Дуучин Д.Болд УИХ-д нэр дэвшихээр шийдсэн үү

O.Admin
2024-05-07

"Камертон" хамтлагийн ахлагч дуучин Д.Болд цахим хуудастаа учир битүүлэг нэгэн мэдэгдэл хийсэн бөгөөд зарим дэмжигчид нь түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр сэтгэл шулуудсан гэх таамаглал дэвшүүлж эхлээд байна. 

Тодруулбал, тэрбээр"Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг… Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болно оо…

Хамтдаа өссөн, хөгжсөн, бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л Монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе…

Жич: Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор,үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно оо. 

Таныг хүндэтгэсэн: иргэн Доржсүрэнгийн БОЛД" хэмээсэн бичсэн  байна. Энэ удаагийн парламентын сонгууль томсгосон тойргоор явагдахаар болсон. Энэ сарын 14-21-ны өдрүүдэд нийт нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох юм. Тиймээс Д.Болд хэрэв сонгуульд нэр дэвшихээр болсон бол энэ үеэр аль тойрогт аль намаас нэр дэвших нь тодорхой болох бололтой.