Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны тэргүүлчид мягмар гарагт хуралджээ. Хуралдаанаар намын дүрмийн холбогдох заалтуудыг үндэслэн МАН-ын хорооны тэргүүлэгч Т.Ганзоригийг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэр гарсан юм.
Мөн Засаг дарга С.Гансэлэмийг МАН-ын гишүүнээс гарсан тооцоод байсан. Энэ шийдвэрийг МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос дэмжжээ. Ингэснээр дээрх хоёр шийдвэрийн дагуу зарим шийдвэрүүд гарахаар хүлээгдээд байна. Тодруулбал, энэ сарын эхээр МАН-ын Удирдах Зөвлөлийн ажлын албаны Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар тэргүүтэй албаны хүмүүс Говь-Алтай аймагт ажилласан. Энэ үеэр Хяналтын Ерөнхий хорооны зүгээс намын нэрээр Засаг даргын албанд очсон МАН-ын гишүүнд намын байгууллагынхаа дотоод эв нэгдлийг хангаж чадаагүй, идэвх санаачилга гаргаагүй гэх үндэслэлээр С.Гансэлэмийг “намаас гарсанд тооцох” шийтгэл хүлээлгэсэн байсныг албажуулжээ. Ингэснээр С.Гансэлэмийг аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал яригдаж эхлээд байгаа аж.