ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Гантөмөр: Бидэнд итгэсэн 400 мянган монголчуудадаа баярлалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 өдрийн өмнө

УИХ-ын сонгуулийн санал хураалт урьдчилсан байдлаар дуусаж, хяналтын тооллого явагдаж буй энэ үед АН-ын дарга Л.Гантөмөр журмын нөхдийн хамт намын байрнаас мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Ардчилсан намыг дэмжсэн 400 гаруй мянган сонгогч та бүхэндээ баярлалаа. Хяналтын тооллого явагдаж байгаа.

Өглөө гэхэд дүн эцэслэх байх. Энэ удаагийн сонгуулийн үр дүн бол АН эвтэй байж, нэгдмэл байж чадсаны үр дүн юм. АН-ыг хүчгүй, эв нэгдэлгүй харагдуулах явдал сонгуулийн дундуур олон ч удаа гарлаа. Бидний нөхдийг худалдан авч, АН эв нэгдэлгүй байгаа мэтээр харагдуулах гэж хичээсэн нь харамсалтай.

Бидний журмын нөхөд маань сонгуулийн дундуур өрсөлдөгчдөд маань худалдагдсан нь харамсалтай. Авлигагүй нийгмийг бүтээхийн төлөө бид ажиллана. Монголчуудын амьдрал ядуу байгааг энэхүү сонгууль дүгнэж өглөө. Ард түмэн дүнгээ тавьсан учраас эрх баригч нам маань ч анхаарах биз. Ард түмний төрийн бодлогыг дүгнэсэн дүгнэлтэд маш их хүндэтгэлтэй хандана. Эрх барьж байгаа нам ч үүндээ дүгнэлт хийх байх аа. Бид өмнө нь буюу сөрөг хүчин байхдаа авсан арав гаруйхан суудлаа 43 суудал болгож чадлаа. Хяналтын тооллого өглөө хүртэл хийгдэнэ. Өрнөөс гаргах, ажилгүйдлийг арилгах, авлигыг бүрэн таслан зогсоох бодлогоо маш хүчтэй хийнэ гэдгээ биднийг дэмжсэн монголчууд та бүхэнд илэрхийлье.

Энэ их түрэмгийлэл, монголчуудын хуваагдал сайн зүйл авчрахгүй. Тиймээс үүнийг таслан зогсоох ёстой. Намын нөхөр маань хэрцгийгээр амиа алдсан үйл явдал ч тохиолоо. Журмын нөхрөө бид АН-ын дээд шагналаар шагнаж, ар гэрт нь хоёр өрөө байр олгож байгаа. Бид намын сонгуулийн үеэр улстөржүүлэх байх гээд юм хэлээгүй юм. Одоо харин хэлчихье. Урваагүй, шарваагүй олон мянган гишүүндээ, ухуулагчаар ажилласан хүмүүстээ баярлалаа. Цаашдаа эрх баригч болохын төлөө тууштай явна, ажиллана. Өргүй Монголын төлөө тууштай алхана” гэлээ.