Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар 15-н хүртэл тус аймгийн уул уурхай бүхий сумдын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар долоон сумыг хамарсан 91 аж ахуйн нэгжийг хамруулсан юм.
Ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчны тухай багц хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийсэн байна. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
Шалгалтаар 675 заалт бүхий 45 албан шаардлага, 105 заалт бүхий 21 зөвлөмж, 3 акт үйлдсэн байна. Шалгалтаар хүний амь нас, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх өндөр эрсдэл бүхий гурван уурхайн үйл ажиллагааг зогсоож, үүнээс олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нэг, зам тээвэрлэлттэй холбоотой хоёр аж ахуйн нэгж, хоёр байгууллагын үйлдвэрийг лацдан зогсоож, зөрчил гаргасан 81 аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон аж. Дээрх арга хэмжээ тооцсон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй боловч Ашигт малтмалын тухай, Байгаль орчны тухай, Автотээврийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг удаа дараа зөрчин хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэл үүссэн тул холбогдох хуулиудын дагуу арга хэмжээ авчээ.