗ хуралдаад, ийм төсөлд нь тэдэн төгрөг шаардлагатай юм байна гээд л хийнэ. Бидний явуулсан төслийн зарим нь батлагдана. Зарим нэгийг нь дэмжихгүй. Тухай компани аль суманд уул уурхай эрхэлж байна, тэр орон нутагтаа бүтээн байгуулалт түлхүү хийх сонирхолтой байдаг.
-Хариуцлагатай уул уурхай гэхээр байгальд ээлтэй техник, технологио ашигладаг. Эргээд нөхөн сэргээлтээ цаг тухайд нь зөв хийдэг байх ёстой. Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд хариуцлагатай ажиллаж чадаж байна уу. Аймгийн удирдлагууд хяналт тавьж байгаа байх?
-Зөндөө бий. Монголын үндэсний “МАК” компани байна. Шохойны уурхайг түшиглээд жилдээ сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьсан. “Мон цемент” гээд том үйлдвэр байна. Гэх мэтээр олон үйлдвэрийг дурдаж болно. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум орон нутгаас 700-800 хүн ажиллуулдаг. Сум орон нутагт дэмжлэг үзүүлдэг. Нийгмийн даатгал, татвараа цаг хугацаанд нь төлдөг. Нөхөн сэргээлтээ уулын ажлын төлөвлөгөөнийхөө дагуу хийдэг. Олны дунд саар компани ч олон байна. Нөхөн сэргээлт хийхдээ хойрго ханддаг, татвар мөнгөө төлдөггүй аж ахуйн нэгж ч бий. Бид тийм компаниудыг аль болох сайжруулах, хууль журмынхаа хүрээнд ажилладаг болгохын төлөө шаардлага тавьж байгаа. Хамгийн гол нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь чухал. Сум, орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болгохын төлөө л компаниудыг шахаж, шаардаж байгаа. Ер нь Дорноговь аймгийн орлого 2017 оныг бодвол 23 хувиар нэмэгдлээ. Бид орон нутгаа бодсон олон шаардлага тавьдаг. Дорноговь аймагт компани нээвэл бүртгүүл. Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвараа манай аймагт төл. Автомашинуудаа Дорноговь аймгийн дугаартай болго гэх мэт олон шаардлага тавьдаг. Яагаад гэвэл, Дорноговь бол өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймаг. Олсон орлогоороо бүхий л төрийн байгууллагуудаа санхүүжүүлээд, үлдсэнээр нь аймаг, орон нутагтаа бүтээн байгуулалт хийдэг. Түүнээс илүү гарсныг нь улсад төвлөрүүлдэг. Ийм аймаг улсад 4-5-хан л байгаа. Тийм учраас аль болохоор бие дааж асуудлаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд орлогоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймдээ ч дээр дурдсан шаардлагуудыг тавьдаг. Үүний хүчинд 50 орчим компани Дорноговь аймагт бүртгэлтэй болсон. Манай аймгийн автомашин хэрэглэгчдийн тоо бас нэмэгднэ. Яагаад гэвэл, уул уурхайн компаниудын ажилчид автомашиндаа Дорноговь аймгийн дугаарыг зүүж байна. Авто тээврийн хэрэгслийн албан татвар орон нутагт үлддэг. Энэ татвараас ахиухан мөнгө орж ирвэл замаа засч, тэмдэг тэмдэглэгээгээ хийдэг. Тиймээс уул уурхайн компаниудын удирдлагуудад ашиглаж байгаа автомашиндаа Дорноговь аймгийн дугаар авахыг шаардсан. Энэ мэт шалтгаанаар аймгийн орлого 23 хувиар нэмэгдсэн. Бид гадаад, дотоодын бүхий л компанийг адилхан дэмжиж ажиллаж байгаа. Манай аймагт Япон, Герман, Францын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Европын холбооны улсуудын хөрөнгө оруулалт ч бас нэмэгдэж байгаа.
-Хамтраад сан байгуулсан компаниудын тоог цаашид нэмэх боломж бий юу. Энэ талаар уул уурхайн компаниудтай санал солилцож, хамтарч ажиллаж байгаа байх. Компаниудын тоо нэмэгдвэл сангийн мөнгө ч өсч, бүтээн байгуулалт ч эрчимжих боломжтой болно?
-“Их Дорноговь хөгжил сан” байгуулагдаад, гурав дахь жилдээ ажиллаж байна. Ерөнхийдөө жилээс жилд санд нэгдэж орж байгаа компаниуд нэмэгдэж байгаа. Одоо нэгдсэн байгаа компаниудын удирдлага нь бусаддаа шаардлага, санал тавиад, нэмж байна. Бидний зүгээс компаниудынхаа тоог нэм гэж хэлэх эрх байхгүй шүү дээ. Тэд өөрсдөө л санаачилгаараа ажилладаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш олон ажил хийсэн. Цаашид ч олон ажил хийнэ гэдэгт итгэлтэй байгаа. Энэ туршлагыг Сэлэнгэ, Булган аймгийн удирдлагууд судалж үзээд, хэрэгжүүлэх гээд ажиллаж байгаа гэсэн.