ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Эвслийн Засгийн газрын эхний хувилбар бэлэн болж, ажлын хэсэг байгуулагдсан уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 өдрийн өмнө

Есдэх удаагийн УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламентын гишүүд тангаргаа өргөж, ажилдаа ороогүй ч дагалдах томилгооны асуудал хэдийнэ улс төрийн намуудын дунд яригдаж эхэлжээ. УИХ-ын сонгуулийн санал хураалтын шөнөөс эхлээд л дараагийн Засгийн газарт сайдаар багтах гэсэн улстөрчид Тусгаар тогтнолын ордон руу цуварч, УИХ-ын даргын сунгаанд өөрсдийн нэрийг хавчуулж эхэлсэн.

Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Ж.Энхбаярын нэрийг хэвлэлээр явуулсан бол улирч танхимаа удирдахаар болж буй Л.Оюун-Эрдэний зүгээс ялсан намын даргын зангараг харуулж, өөрийн хүнээ буюу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилох байр суурийг хатуу илэрхийлсэн хэмээн саарал ордонд шуугилдаж байна.

Мөн өөрийн бүрдүүлэх танхимдаа олон намын төлөөллийг багтаах үүднээс ХҮН, АН хоёртой эвслийн Засгийн газар байгуулахаар ярьж, ажлын хэсэг байгуулсан гэдгийг албан бус эх сурвалж дуулгав. Урьдчилсан байдлаар улс төрийн гурван намаас бүрдэх Засгийн газрыг дараах бүтцээр эмхэлж, хэн хэнийг томилох вэ гэсэн эхний хувилбар ч яригдаж эхэлжээ.

Л.Оюун-Эрдэнийн эмхлэх Засгийн газарт багтах магадлалтай улстөрчдийн нэрсийг танилцуулвал, 

-Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ /МАН/

-Шадар сайдаар Л.Гантөмөр /АН/

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Э.Одбаяр /АН/

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам Б.Тулга /МАН буюу Н.Энхбаяр/

-Барилга хот байгуулалтын яам Б.Дэлгэрсайхан /МАН/

-Батлан хамгаалах яам С.Бямбацогт /МАН/

-Боловсрол шинжлэх ухааны яам Б.Пүрэвдорж /АН/

-Гадаад харилцааны яам Б.Батцэцэг /МАН/

-Зам тээврийн хөгжлийн яам /АН-аас тэр дундаа МоАХ буюу Х.Баттулгын фракцид өгнө. Тэгэхдээ А.Гансүх энэ яаманд өөрийн хүнээ томилох яриаг хийж буй/

-Сангийн сайдаар Б.Жавхлан улирах магадлал өндөр ч ХҮН-ын зүгээс Засгийн газарт орж ирвэл энэ яамыг авах саналаа дэвшүүлжээ.

-Соёлын яам Ч.Номин улирч ажиллана /МАН/

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ж.Ганбаатар /МАН/

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Г.Дэнзэн /АХХ талаас буюу АН/

-Хуульзүй, дотоод хэргийн яам Л.Мөнхбаатар /МАН/

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам О.Цогтгэрэл /АН/

-Цахим хөгжил, харилцаа холбооны яам Н.Учрал улирна /МАН/

-Эдийн засаг, хөгжлийн яам Э.Батшугар /МАН буюу Н.Энхбаяр/

-Эрүүл мэндийн яам Ц.Туваан /АН/

-Эрчим хүчний яам Б.Чойжилсүрэн /МАН/ гэсэн хувилбар яригджээ. Гэхдээ энэ зөвхөн эхний таамаг яриа, ажлын хэсгийн дунд яригдах хувилбар бөгөөд цаашдаа өөрчлөлт олон орох магадлал өндөр байгаа юм. Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн хүмүүсээ багтаах шахалтыг Л.Оюун-Эрдэнэд үзүүлэхээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн нарыг хэрхэвч зүгээр үлдээхгүй байхыг МАН эрхэмлэхээс өөр аргагүй болох биз. Мөн АН-ын фракциуд ч зүгээр хараад суухгүй учраас фракци бүр өөрийн төлөөллөө багтаахаар зүтгэх нь тодорхой билээ.